
Германы Берлин болон Мекленбург-Өмнөд Померан мужид болсон орон нутгийн сонгуульд хэт барууны үзэлтэй “Германы төлөөх өөр сонголт /AfD/” нам ээлжит ялалтаа байгуулав.
Харин Германы канцлер Фридрих Мерцийн тэргүүлсэн Христийн ардчилсан нам Мекленбург-Өмнөд Померан мужид таван хувийн босгыг дөнгөж давжээ. Христийн ардчилсан нам урьд өмнө мужийн болон холбооны сонгуульд ийм муу үр дүн үзүүлж байгаагүй юм.
Мэдээллийн DPA агентлагийн мэдээлснээр, “Германы төлөөх өөр сонголт” нам Мекленбург-Өмнөд Померан мужийн парламентад 38.2 хувийн суудал авсан бол Социал демократ нам 35.5 хувийн санал авчээ.
Санал хураалт дууссаны дараа ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ Фридрих Мерц Мекленбург-Өмнөд Померан мужийн сонгуульд Христийн ардчилсан намын хувьд ээлжит цохилт болсныг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр санал хураалтын дүнг гамшиг хэмээн тодорхойлоод Германы төрийн байгууллагуудад итгэх итгэлийг хэт баруун, хэт зүүний үзэлтэй намууд унагаж байна гэж онцолжээ.
Тэрбээр ялагдлынхаа хариуцлагыг хүлээхээ мэдэгдэж, албан тушаалаасаа огцролгүй улс орноо шинэ өөрчлөлтийн нөхцөлд удирдахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Герман улс шинэ эхлэлийн улс болно гэсэн ч чухам ямар өөрчлөлтүүдийн талаар ярьж буйгаа тодруулаагүй байна.
“Германы төлөөх өөр сонголт” нам Украинд үзүүлж буй дэмжлэг, Оростой эрчим хүчний салбарт хамтран ажиллахаас татгалзаж буй засгийн газрын бодлогыг шүүмжилсний дүнд оноо авч байна гэж Социал демократ нам үзэж байна.
Германы бусад улс төрийн хүчнүүд “Германы төлөөх өөр сонголт” намтай хамтран ажиллахаас татгалзаж байгаа тул Мекленбург-Өмнөд Померан мужид байгуулсан ялалт тус намд эл мужийг удирдах бодит боломж олгох магадлал бага байна гэж шинжээчид үзэж байна.
Берлинд тус намд боломж бага байгаа ч хэт зүүний үзэлтэй “Die Linke” намын амжилт нь Мерцийн нам сонгогчдын итгэлийг алдсаныг илтгэж байна. Зүүний үзэлтнүүдийн ялалт нь тус намын тэргүүн, Туркээс цагаачилж ирсэн гэр бүлээс гаралтай Элиф Эралл Берлин хотын захирагчийн албыг хаших болсоныг илтгэж байна. Гэхдээ үүний тулд түүнд хотын засгийн газрыг байгуулахад эвсэх чадвартай бусад намуудтай тохиролцох шаардагатай.
Мерц нөхцөл байдалд нухацтай хандаж буй нь түүний НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохгүй байх шийдвэр нь харуулж байна. Мужийн сонгуульд нэг сарын дотор хоёр том ялагдал хүлээсний дараа Мерцийг огцрохыг шаардсан уриа улам хүчээ авна гэж үзэж байна.
Энэ сарын 20-нд Германд Берлиний Төлөөлөгчдийн танхим болон Мекленбург-Өмнөд Померан мужийн ландтагийн сонгууль болж өнгөрсөн. Тус мужид “Германы төлөөх өөр сонголт” нам 37 хувь, Социал демократ нам 35.5 хувь, Зүүний нам 7.5 хувийн санал аваад байна. Харин Мерцийн Христийн ардчилсан нам 5.5 хувийн дэмжлэг авчээ.
“Германы төлөөх өөр сонголт” намын хувьд Тюринген, Заксен Анхальт муж болон Мекленбург-Өмнөд Померан мужид гурав дахь ялалтаа байгуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )