Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эрүүл мэндийн салбарын ачаалал болон гэрийн тусгаарлалтын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.
-Коронавирусээр өвчилсөн хүнд, маш хүнд хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ийм үед эмнэлгийн ачаалал ямар байгаа вэ?
-Гуравдугаар сарын 8-н буюу сарын өмнөхтэй харьцуулахад хүндэвтэр өвчтөн 5.4 дахин, хүнд өвчтөн 24.6 дахин, нэн хүнд өвчтөн долоо дахин нэмэгдсэн байна. Хөнгөн тохиолдол, хүнд тохиолдлыг эмчлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, ажилтнуудын тоо харьцангуй ялгаатай. Жишээлбэл, хөнгөн тохиолдлын 30 өвчтөнд ажиллах баг хүнд тохиолдлын гурван өвчтөнд ажилладаг. Хүнд өвчтөн нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн нөөц 5-10 дахин хомстох эрсдэлтэй. Судлаачдын зүгээс тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэж үзэж байгаа.
-Улсын хэмжээнд эмнэлгийн орны нөөц ямар байна вэ?
-Улсын хэмжээнд 25600 орчим эмнэлгийн ортой. Эмнэлгийн орны дүүргэлт ердийн үед 70-75 орчим хувьтай байдаг. Энэ нь ковид-19 халдвараас бусад тусламж үйлчилгээний үеийн нөхцөл байдал. Тэгвэл халдвар өдөрт 500, 1000-аар нэмэгдвэл бүх орны нөөцийг коронавирусний халдварын улмаас хэвтэн эмчлүүлэгсэд зориулах боломжгүй шүү дээ. Тиймээс одоо эмнэлгийн болон хүний нөөц хамгийн эрсдэлтэй үе дээрээ явж байна. Коронавирусээс урьдчилан сэргийлж халдвар авахгүй байх боломжтой. Ялангуяа өндөр настан, зүрх судас, бөөрний архаг хууч өвчин, сүрьеэ, амьсгалын замын хүнд өвчин, таргалалт, даралт ихсэх өвчтэй бол илүү эрсдэлтэй. Одоо бол нөхцөл байдалтай уялдуулаад цаг тухай бүрд нь орны төлөвлөлт хийгээд явж байгаа.
-Улсын хэмжээнд 900 орчим хүчилтөрөгчийн аппарат байгаа гэсэн. Энэ тоо хэр хүрэлцээтэй вэ?
-900 орчим хүчилтөрөгчийн аппарат нь эрчимт эмчилгээнд хэрэглэдэг амьсгалын аппарат юм. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч гэж бас байдаг. Нөөцийг нь тодорхой хэмжээнд бүрдүүлсэн. Эдгээр аппаратыг үндсэн тусламж үйлчилгээнд ч хэрэглээд явж байгаа учраас халдварын тархалт хурдацтай нэмэгдсээр байвал нөөц эрсдэлд орно.
-Халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа үед нас баралтыг урьдчилан тооцох боломжтой юу?
-Урьдчилсан таамаглалуудыг гаргаад явж байгаа. Дэлхий дахинд нас баралт 2.2 хувьтай байна. Манай улсад одоогийн байдлаар нас баралт 0.13 хувьтай байгаа хэдий ч хүнд, нэн хүнд өвчтөн хэд дахин нэмэгдсэн учраас нас баралтыг анхаарч үзэх ёстой.
-Халдвар нэмэгдэхийн хэрээр уушги орлуулах аппаратны ачаалал нэмэгдэж байгаа байх. Монгол Улсын хэмжээнд уушги орлуулах аппарат хэд байгаа вэ. Цаашдаа нэмэгдэх үү?
