Хүүхдүүд коронавирусний халдвараар хөнгөн болон шинж тэмдэггүй өвчилж байгаа. Гэхдээ коронавирус тэдэнд сөрөг үр дагавар үлдээх магадлалтай.
Иймээс эмч нар хүүхдүүдэд вакцин хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Харин хүүхдүүдэд зориулсан вакцин одоогоор гараагүй байна. Хүүхдээ вакцинд хамруулахын тулд бид юуг анхаарч, мэдэж байх ёстой талаар олон улсын хэвлэлүүдэд нийтлэгдсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.
ХҮҮХДҮҮД ТОМЧУУДААС ДУТУУГҮЙ ӨВЧИЛЖ БАЙНА
Коронавирусний шинэ хувилбараар хүүхдүүд илүү өвчилж байгаа аж. Заримдаа тэд хүнд хэлбэрээр, удаан хугацаанд өвчилж байна. Ялангуяа өсвөр насныхны дунд коронавирусний британи хувилбар илүү хурдан тархаж байгаа аж. Германы Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлснээр сүүлийн үед Германд хүүхэд залуусын дунд ковидын өвчлөл хоёр дахин нэмэгджээ. Хүүхдийн цэцэрлэг болон сургуулиудад тогтмол шинжилгээ хийж эхэлснээр үүнийг илүү мэджээ.
Коронавирусний халдвараар өвчилсөн хүүхдүүд мэдээж бусад хүнд халдаах эрсдэлтэй. Гэхдээ саяхныг хүртэл хүүхдүүдийн дунд ковидоор хүндээр өвчлөх тохиолдол ховор тохиолдож байжээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд хүүхдүүдийн дунд хүнд тохиолдлын тоо нэмэгдэж, өсвөр насныхан эрчимт эмчилгээнд орох болсон байна.
Ихэнх улс оронд балчир хүүхэд, өсвөр насныхан вакцинжуулалтын жагсаалтад бүртгэгдээгүй байна. Тэднийг бүх газар хамгийн сүүлд вакцинжуулна. Одоогоор энэ асуудлыг хойш тавьжээ. Учир нь одоо байгаа вакцинуудыг хүүхдүүдэд хийж болохгүй.
АНУ-Д PFIZER ВАКЦИНЫГ ӨСВӨР НАСНЫХАНД ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН
Одоогоор хүүхдүүдэд вакцин хийх зөвшөөрөл олгоод байгаа цорын ганц улс бол АНУ. АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүнс, эмийн чанарын хяналтын газар “BioNTech-Pfizer” компанийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн. Pfizer вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэхээр зөвшөөрөл олгожээ. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Жанет Вудкок “Энэхүү шийдвэр нь цар тахалтай тэмцэхэд чухал алхам боллоо” гэж мэдэгдсэн юм. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд 16-гаас дээш насныханд уг вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон бол энэ сарын 10-нд уг журамдаа өөрчлөлт оруулж, 12-15 насныханд хэрэглэхээр боллоо.
Хүүхдүүдэд зориулсан вакцин гартал тэднийг ковидоос амны хаалт зүүлгэж, ариун цэврийг нь сахиулж, бас цэцэрлэг, сургуулийг хааж л хамгаална.
КОВИД ХҮҮХДҮҮДЭД ЯМАР ҮР ДАГАВАР АВЧРАХ ВЭ?
2020 оны хавраас эхлэн багачууд болон өсвөр насныханд ковидын шинэ онош тавих болжээ. Мультисистемт үрэвсэл нь бие махбодийн хэд хэдэн тогтолцоонд нэгэн зэрэг нөлөөлдөг үрэвслийн процесс юм. Энэ өвчлөл ховор буюу ковидоор өвчилсөн 1000 хүүхдээс нэгэнд нь тохиолдож байгаа аж. Хүүхэд ковидоор өвчилснөөс 4-6 долоо хоногийн дараа, тэр дундаа шинж тэмдэггүй өвчилсний дараа уг үрэвсэл үүснэ. Энэ нь гэнэт эхэлж, өндөр халууралт, тууралт, хаван, арьс, нүд, судас, зүрхэнд нөлөөлөх үрэвсэл, халдварт цочмог шок дагуулна.
Уг үрэвслийн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувьд дор хаяж дөрвөн эрхтэн нь өвчилж, 58 хувь нь эрчимт эмчилгээнд орох шаардлага үүсжээ.
КОВИДЫН ДАРААХ ӨВЧЛӨЛ АЛЬ НАСНЫХАНД ЭРСДЭЛТЭЙ ВЭ?
Мультисистемийн үрэвслийн хам шинж хөвгүүдэд илүү тохиолдож байгаа бөгөөд охид үүнд өртөх нь ховор. Дөрөв хүртэлх насны хүүхдүүдэд өвчний үйл явц хүнд биш ч энэ насныхан эрчимт эмчилгээнд орох тохиолдол байжээ. Хүндрэх эрсдэл хүүхдийн наснаас хамааран нэмэгдэнэ. 7-10 насныханд хүндрэх эрсдэл илүү.
Хүүхдүүдийн дунд нас баралтын ерөнхий түвшин 1.4 орчим хувьтай байгаа боловч нас баралтын эзлэх хувь нас ахих тусам нэмэгдэж байна. 15-17 насныханд 2.6 хувь, 18-20 насныхны дунд 10.9 хувь байна.
