АНУ-д ахмад дайчдыг хөнөөсөн сувилагчид долоон удаа бүх насаар нь хорих ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

АНУ-ын Баруун Виржиниа мужийн Умард тойргийн шүүх ахмад дайчдад үхлийн тун хийх замаар амийг нь хөнөөсөн сувилагч Ретай Мэйст долоон удаа бүх насаар нь хорих ял оноожээ.

“USA Today” хэвлэлд мэдээлснээр, Рета Мэйс 2017 оны долоодугаар сараас 2018 оны зургаадугаар сарын хооронд Кларксбург хотын эмнэлэгт 81-96 насны долоон ахмад дайчинд инсулиныг үхэлд хүргэх тунгаар хийж, амийг нь хөнөөжээ. Тэд Дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайнд оролцож байсан ахмад дайчид байсан гэнэ. Түүнийг долоон хүний амийг хөнөөсөн, нэг хүний амийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгасан байна.

“USA Today” хэвлэлийн мэдээллээр, Мэйс 2017 оны долоодугаар сараас эхлэн шөнийн ээлжид гарах болсон бөгөөд энэ үеэс эхлэн түүний ажиллаж байсан эмнэлгийн өндөр настай өвчтөнүүд нууцлаг байдлаар хорвоог орхисон тохиолдлууд бүртгэгдэж эхэлжээ. Шалгалтын явцад цусан дахь  сахарын хэмжээг тогтворжуулдаг инсулин гэх бэлдмэлийг зохих хяналтгүй хадгалдаг байсан нь тогтоогджээ.

Сэжиг бүхий үхлийн хэргүүдийг 2018 оноос шалгаж эхэлсэн байна.

Ийм төрлийн гэмт хэрэг дэлхийд бүртгэгдэх явдал нэг бус удаа гарч байжээ. 2019 оны долоодугаар сард Германы Олденбургийн тойгийн шүүх Нилс Хөгель гэгчид 85 өвчтөнийг хөнөөсөн хэргээр бүх насаар нь хорих ял оноож байв.  Тэрбээр 2000-2005 онд Делменхорст болон Олденбургийн эмнэлгүүдэд эрүүл ахуйчаар ажилладаг байсан ба энэ хугацаанд хүнд өвчтөнүүдэд зүрх судасны өвчний эсрэг тариаг өндөр тунгаар хийж, амийг нь хөнөөж байжээ. 2005 оны зун эмнэлгийн нэгэн ажилтан түүний энэ үйлдлийн гэрч болж, удирдлагадаа хэлсэн байна. 2018 оны аравдугаар сард Хөгель 100 орчим хүний аминд хүрснээ хүлээн зөвшөөрчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
...(64.119.25.154) 2021 оны 05 сарын 15

OMG iim hun bdgaa????jam busaar nas barsan ahmad daichid huurhi. zaluu haluun nasaa eh orniihoo tuluu zoriulsan mundag baatruud..

0  |  0
Мөнхжаргал(139.5.218.189) 2022 оны 04 сарын 11

Бузар эм

1  |  1
Top