-Одоогоор нэг уушги орлуулах аппарат байгаа. Хоёр аппарат захиалсан. Дөрөвдүгээр сард багтаад ирнэ. Уушги орлуулах аппаратыг нэг хүн ажиллуулж чадахгүй. Техникийн баг ажилладаг. Зөвхөн нэг өвчтнийг энэ аппаратад оруулаад эмчлэх зардал асар өндөр. Нэг өвчтөн аппаратад ороод эмчлэгдэх зардал 35 орчим сая төгрөг байна.
-Халдвар аваад эмнэлэгт очиж амжихгүй нас барах эрсдэл байгаа юу?
-Архаг хууч өвчтэй, эрсдэлт бүлэгт багтаж байгаа бол өөртөө сайн анхаарах ёстой. Халдвар авснаа мэдэхгүй байж байгаад гэрийн орчинд нас барах эрсдэл өндөр.
-Энэ сарын 8-ны байдлаар хэдэн хүн гэрээр эмчлүүлж байгаа вэ?
-2000 орчим хүн гэрээр эмчлүүлж байгаа. Гэрээр эмчлүүлэхэд өвөрмөц эмчилгээ байхгүй. Эмчлүүлэгсэд гарч эм тариа авах боломжгүй нөхцөлд байгаа учраас УОК, ЭМЯ-наас тодорхой хэмжээний эмчилгээний багц гаргаад өгч байгаа. Витамин С, Д, цайрын бэлдмэл хэрэглэх нь хүндрэлээс хамгийн сайн урьдчилан сэргийлнэ. Гэр бүлийн гишүүд ч халдвараас сэргийлэхийн тулд энэ бүхнийг хэрэглээрэй. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст өрхийн эмнэлгээс өдөр тутам хяналт тавьж байгаа. Гэрээр эмчилгээ эхлүүлсэн хүмүүсийн 8.7 хувь нь эмчилгээний явцдаа эмнэлэгт хэвтсэн. Тэдний дийлэнх нь өөрийн хүсэлтээр эмнэлэгт хэвтсэн. Цөөн тохиолдолд хүндрэх шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэг рүү шилжүүлсэн.
-Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийг хэзээ эдгэрсэн гэж үзэх вэ?
-Хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол өвчилснөөс хойш 14 хоногийн дараа бүрэн эдгэрсэнд тооцно. ДЭМБ-аас “10 хоногоос цаашаа халдвар тараах эрсдэл эрс бага, хүний биеэс тодорхой хэмжээнд вирус ялгарах хэдий ч энэ нь бусдад халдвар тараах хэмжээтэй биш” хэмээн үзэж дүгнэсэн байгаа. Гэрээр эмчилгээ хийлгэх үед гэр бүлд хэдэн хүн байсан, тэднээс хэдэн хүн халдварт өртсөн эсэхээс хамаараад гэрийн тусгаарлалтыг цуцлах шийдвэрийг гаргана. Өрхийн эмнэлгүүд нөхцөл байдлыг ажиглаж байгаа. Тиймээс иргэд холбогдох байгууллага, эмнэлгээс өгч байгаа мэдээллийг дагаж хэрэгжүүлэхэд болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
3 saya huntei uls barag 3000 ni avchihlaa. Ali deer 200 garahad hul horih bsiin.
Гэрийн тусгаарлалтын хоногыг яг хэлэх хэрэгтэй бна.119оос тёливизын хэвлэлийн ажилтант10 хоног гэж заасан.гэтэл өрх хорооны цагдаа нар 14 гээд гарахгүй.хорооны ажилтан хороон дарга өрх цагдаа бол байнга ярьна.ямарч хэрэггүй гэртээ бна уу? Гээд л асууж өгнө.сүүлдээ залхаад хэрэлдэж бна.гараагүй гэхээр та гарсан гээд хэрэлдэх юм.туссан хүн болгонд багц өгч бгаа бол 3хүн өвдсөн гэхэд 3багц өгөх хэрэгтэй ш тэ.өрхөд 9 багц ирсэн гэж худлаа хэлнэ.арайл өөр зарчмаар ажилах хэрэгтэй бна.