БОДИТ ТОО ИЛҮҮ ИХ
Цар тахлын эхний давлагааны үеэр мультисистемийн үрэвслийн хам шинж бүртгэгдсэн тохиолдол бараг байгаагүй аж. Уг үрэвслийн талаарх анхны мэдээлэл 2020 оны тавдугаар сард гарчээ. Одоогоор Германы хүүхдийн халдварт өвчний нийгэмлэгт дээрх өвчлөлийн 245 тохиолдол бүртгэгджээ. Уг шинж тэмдгээр өвчилсөн хүүхдүүдийн долоо нь хүндэрсэн байна. Тэдний зүрх нь голдуу өвчилжээ.
Мультисистемийн үрэвслийн хам шинжийн зарим эмнэлзүйн илрэл нь өмнө нь хоргүй халдвар авсны дараа тохиолдож болох бас нэг ховор өвчин болох Кавасаки синдромтой төстэй байгаа аж. Гэхдээ Кавасаки хам шинж нярай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдэд голдуу тохиолдоно. Гэхдээ эмч нарт дээрх хам шинжийг бусад өвчлөлөөс ялгах хэд хэдэн шинж тэмдэг бий.
Коронавирусний цар тахалд бусад улсаас илүү нэрвэгдсэн АНУ-д мультисистемийн үрэвсэл 10 сарын хугацаанд 2000 гаруй хүүхдэд тохиолджээ. Гэхдээ бодит тоо нь үүнээс илүү байх магадлалтай аж.
Ковидын өвчлөл мөн их байгаа Бразил улсад хүүхдүүдэд илрэх хүндрэлийн дээрх шинж тэмдгийн тохиолдлын тоо өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр 2020 оны хоёрдугаар сараас 2021 оны гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд ковидын улмаас Бразилд ес хүртэлх насны доод тал нь 852 хүүхэд нас баржээ. Тэр дундаа 518 нялх хүүхэд нас барсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар бодит тоо үүнээс хоёр дахин илүү байж магадгүй аж.
ХҮНДРЭЛИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?
Коронавирус хүүхдүүдийн төдийгүй том хүмүүсийн дархлааны системийг айхтар доголдуулдаг. Эмч нар одоо хүндрэлийг олж тогтоож, эмчилж сурчээ. Эмчилгээ дархлааны тогтолцооны хэт их урвалыг удаашруулахад чиглэнэ. Эмчилгээнд дүрмийн дагуу ихэвчлэн Кортизон болон Иммуноглобулин тарилгыг хийдэг.
Нэмэлтээр өвчтөнүүдэд Кавасаки хам шинжийн үед Аспирин уухыг зөвлөж байгаа аж. Энэ нь зүрхний өвчлөл үүсэж, хүндрэхээс сэргийлнэ. Аспириныг уух нь эмнэлзүйн туршилтын хүрээнд явагдсан бөгөөд уг эмийн үр дүн одоогоор албан ёсоор нотлогдоогүй байна. Үрэвслийн эмчилгээг цаг тухайд нь хийснээр ихэнх тохиолдолд хам шинж нь долоо хоногт алга болдог аж.
ХҮҮХДҮҮДЭД КОВИДЫН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙХ ЁСТОЙ
Хүүхдүүдийн дунд коронавирусний халдварын тархалт хурдан байгааг авч үзвэл тэдэнд өвчлөл хүнд тусах боломжтой. Гэхдээ одоогоор хүүхдүүдэд хийж болох вакцин маш ховор байна. Хүүхдүүдэд зориулсан вакцин гартал олон сар болно.
ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ВАКЦИНЫГ 2020 ОНЫ ЭХЭЭР ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛНЭ
Одоогоор өсвөр насны хүүхдүүдэд хийж болно гэж үзэж байгаа ганц вакцин бол BioNTech/Pfizer компанийнх. Уг вакциныг эхэндээ 16-аас дээш насныханд яаралтай үед хийхийг зөвшөөрсөн. BioNTech/Pfizer болон Moderna компаниуд вакцинуудаа 6 сартайгаас 11 насны болон 12-17 насны хүүхдүүдэд хийхэд үр дүнтэй, аюулгүй эсэхийг судалж байгаа аж.
Түүнчлэн хүүхдүүдэд вакцин хийх туршилтыг AstraZeneca болон Johnson & Johnson компани хийх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
BioNTech компани саяхан өсвөр насныхны дунд хийсэн туршилт амжилттай болвол хамгийн балчир насны хүүхдүүдэд зориулсан вакциныг 2022 оны эхээр гаргаж авна, зах зээлд нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Мөн Moderna компани энэ зун хүүхдүүдэд ковидын эсрэг вакцин хийх туршилтынхаа эхний үр дүнг мэдээлэх аж.
Харин одоогоор хүүхдүүдээ коронавирусний халдвараас хамгаалах гол арга нь уламжлал болсон амны хаалт зүүх, зай барих зэргээс гадна хариу нь хурдан гардаг тестүүд болон цэцэрлэг, сургуулийг хаах арга хэмжээ л байна.
Сэтгэгдэл ( 0 )