Холливудын жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг” шагналын нийгэмлэгийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг эсэргүүцэн “Алтан бөмбөрцөг“ шагналуудаа буцаан өгчээ.
Тэрбээр 1990 онд “Born on the Fourth of July” кинонд Рон Ковикийн дүр, 1997 онд “Jerry Maguire” кинонд Жерри Магуайэр, 2000 онд “Magnolia” кинонд шилдэг туслах дүр бүтээсний төлөө “Алтан бөмбөрцөг” шагналыг нийт гурван удаа хүртэж байжээ.
“Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулдаг “NBC” телевиз 2022 онд энэ уламжлалаас татгалзаж буйгаа мэдэгдсэн. Учир нь тус шагналын ялагчдыг тодруулдаг Холливудын дэргэдэх Гаднын итгэмжлэгдсэн сэтгүүлчдийн ассоциацын шүүгчдийн бүрэлдэхүүн Америкийн нийгмийн олон янз байдлыг тусгаагүй гээд хэрэв шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орбол 2023 оны шагнал гардуулах ёслолыг дамжуулах үүргээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард “Los Angeles Times” хэвлэл 87 сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд нэг ч хар арьстан ороогүйг мэдээлжээ. Зохион байгуулагчид алдаагаа засаж, тус байгууллага төдийгүй салбарын хэмжээнд өөрчлөлт гаргана гэж амлажээ.
Холливудын дэргэдэх Гаднын итгэмжлэгдсэн сэтгүүлчдийн ассоциацаас олгодог “Алтан бөмбөрцөг” шагнал нэр хүндээрээ “Оскар” шагналын дараа ордог. Энэхүү шагналыг 1943 оны аравдугаар сард гадаадын сэтгүүлчдийн санаачилгаар бий болгожээ. Шагнал гардуулах анхны ёслолын арга хэмжээ 1944 оны нэгдүгээр сард болж байв.
Сэтгэгдэл ( 0 )