Эхэнд хэлэх үгс: ИТГЭЛ, НАЙДВАР
Ковид-19 улс орнуудын өмнө СОРИЛТ хэвээр байгаа ч жил гаруйн өмнөхтэй харьцуулахад дэлхий нийт цар тахлын дараа ШИНЭ ЭХЛЭЛ болсон олон боломжууд бий болно гэдэгт харьцангуй итгэл, найдвартай, төсөөлөл, хүлээлттэй болсныг тодотгоё.
Энэ бол амаргүй тахлын үеийг амжилттай даван туулахад өнөөгийн дэлхий ертөнцийг хөтлөх, төсөөлөхийн аргагүй их хүч юм. Түүхийг эргэн харахад, олон олон нийгэм, эдийн засгуудын оршин тогтнож, өсөж, тэлсний суурь шалтгаан нь илүү сайхан, илүү өгөөжтэй маргаашийг төсөөлөн, итгэсэн алхмуудыг хийж чадсанд оршдог ажээ.
Юваль Ной Харари “САПИЕНС:ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТОВЧ ТҮҮХ” номондоо мөнгө, төгрөгийг үйлдвэрлэдэг үндсэн түүхий эд нь ИТГЭЛ, ИТГЭЛЦЭЛ болох тухай, эдийн засаг, банк хоёрт бүхэлдээ оршин тогтнож, цэцэглэн хөгжих боломж олгож байгаа зүйл бол бидний ирээдүйдээ итгэх итгэл байсаар ирснийг, тэрхүү итгэл л дэлхий дээр байгаа бараг бүх мөнгөнд баталгаа гаргаж ирсэн тухай бичсэн байдаг.
Үүнийг энд эшлэн тодотгохын учир нь модерн буюу орчин үеийн эдийн засгийн өсөлт, хөгжил, дэвшлийн үзүүлэлтийг тооцоолон, илэрхийлэгч их хүч та бидний итгэлийн үр дүнд бүтээгддэг юм бол эрсдэл, сорилт болсон энэ цар тахлыг ч итгэлцлээр суурь хийсэн хамтын хүчин зүтгэлээр л даван туулна гэсэн санааг тодотгох гэснийх юм.
Магадгүй, энэ цаг мөчид, энэ хоромд цар тахлын сүүдэр нь их байгаа ч аливаа хямрал, сорилтыг дагаад эдийн засагт шинэ боломжууд бий болдог зүй тогтол биеллээ олсоор буйг та бид харж байна. Цар тахлын үед технологийн компаниудын тэлэлт ямар хурдацтай явагдаж байгаа билээ. “Амазон”-ыг аваад үзэхэд эдийн засаг дахь нөлөөлөл нь улам бүр тэлж, зах зээлийн үнэлгээ нь 1.5 их наяд ам.долларт хүрээд байна.Технологийн бусад компаниудын үнэлгээ ч нэмэгдсээр байгаа. Тэгвэл биржийн самбар дээр ногооноор тэмдэглэгдэх тэдгээр өсөлт, хөдөлгөөн бүрийг даган эдийн засагт оролцогчдын итгэл нэмэгдэж байдгийг сануулъя. Эндээс бид бүхэн ИТГЭЛ-ӨСӨЛТ-ИТГЭЛ гэсэн энгийн мэт боловч баялгийг зогсолтгүй бүтээгч томъёоллыг ойлгож, харж болох юм.
Өнгөрсөн хугацаанд ковидтой тэмцэхдээ ямар сургамж олж авав, ковидын дараах ертөнцийг хэрхэн төсөөлж байна вэ гэдэг асуултад улс орнууд, эдийн засгууд өөр өөрсдийн онцлогоос шалтгаалсан хариултуудыг өгөх байх. Эрдэмтэн, судлаачид, шинжээчид ч өөр өөрийн олж харсан өнцөг бүхий сонирхолтой хариултуудыг өгч буй. Мэдээж тэр бүх хариулт эцсийн дүндээ тахлын дараах тогтвортой өсөлтийг эрэлхийлж буйд эргэлзэхгүй байна.
Тэгвэл үүнийг бичигч би вээр ковидын дараах урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь болох тогтолцооны асуудалд анхаарал хандуулахыг эрмэлзлээ.
Төр, Хувийн хэвшил, Иргэний ЗОХИСТ ТҮНШЛЭЛ
Зах зээл дэх төрийн оролцооны талаар эдийн засагчид онолуудын дагуу маргадаг. Манай хувийн хэвшлийнхний зүгээс өнгөрсөн хорь гаруй жилд илэрхийлж ирсэн нийтлэг байр суурийг харвал, төрийн оролцоо бага байх тусмаа том дэмжлэг болно гэдэг. Тэгвэл ковидын үед дэлхийн бусад улс орнуудад ч, манай Монголд ч нийгмийн бүх шатан дахь төрийн оролцоо нэмэгдлээ. Үнэндээ цар тахлын шуурганд хүчтэй өртөж буй хувийн хэвшлүүд, иргэдийн хувьд төр засгаас ХАРИУЦЛАГАТАЙ МАНЛАЙЛАЛ-ыг хүлээсэн дүр зураг өнгөрсөн жил гаруйн хугацаанд дэлхийд ноёлсны сацуу төрд итгэх иргэдийн итгэл өссөн үзүүлэлтүүд ч судалгаанаас харагдаж байна.
Тодруулбал, Монгол Улсын тухайд эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг болох “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн судалгааны сүүлийн дүнгээс харахад “Та, Төрд, Засгийн газарт итгэдэг үү” гэсэн асуултад “Тийм” гэсэн хариулт өгсөн иргэдийн тоо өмнөх судалгааны дүнгээс хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Ер нь бол нийгэм, эдийн засгийн бүхий л шийдвэрүүд улс төрийн түвшинд гардаг гэдгийг энэ удаагийн цар тахал иргэдэд илүү тодоор сануулан, мэдрүүллээ.
Нөгөө талаас дэлхийн улс орнуудыг хамарсан, нийгмийг айдаст автуулсан, халдварт өвчний эсрэг тэмцэлд төр манлайлан оролцохоос өөр гарц өнөөгийн дэлхий дахинд алга байна. Тиймээс төр оролцоно. Гэхдээ төр оролцохдоо диктатур байх боломжоо ашиглаж буйг, тэр хандлага, барил нь ковидын дараа ч олонх нийгмүүдэд илүү урт хугацааны сүүдэр тусгах вий. Иргэд тахлын үеийн айдас хүйдсээсээ давж сэтгэлгүй, хяналтаа алдаж, ковидын дараах ардчиллын дутмагшилд орох вий гэсэн агуулга бүхий байр суурийг зарим эрдэмтэн, судлаачид энэ цаг үед анхааруулж байна. Иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэх нь сайн хэрэг боловч төр тэрхүү итгэлийг хэрхэн хариулах вэ гэдэгт асуудлын гол байна.
Энэ бол Монгол Улсад ч хамаатай бөгөөд анзаарч харах ёстой агуулга юм. Азийн хөгжлийн банкнаас эрхлэн гаргасан “Монгол Улсын Эдийн Засгийн Хэтийн Төлөв: Хоёр том гүрний дунд орших арвин баялаг бүхий эх газрын орон” гарчигтай цогц дүн шинжилгээний тайлангаас энд эшлэе.
Тус тайланд “...Хүн амын бичиг үсэг тайлагдалтын хувь өндөр, хүйсийн тэнцвэртэй байдал сайн, гадаадад зорчих эрх нээлттэй, амьжиргааны түвшин сайжирсан гэх зэргээр давуу талууд бий хэдий ч ардчилсан эрх, эрх чөлөөг дагалдах институцийн чанараа сайжруулах шаардлага хэвээр байна. Хэдийгээр иргэдийн дуу хоолой, хариуцлагын механизм нь чухал ч институцийн чанар төдийлөн сайжраагүй нь асуудал дагуулсаар байна... Засаг өөрчлөгдөхөд төрийн албан хаагчдын халаа сэлгээ ч ихээр хийгддэг. Засгийн газарт тавих хараат бус хяналт (сонгуулийн саналыг эс тооцвол) сул бөгөөд өндөр хариуцлагатай эрх мэдлийг хэрэгжүүлэх авлигатай тэмцэх газар тус улсад дутагдаж байна” гэсэн байгаа юм.
Тэгвэл Дэлхийн банкнаас гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан” тайланд мөн институци, сайн засаглалыг онцолжээ. Тодруулбал, Монголын эдийн засгийн одоогийн өнгө төрх, хөгжлийг уул уурхай тодорхойлж байгаа ч ирээдүйд хүн, институци, сайн засаглал үүнийг тодорхойлох ёстойг тодотгожээ.
Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Институцийн хувьд сайн засаглал гэж ярихаар хуулийн хэрэгжилт сайн байх, авлигаа бууруулах хэрэгтэй. УИХ болон бусад байгууллагууд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр дорвитой реформууд хийх шаардлагатай. Энэ дотор авлигын асуудал яригдана. Ахиц гарч байгаа ч хангалтгүй байна. Төсвийн институциудыг сайжруулмаар байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, судлаачидтай хамтран хийсэн "Монголын Бизнесийн Орчин-2020" судалгаанд оролцсон 4075 аж ахуйн нэгжийн 50-иас илүү хувь нь бизнес эрхлэхэд яамд, газрын албаны авлига хээл хахуулийн асуудал бэрхшээл учруулдаг, төрийн байгууллагын хүнд суртал асуудал болдог гэж хариулсан байсан.
Тодруулбал, судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 31.3-52.4% нь төрийн байгууллагаас учруулж буй саад бэрхшээлүүд болох Авлига, хээл хахууль, Хүнд суртал, Мэргэжилтний харилцаа, ёс зүй, Нэгж, алба хоорондын уялдаа холбоо муу зэрэг үзүүлэлтүүдэд МУУ гэсэн үнэлгээ өгсөн байна.
