Б.Батжав: Биет илэрхийлэлгүй ой санамж хойч үед уламжлал болж үлддэггүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

“Ментор Хаб” төслийн ээлжит зочин: Монголын Архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, архитектор Б.Батжав.

“Хот бол өөрийн гэсэн санах ойтой” гэж тэрээр үздэг. Харин хотын санах ойд дурдатгал, дурсамж хүүрнэгч нь архитектор хүн юм. Б.Батжав архитектор хүнийхээ хувьд хотыг хөгжүүлэх, хотын соёлжсон иргэдийг төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг нэгэн. Энэ хүрээнд залуу архитекторууд болон архитектор мэргэжилд дурласан бүх насны хүмүүст зориулан өөрийн зөвлөгөө, хичээл хүргэж байна.


-Архитектор, хүний хувьд “Ментор Хаб” төсөлд нэгдсэн шалтгаан нь юу вэ?

-“Ментор Хаб” төслөөр дамжуулан мэргэжлээ сурталчлах, олон нийтэд таниулахыг хүссэн. Нөгөө талаас сайн мэргэжилтэн болоход сурч мэдсэн зүйл  хангалтгүй, туршлага чухал нөлөөтэй. Иймээс өөрийн хуримтлуулсан туршлагаа мэргэжил нэгт нөхдөдөө хүргэх, тэдний ажилд дэм болох таатай боломж гэж харсан.

Улс орон бүрд өөрийн гэсэн архитектурын онцлог хэв маяг, хадгалж ирсэн уламжлал гэж бий. Харин  суурьшиж хотжоод ердөө 100 жилийг үзэж байгаа манай улсын хувьд архитектурын тухай ойлголт хэрхэн тодорхойлогдох вэ?

-Аливаа улс үндэстний   хувьд архитектур нь  амьдралын  хэв маяг, соёл, уламжлал, хөгжлийн түүхээр тодорхойлогддог байдаг. Манай орны хувьд эдгээрээс гадна, бидэнд  уламжлагдан  ирсэн нүүдлийн соёл иргэншил,  өнөөдрийн  амьдралд шинэ хэв маягийг бий болгон түрэн орж ирж буй суурин соёл иргэншил хослон оршиж байгаа цаг үеийн онцлогоор тодорхойлогдоно.

-Та гаднын маш олон хотын зөв төлөвлөлтийн жишээг Монгол дээрээ харьцуулан ажиглаж, үүнийгээ залуу архитекторуудтайгаа хуваалцдаг. Бид бусдын туршлагаас юуг нь тусгаж авах хэрэгтэй байдаг вэ?

-Улс орнуудын хөгжил өөр хоорондоо харилцан адилгүй. Ижил төстэй орнуудын арга барил, ололтыг тохируулан хэрэглэх талаас нь, хөгжингүй нэгнийх нь туулсан зам, туршлага алдаа онооноос суралцах  талаас нь хандвал илүү үр дүнтэй байна. Түүнчлэн архитекторууд бид дэлхийн урлаг, архитектурын түүхийг судалж, түүхэнд үлдсэн суутнууд, энэ цаг үед амьдарч буй нэрт архитекторуудын бүтээлүүдтэй танилцаж, арга барилаас нь байнга суралцаж байх хэрэгтэй байдаг.
 



-“Хот бол өөрийн гэсэн санах ойтой” гэж хэлж байсныг тань санаж байна. Улаанбаатар хотод цөөхөн хэдэн хуучны буюу түүх дурсгалт гудамж, барилга байгууламж бий. Таны бодлоор хуучны эдгээр барилга байшингууд бидний өв соёл мөн үү? Үүнийгээ хэрхэн яаж хадгалах ёстой юм бол?  

-Аливаа хот өөрийн гэсэн ой санамжтай. Энэ  нь үе дамжин уламжлагдаж ирсэн архитектурын биет бүтээлүүдээр илэрхийлэгддэг. Орчин үеийн хотын  хөгжлийн тийм ч урт биш  түүхтэй Улаанбаатар хотын хувьд цөөхөн дурсгалт барилгуудаа хайрлан хамгаалж үлдээх нь энэ хотын ой санамжийг урт хугацаанд, үе улираан хадгалах гол нөхцөл болно. Биет илэрхийлэлгүй ой санамж гэдэг хойч үедээ уламжлал болон үлддэггүй.

-“Ментор Хаб” төслөөр дамжуулан шинэ залуу архитекторууд ямар зөвлөгөөг илүү хүргэхийг зорьсон бэ?

-Залуучуудын  өмнө  цаг хугацаа, өөрийгөө сорих, хөгжүүлэх  өргөн боломж, сонголтууд үргэлж байдаг. Эдгээрийг  хэрхэн бүтээлчээр, үр дүнтэйгээр  ашиглах вэ гэдэгт тус болох үүднээс  өөрийн мэргэжлийн туршлагаас хуваалцахыг  хичээлээ. Архитектор хүн, улс нийгмийн амьдралд идэвхтэй оролцогчийн хувьд өөрийн үйл ажиллагаанд  мэргэжлийн ёс зүйг чанд баримтлан ажиллах ёстойгоо энэ мэргэжлийг эзэмшсэний хувьд хүлээх  хариуцлага гэж ойлгох хэрэгтэй.

-Зөвхөн мэргэжлийнхэн төдийгүй энгийн хүмүүс үзээд таны хичээлээс юуг сурах боломжтой вэ?

-Мэргэжилдээ дуртай хүн бүр өөрийн эзэмшсэн мэргэжлийн сайн сайхныг  бусадтай хуваалцахыг хүсдэг.  Үүнээс гадна хэрэглэгчиддээ үнэн  зөв тодорхой мэдээллээр хангах нь бидний мэргэжлийн үүрэг. Өөрийнхөө мэргэжлийн онцлог, үйл ажиллагааныхаа технологийг ойлгуулж байж харилцагч бидний хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болно. Мөн залууст мэргэжлээ зөв сонгоход нь дэм болох болов уу гэж бодож байна.

-Тус төслийн үр өгөөжийг та хэрхэн харж байна вэ?

-“Ментор Хаб” төслийн үр дүнг би нэг талаас хүмүүст мэргэжлээ таниулах, мэдээллээ хуваалцах сайхан боломж гэж, нөгөө талаас хүмүүсийн зүгээс ирэх санал сэтгэгдэл, дүгнэлт, үнэлэмжийг мэргэжлийн үйл ажиллагаандаа эргээд тусгах чухал үр нөлөөтэй гэж харж байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
!(49.0.137.164) 2021 оны 05 сарын 13

Za chi bolio mai eniig hiiseen geed uzuulchih neg zuilgui baij olon jil yarihaas zaashgui yawj dee ! Haluun chuluu barisan met neg tiishee neg naashaa yawj dee /APU/

0  |  0
Top