КОВИД ТОЙМ | Нас барсан 86 иргэний ар гэрт ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 25

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1264 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын 1127 нь Улаанбаатар хотоос, 137 нь орон нутагт бүртгэгдлээ. Улсын хэмжээнд халдвар авсан нийт тохиолдлын тоо 30.483 боллоо. Халдвар авсан иргэдийн 50 хувь буюу 15.403 нь эдгэрээд байна.

Коронавирусний халдварын нэн хүнд хэлбэрийн улмаас сүүлийн 24 цагт дөрвөн иргэн амиа алдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. /2021.04.25/

 

  • 70 настай эмэгтэй
  • 66 настай эрэгтэй
  • 68 настай эмэгтэй
  • 57 настай эмэгтэй нас баржээ.

Уг вирусний өвчлөлийн улмаас нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд ЭМЯ-наас гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдлээ. Монгол Улсын хэмжээнд ковидоор амиа алдсан иргэдийн тоо 86 болж байна.

Нас баралтын тоог дэлхийн дундажтай харьцуулахад Монгол Улс харьцангуй бага байгаа гэдгийг эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид хэлж байна гэж ЭМЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Долоо хоногийн хугацаанд батлагдсан тохиолдлуудын тоог өдөр өдрөөр танилцуулъя. Улсын хэмжээнд пүрэв гарагт хамгийн олон буюу 1328 тохиолдол батлагдсан бол даваа гарагт 889 тохиолдол илэрсэн нь энэ долоо хоногийн тухайд хамгийн цөөн байлаа.

Сүүлийн долоо  хоногт орон нутагт батлагдсан тохиолдлуудын мэдээллийг авч үзвэл пүрэв гарагт буюу 22-ны өдөр хамгийн цөөн 80 тохиолдол батлагдсан бол баасан гарагт буюу 23-ны өдөр 160 тохиолдол батлагдсан нь хамгийн их тоо боллоо.

 

ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЛИЙГ АВЧ ҮЗВЭЛ:

 

  • 2562 иргэний биеийн байдал ХӨНГӨН
  • 1456 иргэний биеийн байдал ХҮНДЭВТЭР
  • 359   иргэний биеийн байдал ХҮНД
  • 81    иргэний биеийн байдал МАШ ХҮНД

 

Өвчилсөн иргэдийг эмнэлгийн хяналтад болон гэрээр тусгаарлан эмчилж буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагын хяналтад 12.611 иргэн байгаагаас 4457 нь эмнэлэгт, 8154 иргэн нь гэртээ байна.

Харин халдвар илэрсэн 2374 иргэнийг гэрийн хяналтад үлдээх үү, эмнэлэгт хэвтүүлэн, тусгаарлаж эмчлэх үү гэдгийг шийдвэрлэхээр  Хариу арга хэмжээний багийнхан ажиллаж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.


Тодотгоход, коронавируст цар тахлын тархалт болон нас баралт огцом нэмэгдсэн учраас Засгийн газар ЭМЯ, УОК-ийн санал, дүгнэлтийг үндэслэн хатуу хөл хориог 14 хоногоор сунган, тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн ковидын эсрэг дархлаажуулалт үргэлжилж байгаа билээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хориог сунгах болсон үндэслэл, шалтгааны талаар тодотгон мэдээлэхдээ  "Хөл хориотой үед тархалтын эрчим буурах ёстой гэж үзсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тархалт эрчтэй нэмэгдэж, халдвар авсан хүмүүс хүндэрч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж, биеийн байдал нь хүндэрсэн иргэдэд шаардагдах хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байна. Нас баралт огцом нэмэгдэж байна. Өмнө нь 65-аас дээш насны иргэдийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн үед идэр залуу насны хүмүүс хүндэрч, богино хугацаанд эрчимт рүү шилжих байдал эрс нэмэгдсэн. Тиймээс хатуу хөл хориог сунгах санал оруулсан. Халдварын тархалт эрчтэй  байхад вакцинжуулалтын үр дүн буурна. Тиймээс хөл хорио тогтоож байж вакцинжуулалт хийх нь үр дүнгээ өгнө гэж үзсэн" гэсэн юм.

Top