Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 705 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Ослын улмаас 12 хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдрийн 02:00 цагийн орчимд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Толгойтын замд суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохирсон байна. Мөн өдрийн 09:00 цагийн орчимд Төв аймаг Баян-Өнжүүл сумын 1-р баг, “Довын гуанз” гэх газар асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Түүнчлэн амралтын өдрүүдэд алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 179 зөрчил илрүүлсний 148 нийслэлд, 31 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Эдгээр өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож осол гаргасны улмаас долоон хүний эрүүл мэндэд хохирол учруулжээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон байдаг. Тиймээс иргэд, жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )