Ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар ангийн сурагчид энэ сарын 7-нд хичээллээд амарсан бол 4-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 14-ний баасан гарагт хичээллээд амрахаар болсон. Тэгвэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн үйл ажиллагааны талаар ХНХЯ-ны Газрын дарга А.Халиунаас тодрууллаа.
-Цар тахлын улмаас хичээл сургуулийн үйл ажиллагаа цахимд шилжээд бараг хоёр жил боллоо. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг наашлуулж, 2021-2022 оны хичээлийг наймдугаар сарын 15-наас эхлүүлэхийг мэдээлсэн. Энэ тухайд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн хувьд ямар бодлогоор хандах вэ?
-Ерөнхий боловсролын сургууль наймдугаар сарын 15-нд хичээлээ эхэлнэ гэвэл тухайн шийдвэрийг бид дагана. Яагаад гэвэл манай салбарт ахлах ангийн боловсролыг, мэргэжлийн сургалттай хослуулсан 2.5 жилийн хөтөлбөрийг нийт суралцагчийн 55 хувь нь авдаг. Ахлах ангийн боловсролын хөтөлбөр нь Бага, дундын боловсролын тухай хуулиараа зохицуулагддаг. Тиймээс хуулийн дагуу, мөн тухайн үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалж бид ч гэсэн ЕБС-тай адилхан хугацаанд 2021-2022 оны хичээлийг эхлүүлнэ. 2.5 жилийн хөтөлбөрөөс бусад сургалтын эхлэх, дуусах хугацаа тодорхой, уян хатан байдаг. Хэсэгчилж аль нэг сургалт нь түрүүнд эхэлнэ гэсэн юм байхгүй.
-Танай салбарт цахим хичээлүүд яаж орж байна вэ?
-Энэ хичээлийн жилд цахимаар хичээл орж байна. Ажлын байранд захиалгатай суралцагчид нөхцөл байдлаас шалтгаалж ажилдаа гарч байгаа. Төгсөх ангийнхан хэвийн төгсөнө. Анги дэвшиж орж байгаа суралцагчдаас ур чадварын шалгалтыг намар дахиж аваад, хичээлийн хоцрогдолгүй байлгах үүднээс давталт хичээлүүдийг төлөвлөгөөний дагуу орно.
-Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд дадлагын хичээл түлхүү ордог онцлогтой. Ур чадвар, практикийн хичээлийг хөл хорионы үед яаж оруулдаг вэ?
-Цахим хэлбэрээр ур чадварыг 100 хувь олгоход хэцүү. Гэхдээ бусад орны хувьд ч адилхан нөхцөлд байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргээс бусад үед багш нар сургууль дээрээ очоод багаж, тоног төхөөрөмж ашиглан хичээлээ явуулж, видео хэлбэрт оруулаад хүргэж байгаа. Зөвхөн цаасан дээр хичээл заахгүй ур чадварын практик хичээлүүд ордог учраас ур чадвар олголт харьцангуй гайгүй. Дадлагын хувьд намар хийдэг.
-Энэ хичээлийн жилд хэдэн МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Үүнээс хэдэн суралцагч төгсөх вэ?
-Улсын хэмжээнд 75 мэргэжил сургалтын төв, политехник коллеж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 40165 суралцагчтай. Энэ хичээлийн жилд 20 мянга орчим суралцагч төгсөнө.
-Суралцагчид сар бүр олгодог тэтгэлгээ хэвийн авч байна уу?
-Суралцагчдын тэтгэлэг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 100 мянган төгрөг болж нэмэгдэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 200 мянган төгрөгийн тэтгэлгийг 75 хувиас дээш ирцтэй 45 хүртэлх насны өдрийн ангийн суралцагчдад олгож байгаа. Цар тахлын үед ч хэвийн олгож байна.
-Багш нарын цалинг бүтэн олгож байгаа юу?
-Бүтэн олгож байгаа. Үүнд, цахим хичээлийг бэлтгэх, боловсруулах, суралцагчдаа хүргэх үйл явц нь ердийн үеэс ч ачаалал ихтэйг ойлгох хэрэгтэй.
-Цахим хичээлийн хүрээнд тулгарах бэрхшээл гэвэл юуг хэлэх вэ?
-Мэргэжлийн боловсролын салбар уян хатан бодлоготой. Ахлах ангийн хичээлийн агуулгын хувьд Боловсрол, шинжлэх ухааны яамны жишгийг дагана. Салбарын бусад хичээлүүд цахимаар орж байгаа ч гэсэн хэвийн явагдаж, төгсөгчдөө хэвийн бэлтгэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )