НДҮЗ-ийн зарим гишүүнийг ЧӨЛӨӨЛӨХ, ТОМИЛОХ асуудлыг хэлэлцэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

УИХ-ын өнөөдрийн (2021.04.02) чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсад "КОВИД-19"-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар эцэслэн баталлаа. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.   

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Энэ зээл их оройтож байгаа юм биш үү. Бид хаа байсан 10, 11 сард вазцинаа аваач ээ гэж хэлж байсан. Үлдэгдэл, хандиваар оруулж ирсэн вакциныг хийж байна аа. Хэн зээл өгнө, хэн хандив өгнө гэсэн газраас л вакциныг авч байна. Бүхэл бүтэн улс орон, Засгийн газар ийм байж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан "Бид өнгөрсөн онд төсвөө баталж байхад вакцин баталгаагүй, үнэ нь ч тодорхойгүй байсан. Вакцинжуулалтын түвшний хувьд Азидаа хоцроогүй, эхний тавд явж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан вакциныг авч, оруулж ирж байна. Өчигдрийн байдлаар 330 мянган иргэнээ дархлаажуулаад байна. Ирэх тав, зургаан сар гэхэд хүн амынхаа 60 хувийг хамруулахаар төлөвлөж ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улс яаж хурдан иргэдээ вакцинжуулах вэ гэдэг дээр төр, иргэн бүгд л санаа зовж байгаа байх. Тиймээс тусламж, хандив байна уу хамаагүй л дээ. Иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Эхний ээлжид Улаанбаатар, дараа нь аймаг, орон нутгийн иргэдээ халдваргүйжүүлнэ. Гэхдээ хилийн боомтуудтай ойрхон байдаг аймаг, орон нутгийн иргэдээ яаралтай вакцинжуулах шаардлагатай байна" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Мэдээллийн урсгал, эрсдлийн үеийн мэдээллийн хангалттай байдал шаардлага хангахгүй байна. Вакцины худалдан авалтыг Монгол Улс шуурхай, хурдан хийж байна. Дэлхий нийтээрээ эрэлт, хэрэгцээ хоёр шаардлага хангахгүй тохиолдол бий. Засгийн газар өдөр шөнөгүй ажиллаж, авч чадаж байгаа нь сайшаалтай. Аль болох олдсон вакцинаа хийх нь зөв. Гэхдээ заавал баталгаажсан байх шаардлагатай. Эхний тунгаа авсан хүн халдвар авна. Дархлаа тогтож байх хугацаандаа маскаа зүүж, халдвар хамгаалалтаа сайн сахих хэрэгтэй байна" гэв. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Бид нэг хэсэг PCR шинжилгээ авна, маш сайн үр дүнтэй гээд л яриад өрх бүрээс шинжилгээ авсан шүү дээ. Маш их ажил болсон. Гэтэл одоо ЭМЯ болон ХӨСҮТ-ийн удирдлагууд PCR шинжилгээ хийх шаардлагагүй, бараг л хийлэхгүй байх нь зөв гэж яриад байна шүү дээ. Энэ асуудал Засгийн газрын түвшин яригдсан юм уу, цаашид PCR шинжилгээ хийхээ больж байгаа юм уу. Өмнө нь өрх бүрээс шинжилгээ авсан ажил чинь үр дүнгүй болж байгаа хэрэг үү. Энэ мэт ойлгомжгүй байдал үүсээд байна. Үүнийг анхаараач ээ гэж хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top