Герман дахь Америкийн цэргийн баазууд хэр ач холбогдолтой вэ?

Я.Болор | Zindaa.mn
54 минутын өмнө

АНУ Герман дахь цэргийн бие бүрэлдэхүүнийхээ тоог 5000-аар цөөрүүлэхээ мэдэгдээд байгаа билээ. Гэвч цэргийн баазууд нь Германы эдийн засагт төдийгүй Вашингтоны хувьд стратегийн ач холбогдолтой болохыг “Deutsche Welle” суваг онцолсон байна.

Германы канцлер Фридрих Мерцийн Ираны эсрэг АНУ, Израилын явуулж буй дайны талаар хэлсэн үг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт таалагдаагүй нь гарцаагүй. Тэрбээр америкчуудад Тегераны талаар тодорхой стратеги байхгүй байгаа нь илт байна гэж хэлсэн юм. Тэр “Бүхэл бүтэн үндэстэн Ираны удирдлагуудын доромжлолыг хүртэж байна” гэж хэлснээр Трампын уур хилэнг өөртөө татаад байгаа юм.

Трамп ч хариу барих гэж удаан хүлээлгээгүй. “Мерц юу ярьж байгаагаа огт мэддэггүй” хэмээн Цагаан ордны тэргүүн бухимдаж, Германы нутаг дэвсгэрт байрладаг Америкийн цэргүүдийг бие бүрэлдэхүүнийг үлэмж цөөлнө хэмээн сүрдүүлсэн.

Хожим нь АНУ-ын батлан хамгаалахын сайд Германаас таван мянган цэргээ гаргана гэж мэдэгдэв. Тус улсад өдгөө 35-39 мянган америк цэрэг үүрэг гүйцэтгэж байна.

Энэ нь Ерөнхийлөгч Трамп Германаас цэргээ хэсэгчлэн гаргана гэж мэдэгдэж байгаа анхны тохиолдол биш. Гэтэл АНУ-ын цэргийн объектууд нь Германы нутаг дэвсгэр гэлтгүй ач холбогдолтой.

Хамгийн чухал цэргийн баазууд

Америкийн цэргүүд Германд ойролцоогоор 20 байршилд байрладаг. Гол төлөв Германы өмнөд болон баруун өмнөд хэсэгт. Бага хэмжээний цэргийн баазуудыг оролцуулбал энэ тоо 40 хүрнэ. Рамштайн болон Шпангдалем баазуудыг ихээхэн ач холбогдолтой гэж үздэг.

Рейнланд-Пфальц холбооны мужид байрладаг Рамштайн бааз нь АНУ-ын хилийн чанад дахь хамгийн том цэргийн бааз. Энэ бол цэрэг, техник, ачааг Ойрх Дорнод, Африк, Зүүн Европ руу хүргэх хамгийн том ложистик төв юм. Түүнчлэн, энд АНУ-ын Нисэх хүчний Европ дахь төв штаб, 2013 оноос хойш НАТО-ийн Нисэх хүчний нэгдсэн штаб тус тус байрладаг.

 

Рамштайн цэргийн бааз

 

Үүний сацуу, Рамштайн баазад хиймэл дагуулын холбооны станц байрладаг. Тус станц нь АНУ-ын цэргийн дронуудыг Ойрх Дорнодод ашиглахад шийдвэрлэх ач холбогдолтой. Учир нь АНУ-аас дронуудыг шууд удирдах боломжгүй байдаг. Мөн тус баазын дэргэд томоохон цэргийн эмнэлэг ажилладаг байна.

Тус баазаас 120 км зайд хэмжээгээрээ хоёрт ордог Шпангдалем бааз байрладаг. Тус бааз нь шуурхай цэргийн ажиллагааны бааз гэдгээрээ Рамштайнаас ялгаатай. Тэнд 20 F-16 сөнөөгч онгоц байршдаг бөгөөд НАТО-ийн зүүн жигүүрийн хамгаалалтыг хангах үүрэгтэй.

Бюхель цэргийн баазад Америкийн цөмийн зэвсэг хадгалагдан үлдсэн цорын ганц бааз гэж тооцоогддог ч Вашингтон ч тэр, Берлин  ч тэр үүнийг албан ёсоор баталж байгаагүй. Стокхолмын олон улсын энх тайвны асуудлыг судлах хүрээлэнгийн мэдээллээр, Бюхель баазад АНУ-ын 15-20 тактикийн цөмийн бөмбөг байдаг.

 

Бюхель цэргийн бааз

 

Яагаад Германд ийм олон Америкийн цэргийн бааз байдаг вэ?

Германд Америкийн олон тооны цэргийн бааз байрладаг нь Дэлхийн хоёрдугаар дайн болон дайны дараах үеийн үр дагавруудын нэг юм. Холбоотнуудын эвсэл нацист Германы ялсны дараа тус улсын баруун хэсгийг Британи, Франц, Америкийн бүсэд хуваасан бөгөөд АНУ-ын хяналтын бүс нь Германы өмнөд болон баруун өмнөд хэсгийг хамардаг байжээ. Тиймээс АНУ-ын цэргийн баазууд өнөөг хүртэл тус хэсэгт төвлөрдөг.

Хүйтэн дайн эхэлсний дараа ХБНГУ-ын үүрэг өөрчлөгдөж, АНУ-ын холбоотны статустай болж, хоёр системийн сөргөлдөөний тэргүүн фронт болж хувирсан. Баруун германчууд ч тэр, америкчууд ч тэр АНУ-ын цэргийн баазуудыг өргөжүүлэх сонирхолтой байсан бөгөөд эдгээр нь тухайн үеийн ЗХУ-ыг тогтоон барих хүчин зүйл болж байв. 1985 оны үед ХБНГУ-д 250 мянга гаруй америк цэрэг байрлаж байсныг DW сануулжээ.

Европын төвд орших Германы газар зүйн байрлал Вашингтоны хувьд стратегийн ач холбогдолтой хэвээр байна. Пентагон Герман дахь цэргийн баазуудаа Ойрх Дорнод, Африкт явуулсан цэргийн ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх, НАТО-ийн зүүн жигүүрийг ОХУ-аас хамгаалахад ашигласаар иржээ.

Цэргийн баазуудын эдийн засгийн ач холбогдол  

АНУ-ын цэргийн баазуудын байрлаж байгаа холбооны муж болон нутгийн ард иргэдийн хувьд эдгээр бааз нь эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой. Ихэнх цэргийн объект нь хөдөө орон нутаг, тэр дундаа сул хөгжилтэй бүс нутгуудад байрладаг. Тиймээс америк цэргүүд тухайн хөдөө орон нутгийн томоохон хөрөнгө оруулагч, ажил олгогчийн үүрэг гүйцэтгэдэг байна.

Янз бүрийн тооцооллоор, АНУ-ын армийн объектуудад 10 мянга гаруй герман ажилтан ажилладаг байна. Шууд бусаар нийт 70 мянга гаруй ажлын байраар хангадаг гэсэн тооцоо гарчээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ Герман дахь цэргийн баазуудаа өргөжүүлэх, шинэчлэх, хангамж, үйлчилгээг хангах зорилгоор олон тэрбум ам.доллар оруулдаг. Үүнээс гадна америк цэргүүд болон тэдний гэр бүл цалингийнхаа ихэнх хувийг орон нутгийн дэлгүүр, худалдаа, үйлчилгээний төвд зарцуулдаг байна. Кайзерслаутернд л гэхэд америк цэргүүдээс жилд 3.5 тэрбум еврогийн орлого ордог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top