Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Коронавирусний эсрэг вакцины хоёр дахь тунг хэзээнээс хаана хийж эхлэх вэ?
-Хоёрдугаар сарын 23-нд дархлаажуулалт эхэлсэн. АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүст найман долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийнэ. Энэ нь дөрөвдүгээр сарын 15-наас хоёр дахь тунг тарьж эхлэх бөгөөд дөрөвдүгээр сарын 20-ноос Синофарм үйлдвэрийн вакцин хийлгэсэн хүмүүсийн хоёр дахь тунг тарих юм. Нэг дэх тунг хийлгэсэн газраа хоёр дахь тунгаа хийлгэх нь хамгийн тохиромжтой. Шаардлагатай тохиолдолд буюу хөдөө ажиллаж байгаад хотод ирсэн иргэн мэдээллээ бүртгүүлээд Улаанбаатарт вакцины хоёр дахь тунгаа хийлгэж болох тухайд ярилцаж байна. Үүнээс биш вакцины эхний тунг хаана хийлгэсэн тэндээ хоёр дахь тунг хийлгэх нь хамгийн боломжит хувилбар.
-Жирэмсэн хүмүүст вакцин хийхгүй байгаа. Вакцин хийлгэсний дараа жирэмсэн гэдгээ мэдвэл яах вэ?
-Энэ тал дээр бид судалгаа хийж үзсэн. Жирэмсэн хүмүүст вакцины үр дүнгийн мэдрэг байдлын судалгаа хийгдэж байгаа. Эмнэлзүйн судалгааны үр дүн эцсийн байдлаар танилцуулагдаагүй. Гэхдээ вакцин хийлгэсний дараа нэг хэсэгтээ жирэмслэлтээс хамгаалах аргуудаас хэрэглэх нь зүйтэй. Вакцин хийлгэчихээд жирэмсэн гэдгээ мэдсэн тохиолдолд жирэмслэлтийг шууд тасална гэж зөвлөхгүй. Ерөнхийдөө жирэмсэн, хөхүүл хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд байх юм бол хөхүүл хүмүүст нь вакцин хийлгэхийг зөвлөж байна. Жирэмсний эхний гурван сард ураг бүрэлдэж байдаг учраас аливаа вакцин, эм бэлдмэлийг ер нь зөвлөхгүй.
-Өвдөгний үе солиулсан хүмүүст файзер вакциныг хийх үү?
-Нэгдүгээр эмнэлэг, ХСҮТ-ийн хяналтад байгаа бөөр, элэг зэрэг цул эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүст файзер вакциныг тарьж байгаа юм. Дараагийн шатны вакцины нийлүүлэлт ирвэл өвдөг шилжүүлэн суулгасан болон үе шилжүүлэн суулгасан хүмүүстээ тарилгүй яахав. Одоогоор зөвхөн цул эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүст вакцин хийж байгаа.
-Улсын хэмжээнд уушги орлуулах аппарат хэд байгаа вэ?
-Миний мэдэхийн уушги орлуулах аппарат нэг байгаа гэж сонссон. Нарийн мэдээллийг лавлаад хариу хэлье. Харин улсын хэмжээнд амьсгалын аппарат 900 орчим байгаа.
-Халдварын эрсдэл, нөхцөл байдал ямар байна вэ. Хөл хорио тогтоох тухай саналыг ЭМЯ тавьж байгаа юу?
-ХӨСҮТ нь халдварт өвчний талаарх лавлагааны төв лаборатори гэж явдаг. Тэндээс нөхцөл байдлын талаарх мэдээллийг ЭМЯ, УОК руу тогтмол хэлж, хөл хорио тогтоох саналыг тавьсаар байгаа. Нэг хүн хэдэн хүнд халдвар тараах эрсдэлтэй вэ гээд үзэхээр R утга нь нэгээс бага байж хөл хорио тогтоох тухай ярьдаг. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд хөл хорио тогтоох R утга нь нэгээс аль хэдийн өндөр болсон учраас хөл хорио тогтоох санал, эрсдэлийн байдлыг Засгийн газарт тогтмол хүргэж, мэдээлж байгаа.
-Вакцины эхний тунг хийлгэсэн 700 гаруй хүн халдвар аваад байгаа. Цаашид энэ тоо нэмэгдвэл вакцинжуулалтын үр дүнд нөлөөлөх үү?
-Вакцины хоёр дахь тунг хийлгээд 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно. Энэ хооронд бид аль болох халдварын эрсдэл бүхий газраар явахгүй, халдвартай хүнтэй тааралдахгүй байж дархлаа тогтоох хэрэгтэй байна. Улаанбаатар хотод олон нийтэд халдвар тархсан, нөхцөл байдал хүнд байгаа учир хаанаас ч хэнд ч эрсдэл их байна. Тийм учраас вакцины эхний тунг тариулсан хүмүүс халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Тиймээс халдвараас сэргийлэх тал дээр дор бүрнээ анхаараарай.
-Анхны тунгаа хийлгэсэн хүмүүс хоёр дахь тунгаа өөр вакцинаар сольж хийлгэж болох уу?
-Энэ тухай судалгааг эрдэмтэд хийгээд эхэлсэн ч судалгааны үр дүн олон нийтэд гараагүй байна. Тиймээс бид эхний ээлжинд нэг үйлдвэрийн вакциныг хоёр тунгаар хийлгэхийг зөвлөж байгаа.
-Монгол Улсад дөрвөн төрлийн вакцин хийж байгаа. ДЭМБ аль төрлийн вакциныг нь хүлээн зөвшөөрсөн бэ. Эдгээр дотор хүлээн зөвшөөрөөгүй вакцин байна уу?
-Халдварын нөхцөл байдал өндөр эрсдэлтэй байгаа учраас иргэдээ халдвараас сэргийлэхийн тулд яаралтай дархлаажуулах аяныг өрнүүлж байна. Зуныг халдваргүй угтах зорилттой ажиллаж байгаа. Коронавирусний эсрэг аль ч вакцин вирусний хүндрэл, нас барах эрсдэлээс 90-100 хувь сэргийлнэ. Тийм учраас Монгол Улсад байгаа дархлаажуулалтын хуулийн дагуу Хүний эмийн зөвлөлөөр баталгаажсан вакциныг иргэдэд зөвлөж байгаа. Вакцины чанар, аюулгүй байдалд эргэлзэх шаардлагагүй. Харин вакцинд хамрагдсан хүн сайн дураар ч хамаагүй өөрсдийгөө хөл хорионд байлгаж өөрийгөө хамгаалаад үр дүнг нь үзмээр байна. Эм био бэлдмэл, вакцин болон эмийн бус халдвараас сэргийлэх аргуудаар халдвараас сэргийлдэг. Гэртээ аль болох чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар сайн оруулах, ойр дотны хэн нэгэн болон өөрөө батлагдсан тохиолдол болсон бол сандрахгүй, сэтгэл санаагаа тайван байлгаж, халдварыг давж гараарай. Халдвараар өвчилсөн хүмүүсийн 90 хүртэлх хувь нь хөнгөн өвчилж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ажил амьдрал эргэлдэж байгаа шүү дээ. Төсвийн ажилтан бол ширээгээ тэврээд л суугаад тариулсан газраа тариулж болж байна. Ажил хөдөлмөр хийж буй бүтээн байгуулалт, газар тариалан, засвар үйлчилгээ, худалдаа, замын ажил, тээвэр ложистик хийж буй хүмүүс чинь энэ их уудам нутгаар явж ажлаа амжуулна шүү дээ. Амьдрал ойртуулж шийдвэрээ гаргаж өгч хайрлаач дээ. Нойрноосоо сэрээчээ. Хэн татвар төлж хэн юмыг чинь дөхүүлж байгааг бод л доо.