Танин мэдэхүй: Ургамал хөгжимд ”сэтгэлтэй”

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

 Монгол  ардын "Цоохор морь" гэж сайхан дууг ард түмэн андахгүй. Тэр дунд:

Шар лянхуа цэцэг нь

Салхиа үзээд сэргэнэ

Бор лянхуа цэцэг нь

Бороогоо үзээд сэргэнэ гэж гардаг. Яагаад ч юм дараах сэдвийг бичихдээ ардын дууны энэ дөрвөн мөрийг санахын ялдамд,

Хөх лянхуа цэцэг нь

Хөгжмөө сонсоод сэргэнэ хэмээн бага зэрэг хошигномоор санагдав.

Үнэхээр ч цэцэг ногоо хөгжим "сонсоод"өөрчлөгддөг, бүр өсөлт нь  хурдасдаг болохыг эрдэмтэд судалгаанууд нотолсоор иржээ. Ийнхүү энэ удаа ургамал гэж ертөнц хөгжмөнд "сэтгэлтэй" болдог тухай сонин баримтанд түшиглэн өгүүлсү.


Усанд ургадаг элодей хэмээх ургамалд өглөө бүр 25 минут хөгжим сонсгожээ. Өсгөгчөөр навчных нь сийвэнг ажиглахад тэдний хөдөлгөөн хурдсаж, хөгжим зогссоны дараа нэлээд хугацаа өнгөрөхөд хуучин байдалдаа оржээ. Чийрс модонд мөн л концерт тоглож өгсөн хөгжим сонсоогүй нөгөө модноосоо бүтэн хагас дахин өндөр болж байжээ. Тэр бүү хэл, навч нь өтгөрсөн байна. Харин ургамал нь хөнгөн хөгжмийг нэг их таашаадаггүй,  сонгодог хөгжимд илүү дуртай нь ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, сонгодог аялгуу сонссон ургамал илүү хурдан ургаж байв. Тэгэхлээр одооны рок хөгжим, нөгөөх хип хоп аялгууг ургамал навч хүлээж авахгүй нь тодорхой болж байна. Үүнээс нэг зүйл ойлгогдож байх янзтай. Хашгичиж чарласан, үглэн орилсон хөгжим болоод дуу нь ургамлын өсөлтөнд магадгүй муугаар нөлөөлдөг ч байж мэдэх юм. Дашрамд өгүүлэхэд, нялх хүүхдийнхээ хажууд иймэрхүү зэрэмдэг ая тавиад байвал ямар оюун сэтгэхүйтэй, мэдрэхүйтэй хүн болж өсөхийг таахад хэцүү биш. Ер нь дөлгөөн тайван, сайхан сэтгэл санаатай хүн болно гэвэл лав бүтэхгүй биз ээ. Амьтны ертөнц, ургамлын аймагтай диапектик нэгдэлтэйг харуулсан олон организм байдаг аж. Амьтан ургамлын аймаг нь эрт галвын үед нэг гаралтай байсан нь тодорхой болжээ. Тэдний төрөлх шинжинд ерөөс амьд зүйлийн нэгдмэл шинж байдаг болой. Өөрөөр хэлбэл, амьтны ертөнцөөс тасран салж төрхөө олсон хүн гэгч өөрийн ген, сэтгэл зүй, физиологидоо дөрвөн хөлт өвөг дээдсийнхээ шинжээс нэлээдийг хадгалан байдагтай ижил юм. Амьтны адилаар гадаад өдөөгчид ургамал нь хариу үзүүлж чаддаг уу? Гоё бөгөөд сонирхолтой энэ асуултанд Энэтхэгийн эрдэмтэд бас анх удаа хариу өгчээ. Ургамал гадаад үйлдлүүдийн оронд нь хариу үйлдэл үзүүлдэг гэсэн дүгнэлтийг хэд хэдэн туршилт дээрээ үндэслэн өгсөн байна. Оросын эрдэмтэн И.И.Гунар гэгч эл ажлыг үргэлжлүүлсэн байх юм. Шош, сагаг, буурцаг зэрэг нь ховор содон сонин ургамал биш, тун энгийн нь ойлгомжтой. Эрдэмтэн маань эдгээр ургамал  дээр туршлага явуулжээ. Дээрх ургамлуудад халаасан бие ойртуулахад юмуу, химийн өдөөгчөөр үйлчлэхтэй зэрэг цахилгаан импульсын хэлбэрээр хариу дохио өгч, тэр нь тусгай мэдрэмтгий багаж дээр тэмдэглэсэн байна. Сонирхолтой нь хариу үйлдлийн хурд нь амьтны мэдрэлийн системийнхтэй тохирч, секундэд дөрвөн метр хүрч байв. 10 жилийн дараа В.Горчаков  гэдэг эрдэмтэн хулууг туршилтын туулай болгожээ. Хулууны ишнээс  гүйдэл дамжуудаг хэсгийг аваад түүнд бичил язгуур махбод залгаж, дараа нь янз бүрийн аргаар ургамлын үндсийг цочроожээ. Үндсийг нь огтдохтой зэрэг нөгөөх тусгай багажин дээр нь гэрэл гялсхийсэн байна. Энэ нь хурц зүйлд хүрсэн хүн шиг ургамал тийнхүү цочин сандарч буй хэрэг юм. Ургамал мэдрэхүйтэй байдгийг энэ мэтээр олон эрдэмтэд судалж нээжээ. Энэ бүгд нь амьтны эрхтнүүд гадны цочролыг янз бүрээр хүлээн авдгийг санагдуулдаг ажгуу. Ийнхүү ургамлын ертөнц нууцаа дэлгэж ургамал гэгч ертөнц, амьтнаас, биднээс нэг их ялгаатай юм гэж үү? Ногоон анд нөхрөө хайрлах л үлдэх шив дээ, хүмүүс минь.


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top