Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхэд мөрдөх 7 алхам

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

 

Өөрийн гэсэн бизнестэй болоод өрөөлийн үгээр бус, өөрийн бодлоор явахыг мөрөөддөггүй хүн гэж байхгүй байх. "Михайлд нэг бодол бий" гэдэг шиг бизнесийн санаа төрж, мөнгөө чадах ядахаараа  хурааж байгаад хөдөлж эхлээд удалгүй байтал хамаг юм бүтэлгүйтээд нурсан хүн олон. Тэгвэл энэ долоон алхмыг хийснээр амжилтанд хүрэх "цөм" биш юм гэхэд мэдэгдэхүйц мэдрэгдэнэ. Ямар ч байсан босгон дээрээ бүдрэхгүй. Туршаад нэг үз. 

1.Амжилтанд хүрэх төлөвлөгөө бич

Ингэж бичихийн зорилго: Та зорилгодоо яаж хүрэхээ бүрэн дүүрэн ойлгож авахын тулд юунд хүрэх гээд байгаагаа яг таг мэддэг байх ёстой.

Бичихдээ хэрэглэх арга: Үнэхээр бодож, төлөвлөсөн зүйл чинь бодит зүйл болох юм бол бизнес чинь 5-10 жилийн дараа төгс хэлбэрээрээ ямаршуу болох ёстойг төсөөл.

Зайлсхийх зүйлс: Уламжлалт бизнес төлөвлөө бичих хэрэггүй. Уламжлалт бизнес төлөвлөгөө нь хувиран өөрчлөгдөж, дасан зохицох эрч, чадвар байдаггүй болохоор бизнесээ бодитоор эхлүүлснээс хэдэн долоо хоногийн дараа хэнд ч хэрэггүй цаас болон хувирдаг.

 

2. Дүн шинжилгээ хий

Дүн шинжилгээ хийхийн зорилго: Сулавтар, эсвэл тод нарийн зохион байгуулалтгүй өрсөлдөөнтэй бизнесийн салбарыг, газрыг олж авах.

Дүн шинжилгээ хийхдээ ашиглах арга: Сонгон авсан салбар, хэсэгт чинь таван жилийн дараа жилдээ хамгийн багадаа 12 мянган долларын орлоготой ажиллаад эхлэхэд шууд өрсөлдөж эхлэх 5-аас цөөнгүй өрсөлдөгч бодитоор байгаа эсэхийг тодруулна.

Зайлсхийх зүйл: Бүгдийг нэг дор зарах, бүгдийг хамрах гэхээс зайлсхий. Үүний оронд зөвхөн ганц зүйл санал болгоод өөрийн сонгосон салбартаа ноёлох нь хамаагүй ашигтай.

 

3.  Бизнесээ эхлүүлэхийн өмнө туршилт явуул 

Туршилт  явуулахын зорилго: Сонгож авсан салбарын чинь худалдан авагчид танаас бараа, үйлчилгээ худалдан авахыг бэлэн эсэхийг шалгаж, магадлах. Туршилт явуулахдаа ашиглах арга:  Өөрийн үйлчилгээ, эсвэл барааны хялбаршуулсан хувилбар, загварыг гаргах.

Зайлсхийх зүйл: Нөөц, сурталчилгаа, дагалдах зардалд хэт их хөрөнгө чиглүүлэхээс зайлсхий. Зөвхөн туршилт гэдгийг мартаж болохгүй.

 

4. Улирлын төлөвлөгөө бич              

Улирлын төлөвлөгөө бичихийн зорилго: Бизнесийнхээ хамгийн ойрын

зорилгуудад  хүрэх, богино хугацаанд мэдэгдэхүйц амжилтанд хүрч, анхаарлаа зөвхөн хэрэгтэй гэсэн зүйл дээрээ төвлөрүүлэх.

Улирлын төлөвлөгөө бичихдээ хэрэглэх арга: Анхлан бичсэн амжилтанд хүрэх төлөвлөгөөний чиглэлд явахдаа 90 хоногийн хугацаатайгаар ажлаа төлөвлөх. 90 хоног тутамд төлөвлөгөөндөө тусгасан зорилгууддаа хүрсэн эсэхээ шалгах.

Зайлсхийх зүйлс: Урт хугацаанд төлөвлөхөөс зайлсхийх хэрэгтэй. Урт хугацааны төлөвлөгөө дэндүү олон хувьсагчтай байдаг. Өөрөөр хэлбэл, урьдчилан таагаагүй, төлөвлөгдөөгүй зүйл олон гарч ирнэ. Улмаар төлөвлөсөн ажлыг чинь нураах гэнэтийн юм ч олон байна. Тэгэхээр урт хугацааны төлөвлөгөө бичиж байснаас анхлан бичсэн үр дүн буюу амжилтанд  бичих төлөвлөгөөгөө санаад улирлын төлөвлөгөөний ойрын зорилтууд дээр анхаарсан нь хамаагүй ашигтай, үр дүнтэй.

 

5.Компаниа байгуул.

Зорилго: Хууль зүйн этгээдээр бүртгүүлэх, анхны дэд бүтцээ бий болгох, байнга давтагддаг стандарт бизнес үйлдлүүдийг нэвтрүүлэх.

Хэрэглэх арга: Гол анхаарал хамгийн бага зардал гаргах дээр төвлөрөх ёстой.

Зайлсхийх  зүйлс: Мэргэжлийн түвшний дийлэнх үйлчилгээ нь өндөр үнэтэй, онцын шаардлагагүй байдаг болохоор авахаас зайлсхийх. Анхны шатны үеийн бараг бүх хэрэгцээ, шаардлагыг бизнес эрхлэгч хүн өөрөө хангачихаж чаддаг гэдгийг санах.

 

6.Бараа, эсвэл үйлчилгээгээ зах зээлд гарга

Зорилго: Өөрийн сонгон авсан салбарын хэрэглэгчид  өөрийн бараа, үйлчилгээний талаар бүрэн дүүрэн санал тавих.

Хэрэглэх арга: Зардлаа борлуулалттайгаа холбож өгөхийг хичээх хэрэгтэй. Жишээлэхэд, эхний хэсэг барааг борлуулсны дараа дахин үйлдвэрлэж эхлэх гэх мэт.

Зайлсхийх зүйлс: Том нөөц хийх, эсвэл дагалдах зардал хэт их гаргахаас зайлсхийх. Хэт их нөөц нь мөнгө түгждэг, дагалдах зардал их байх нь ямар ч үр ашиггүй, шатахад хүргэнэ.

 

7.Уян хатан байж, салхины өөрчлөлтийг тухай бүрт мэдэрч бай

Зорилго: Гэнэтийн бэрхшээл, зах зээлийн өөрчлөлтөд тохирсон тохиргоог цаг тухайд нь оруулж, хийж байх.

Хэрэглэх арга: Компани бол салхиар хөдөлдөг далбаат завь л гэсэн үг. Салхины чиг өөрчлөгдөхийг нэн даруй мэдэрч ойрын хугацаанд 90, эсвэл бизнесийн онцлогоос болоод 60 хоногийн төлөвлөгөөг гаргаж байх.

Зайлсхийх зүйлс: Ямар ч ашиг өгөхгүй байгаа, үр өгөөжгүй байгаа зүйлтэй зууралдахаас зайлсхийх хэрэгтэй. Орчин үеийн компаниуд цаг алдалгүй өөрчлөлт, тохиргоо хийж чаддаг байх ёстой. Ашиг өгөхгүй зүйлийг шууд орхиод ашиг өгч байгаа зүйлд анхаарч байх хэрэгтэй.

Эх сурвалж: Тэргүүн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top