Германы канцлер Фридрих Мерц Хятад улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Хятадын компаниудад хандан Германд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалж, зах зээлийн тэнцвэргүй байдлыг багасгахыг Бээжингээс шаарджээ.
Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэр Берлин нь өнгөрсөн оны байдлаар Германы худалдааны хамгийн том түнш болсон Хятад улстай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн байна.
Дэлхий дахин тогтворгүй бөгөөд харилцан хамааралтай болж байгаа энэ цаг үед тус хоёр улс стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлэх, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж Ши Жиньпин онцолжээ.
Фридрих Мерц БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цянтай уулзах үеэр Герман улс нь юанийн ханш, зах зээлд сөргөөр нөлөөлж буй татаас, Хятадын экспортлогчдын хэт их хүчин чадлын улмаас хоёр улсын худалдааны алдагдал өссөөр байгаад сэтгэл зовниж буйгаа мөн илэрхийлсэн байна.
Худалдааны асуудлаас гадна Мерц, Ши нар Украины дайны асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Ши Жиньпин Украины хямралыг зохицуулахад тэнцвэртэй оролцоог хангахыг уриалсан байна.
Яриа хэлэлцээний дараа Мерц сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Ши Жиньпинд хандаж, Украины хямралыг төгсгөхийн тулд өөрийнхөө нөлөөг ашиглахыг хүссэн тухайгаа ярьжээ.
“Москва Бээжингээс өгч буй дохионд маш нухацтай ханддаг болохыг бид мэднэ” гэж Мерц онцолсон байна.
Ши Жиньпиний зүгээс Украины мөргөлдөөнийг улс төрийн арга замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд ингэхдээ бүх талуудын хууль ёсны эрх ашиг, оролцоог хангахын чухлыг онцолжээ

Сэтгэгдэл ( 0 )