Европын холбоо Мьянмарын хунтын эсрэг хориг тавив

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Брюссельд хийсэн уулзалтын үеэр Мьянмар дахь цэргийн эргэлтэд оролцсон 11 хүний эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжжээ.

Эдгээр 11 хүний арав нь Мьянмарын армийн ерөнхий командлагч Мин Ан Хлаинг, түүний орлогч Со Вин зэрэг цэргийн дээд командлалын төлөөлөгчид гэнэ. Жагсаалтад мөн сонгуулийн комиссын шинэ тэргүүн оржээ. Хориг арга хэмжээний дагуу Европын холбоо руу орохыг нь хориглож, активыг нь царцаах юм.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд Мьянмарын зэвсэгт хүчнийхэн иргэний Засгийн газрыг огцруулж, эрх мэдлийг гартаа авч, иргэний удирдагч нарыг баривчилсан билээ. Цэргийнхэн 2020 оны сонгуулийн үр дүнг луйвардсан гэж үзэж байгаа юм. Эрх мэдлийг авсны дараа хунтын дэглэмийнхэн тус улсад онцгой дэглэм тогтоож, нэг жилийн дараа сонгууль дахин явуулж, ялалт байгуулсан намд эрх мэдлийг шилжүүлнэ гэж мэдэгдсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top