Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.04.07) зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар, мэргэжлийн холбоод, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээдийн төлөөлөл зэрэг 45 оролцогч оролцож, санал бодлоо солилцов.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын шинжээч Д.Цолмон хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Мөн Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын оюуны өмч хамгаалах холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын номын сангуудын консорциум зэрэг салбар байгууллагуудын төлөөлөл хуулийн төсөлтэй холбоотойгоор тус бүр мэдээлэл хийж, хуулийн төсөлд тусгах шаардлагатай зохицуулалтын талаар саналаа хэлсэн юм.
Монгол Улсын Их Хурлаас 1993 онд анх Зохиогчийн эрхийн тухай хуулийг баталсан бөгөөд зохиогчийн эрхийн олон улсын гэрээ, конвенц болон нийгэм, эдийн засгийн харилцааны шинэчлэлтэй уялдуулан 2006 онд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болгон шинэчилсэн байдаг. Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад оюуны бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, хууль бусаар орлого олох явдал эрс нэмэгдэж, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүссэн.
Мөн цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлох шаардлага бий болоод байгаа юм.
Хуулийн төсөлд шинээр компьютер программын зохиогчийн эрхийн заалтыг оруулж программыг өөрөө санаачлан зохиосон, эсхүл албан үүргийн дагуу туурвисан тохиолдолд зохиогчийн эрхийг эдлэх субьектыг хуулиар тодорхойлохоор тусгажээ. Мөн зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааны хувьд гэрэл зураг болон хавсарга уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 25 жилийн хугацаанд, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 50 жилийн хугацаанд, бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл нийтлэгдсэний дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 50 жилийн хугацаанд тус тус хамгаалагдахаар зохицуулалтыг оруулсан байна.
Түүнчлэн одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалт тодорхой бус учраас эрх эзэмшигч, зохиогчид багагүй хохирол учирч байгааг зохицуулж, дүрслэх урлагийн бүтээлийг дахин борлуулалтын үнийн дүнгээс зохиогчид тодорхой хуулийг төлдөг байх зохицуулалтыг нэмж тусгаад байна.
Хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хараагүй, сонсголгүй, харааны эсхүл сонсголын бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан тэдний хүртэж болох хэлбэрт шилжүүлэн хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, нийтэд түгээх болон нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ. Бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах, хууль зөрчигчид тооцох хариуцлага хяналтыг олон улсын жишигт нийцүүлэх зохицуулалт оржээ.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй http://forum.parliament.mn/projects/10983 холбоосоор танилцах боломжтой бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан гаргах саналыг 2021 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийг хүртэл bayarmaab@parliament.mn хаяг, +976-51-263526 дугаарын утсаар хүлээн авах юм байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛ УЛСАД ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БАЙНА ШҮҮ. ТУХАЙЛБАЛ : 20 ЖИЛ БОЛООД ЭРХЭЭ СУНГУУЛЖ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ГЭДЭГ ШАЛТГААНААР ШИНЭ БҮТЭЭЛИЙН ПАТЕНТИЙГ НИЙТИЙН ӨМЧ БОЛГОСОН ОЛОН ЖИШЭЭ БАЙНА.