Тухайлбал, Газрын алба, Яамд, Мэргэжлийн хяналтын байгууллага, Гаалийн байгууллага, Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд бизнес эрхлэгчдэд хамгийн их хүндрэл учруулдаг. Эдгээр байгууллагуудад авлига, хээл хахууль ихтэй гэж судалгаанд оролцогсдын 42.8-52.4% хариулсан бол, хүнд суртал ихтэй гэж 42.2-52.1% нь, мэргэжилтний харилцаа, ёс зүй муу хэмээн 30.3-39.5% нь, нэгж, алба хоорондын уялдаа холбоо муу гэж 31.8-39.1% нь тус тус хариулжээ.
Эдгээр байр сууриуд, мэдээллүүдийг тодотгохын учир нь хувийн хэвшилдээ, иргэндээ ээлтэй сайн институциудыг бий болгож чадаагүй, ужиг асуудалтай Монгол Улс ковидын сөрөг нөлөөлөлтэй зэрэгцэн, энэ чиглэлд хийж, хэрэгжүүлэх байсан алхмуудаа улам хойшоо тавих вий гэсэн болгоомжлол үүсэж байна.
Ковидын үеийн төрийн оролцооны нөгөө талд Төр, Хувийн хэвшил, Иргэний зохистой түншлэл улам бүр алдагдах, төрийн хүнд суртал илүү нэмэгдэх эрсдэл байгааг өнөөдрийн нөхцөл байдал харуулж буй тул хаа хаанаа үүнээс сургамж авах, ёс зүйтэй, хариуцлагатай, хяналттай байх нь эрсдэлийг бууруулж, эерэг өөрчлөлт дагуулах болов уу.
Төгсгөлийн үгс: ЗӨВ ГАРЦ
Дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдлын энэ удаагийн суурь шалтгаан нь танигдаагүй цар тахал байсан учраас шинжлэх ухааны салбар эхэн үедээ барьц алдсан нь глобаль эдийн засагт эхлээд шок үүсгэсэн гэхэд болох байх. Өнөөдрийн тухайд ковидын мутацид орсон хувилбарууд ар араасаа гарч байгаа талаар мэдээлэгдэж буй ч вирус судлалын салбарт ч ахиц дэвшил гарсаар буйг илтгэсэн эерэг мэдээллүүд бас байна.
Сүүлийн 100 жилд дэлхийн эдийн засаг олон хямралтай тулж, даван гарсныг тоо, баримт харуулдаг. Хямрал болгоныг даван туулж чадсаныг илтгэх, бидний хамгийн сайн мэдэх учиртай баримт бол өнөөдрийн хүчирхэг эдийн засаг өөрөө юм.
Хямралаар зарим салбар алга болж, шинэ салбарууд өсөлт дагуулсаар ирдэг нь зүй тогтол аж. Ковидын улмаас үүдсэн хямралын энэ үед дэлхий нийт эрсдэлийг сөрж буй мэт боловч өөр өнцгөөс харвал жам ёсны циклийг даган, эдийн засагт ээлжит хувьслууд явагдаж эрэмбээ өөрчилж байна гэж харж болохоор. Дээр дурдсан технологийн компаниудын сэдэвтэй холбоотойгоор нэмж хэлэхэд, энэ бол аль нэг компанийн цаг зуурын өсөлтийн тухай агуулга биш юм. Харин дэлхийг бүрэн хамарсан дижитал шилжилтийн хурдац нэмэгдэж буй тухай, глобаль эдийн засгийн бүтцэд технологи цаашид улам хүчтэйгээр ноёрхох тухай том сэдэв болов уу.
Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 13-хан тэрбум ам.доллароор хэмжигдэх, уул уурхайгаас хэт хамаарсан Монгол Улс өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд ярьж буй эдийн засгийн төрөлжилтийн тухай сэдвээ ковидын дараах дэлхийн эдийн засгийн өөрчлөлттэй хэрхэн яаж уялдуулах вэ, бүтцийн хувьд өвчилсөн эдийн засгаа эрүүл болгохын тулд дунд болон урт хугацаанд бид юу хийх вэ гэдэгтээ онцгой анхаарах зайлшгүй шаардлага бий.
ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын зүгээс эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн зөвлөмж, хувилбаруудыг байнга санал болгодог. Бүтцийн өөрчлөлт гэдэг нь нэг төмөр зам тавьснаар шийдэгдэхгүй, хууль, дүрэм журмын үйлчлэл нь тэгш, засаглал нь эрүүл, институциудын хөгжил нь сайн байх зэрэгтэй холбоотой юм. Хувийн хэвшилдээ, иргэндээ хүрч, үйлчлэх ёстой төрийн институциудын авлига, хүнд суртал хэдийчинээ буурна, нийгэм, эдийн засагт гарах эерэг өөрчлөлтүүд төдийчинээ нэмэгддэг зүй тогтлоос бид зөрж явах боломж үгүй билээ.
Сэтгэгдэл ( 0 )