АНУ Германыг ятгаж дийлсэнгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Украинд “Leopard” танк нийлүүлэх асуудал Вашингтон, Берлиний хооронд “хэрүүлийн алим” болоод байна гэж “The Time” хэвлэлд бичжээ.

Пентагоны тэргүүн Ллойд Остин Германы Батлан хамгаалахын шинэ сайд Борис Писториустай уулзахдаа Украинд танк нийлүүлэхийг ятгаж дийлээгүй байна. Талууд Украинд аль тал нь түрүүлж танк нийлүүлэх ёстой гэдгийг тайлбарласан ч тохиролцоонд хүрч чадаагүй байна. АНУ-ын тал Германд үйлдвэрлэсэн “Leopard” танк нь Америкийн “Abrams”-ыг бодвол түлш бага зарцуулдаг, засварлахад хялбар бөгөөд Европ даяар нөөц ихтэй гэж үзэж байна. Харин Берлиний зүгээс Вашингтоныг өөрийн танкаа түрүүлж Украинд нийлүүлэх ёстой гэж үзэж байгаа бол Жо Байдены засаг захиргаанд одоогоор ийм төлөвлөгөө үгүй байна.

Танк нийлүүлэх асуудал нь Украинд үзүүлэх дэмжлэгтэй холбоотой дэгдэж буй ээлжит маргаан болоод байна. Сүүлийн үед энэ асуудал дээр Германы Канцлер Олаф Шольцт ихээхэн дарамт шахалт үзүүлэх болжээ. Европын Холбооны хэд хэдэн улсын тэргүүнүүд Олаф Шольцт хандан энэ асуудал дээр шийдвэр гаргахыг уриалж байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг баасан гарагт /2023.01.20/ Герман дахь “Рамштайн” бааз дээр болох Украиныг дэмжих бүлгийн уулзалтын дүнгээр Киевт хүнд зэвсэглэл нийлүүлэх тухай шийдвэр гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлж байсан билээ.

Харин ОХУ-ын зүгээс НАТО-ийн гишүүн орнуудад хандан Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар ноот бичиг илгээж байсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украинд нийлүүлэгдэх аливаа зэвсэглэлийг Оросын тал хууль ёсны бай гэж үзэх болно гэж мэдэгдэж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(59.153.113.234) 2023 оны 01 сарын 22

Энэ дайн өргөжих тусам Оросын хүч мөхөсдөх нь тодорхой. Учир нь олон оронтой ганц Орос улс амжилтанд хүрхэд хүнд. Ийм нөхцөлд Оросууд цөмийн зэвсэг хэрэглэх нь гарцаагүйээ. Хүн төрлөхтөнд гай тарихгүйн тулд энэ дайныг өөр арга замаар шийдвэрлэх хэрэгтэй. Байден шиг Путин шиг хоёр талаас Украйнаар далимдуулан өрсөлдөх нь эцстээ хүн төрлөхтөнд нөхөж баршгүй гай тарина.

1  |  0
Top