ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаагаас МСҮТ, политехник коллежийн сургалт, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай тодрууллаа.
-Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар маань яг ямар ажлыг хариуцаж хийдэг газар вэ?
-Монгол Улсын хэмжээнд мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудал манай яам, манай газрын чиг үүрэгт байдаг. МСҮТ, Политехник коллеж нийслэл, орон нутгийн хэмжээнд 75 байгаа. Салбарын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд 40165 суралцагч суралцаж байна. 4500 орчим багш, ажилчинтай. Энэ жилийн хувьд 20 мянган хүүхэд төгсөнө. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх салбарт сүүлийн үед Засгийн газар нилээд ач холбогдол өгч, сүүлийн дөрвөн жилд томоохон дэмжлэгүүдийг үзүүлж байна. Эдийн засгийн хөгжил, улс орны бүтээн байгуулалтад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Үүний хүрээнд багш, ажилчдын цалинг сүүлийн дөрвөн жилд үе шаттайгаар нэмэгдүүлсээр одоо 40 хувь хүртэл нэмсэн. Суралцагчдад 70 мянган төгрөг өгдөг байсан бол одоо 200 мянган төгрөгийг сар бүр өгч байна. Улс орны бүтээн байгуулалтад мэргэжилтэй ажилтнууд маш их хэрэгтэй байгаа учраас тэднийг олноор бэлдтгэх шаардлага бий болж байна. Тийм ч учраас дэмжлэг үзүүлж, эдгээр мэргэжлээр суралцаасай гэсэндээ төр засгаас тэтгэлэг өгч байгаа юм. Тэрнээс биш зарим хүмүүсийн ярьдаг шиг бүгдийг нь халамжинд уусгаж байгаа зүйл биш. Халамжаас хөдөлмөрт шилжиж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь халамж авдаг хэсгээ суралцаж төгсөөд цалин авдаг, хөдөлмөрлөдөг байдал руу шилжүүлэх бодлого юм.
-МСҮТ, Политехник коллежид сурах нь “сурлага муутай” гэсэн ойлголт байсан. Сүүлийн жилүүдэд суралцах хүмүүсийн идэвхи хэр байгаа вэ?
-МСҮТ, Политехник коллежид мэргэжил эзэмшье гэсэн хүсэл сонирхолтой хүн бүхэн суралцах боломжтой. Насанд хүрсэн хүмүүс сурдаг анги байдаг. Мөн ахлах ангийн боловсролыг давхар эзэмшүүлэх ангид есдүгээр анги төгссөн хүүхдүүдийг авдаг. Ерөнхий боловсролын сургуулиа дундаас нь хаяад амьдралын шаардлагаар малчин болчихсон, өөр ажил хийж байсан хүмүүст бичиг баримт буюу ес, арванхоёрдугаар анги төгссөн гэрчилгээ байдаггүй. Тийм болохоор цаашаа ямар нэгэн сургуульд суралцаж чаддагүй. Ийм хүмүүсийг бид бүхэн насанд хүрсэн л бол манай сургуульд суралцаж мэргэжилтэй болоод ажил хийх боломжийг нь олгодог. Одоо бол “муу сурлагатнууд сурдаг” гэсэн ойлголт байхгүй болсон. Энэ салбарын нэр хүндийг өсгөх тал дээр ч гэсэн бид бүхэн нилээд ажлыг хийсэн. Дэлхийн бусад улс орнуудад ч гэсэн мэргэжлийн боловсрол олгох сургалтаар дамжсан хүмүүс л тэр орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцдог учраас маш өндөр ач холбогдол өгдөг. Манай зарим сургуулиуд сонгон шалгаруулалтаар элсүүлдэг болсон. Манай суралцагч хүүхдүүд дэлхийн хэмжээний тэмцээнд хүртэл оролцож дэлхийн стандартыг биелүүлж чаддаг болсон. Энэ нь эх орноосоо халиад олон улс, дэлхийн жишгийн боловсон хүчинг бид бүхэн бэлтгэж байгаагийн нэг тод жишээ гэж ойлгодог. Тэгэхээр муу сурдаг байсан, онц сурдаг байснаас үл шалтгаалаад зөвхөн тухайн хүнээс хамаг юм хамаарна. Дэлхийн хэмжээний мэргэжилтэн ажилтан болохын тулд та л өөрөө хичээж, сайн суралцах хэрэгтэй.
-Ажлын байранд зуучлах тал дээр ямар ажлуудыг хийдэг вэ?
-Хүүхдүүд маань суралцаж байх явцдаа дадлага хийдэг. Тэгэхэд тухайн үйлдвэрийн газрууд ажилд авах чадвартаа хүмүүсээ аль эрт төлөвлөчихсөн байдаг. Төгсөөд шууд ажлын байртай болж байгаа хүмүүс нийт төгсөгчдийн 55 орчим хувийг бүрдүүлж байна. Харин хэсэг хугацааны дараа ажилтай болж байгаа хүмүүс байдаг. Мөн өөрөө ур чадвартай болчихсон учраас өөрийнхөө ажлын байрыг бий болгоод хувиараа юм хийдэг төгсөгчид ч бас тодорхой хэмжээнд бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам маань Хөдөлмөрийн биржтэй хамтарч ажилладаг. Өнөөдрийн байдлаар “Цахим бирж” явагдаж байгаа. Үүн дээр 21 аймаг, нийслэлийн хөдөлмөр халамжийн хэлтсийнхэн манай төгсөгчдийг ажилд зуучлах тал дээр хамтран ажиллаж байна. Дээрээс нь ажил олгогчид манай сургалтын хөтөлбөрт хамтарч оролцдог болсон. Өөрөөр хэлбэл өөрт нь ямар хүн хэрэгтэй байгаа юм, түүнийгээ хэрхэн чадавхжуулах вэ гэдгээ илэрхийлж сургалтын хөтөлбөрөө боловсруулаад бид бүхэн түүнийх нь дагуу хүнийг нь бэлдэж өгдөг. Эрэлт, нийлүүлэлтийг оновчтой болгохын тулд ингэж хамтарч ажиллах шаардлага үүсдэг.
-Цалин хөлсний хувьд хэр байдаг вэ?
-Мэдээжийн хэрэг хаа газар дөнгөж ажилд орж байгаа хүнийг туршалтын хугацаанд ажиллуулдаг, заримыг нь цалингийн доод түвшинээр тогтоогоод ажиллуулдаг. Явцын дүнд тухайн хүнийхээ ур чадвар, ажилдаа хандах хандлагаас шалтгаалаад цалин хөлс нь нэмэгддэг. Харин сайн ур чадвартай хүмүүсийн хувьд бол өөр. Манай олон улсын тэмцээнд яваад ирсэн хүүхдүүдийг ажил олгогчид булаацалдаад л өндөр цалин хөлс амлаад авдаг. Тэгэхээр бүх зүйл тухайн хүнээс шууд хамаардаг. Өндөр ур чадвартай, ажилдаа сайн байх юм бол та өндөр л цалинтай ажил хийнэ.
-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийж байгаа юм билээ. Энэ талаараа тодруулаач?
-Бид бүхэн яагаад энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийх болсон бэ гэхээр нэгдүгээрт, “Алсын хараа-2050” гэсэн том бодлогын баримт бичигтэйгээ уялдуулах шаардлага үүссэн. Хоёрдугаарт, ажлын байртай болгож байгаагийн хувьд эдгээрийн хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй. Дээрээс нь сүүлийн үед аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах ёстой вэ гэсэн чиг үүргүүдийг тодорхой нарийн болгох юм. одоо болохоор хэдэн хүн хаана хэрэгтэй байгаа гэсэн тоогоо өгөхгүй байж та нар илүү хүн бэлдлээ гэдэг асуудал үүсдэг. Түүнээс гадна иргэн хүний хувьд энэ хуулиар ур чадвараа үнэлүүлээд мэргэжил боловсрол эзэмшиж болно гэдэг эрхийг нь албажуулж өгч байгаа. Энэ шинэчлэлээрээ сургалтын байгууллагын бие даасан байдлыг илүү их өөрчилж өгч байгаа. Зөвхөн төр бүх байдлыг хариуцах биш, бүх талын оролцоог хангахыг чухалчилж байна. Төрийн сургуулиуд Төсвийн тухай хуулиандаа захирагдаад үйлдвэрлэл явуулах боломжгүй байдаг. Нэг ёсондоо чиг үүргийнхээ хүрээнд зуун хувь ажиллаж чадахгүй байгаа тэр боломжуудаа шинэчилэлдээ оруулаад, гарааны бизнес, сургалт судалгаа, инноваци зэрэгт аль байгууллага нь ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг тодорхой болгосон. Мөн сургуулиуддаа эрх чөлөөг нь өгч байгаа. Бид бүхэн стандартынхаа дагуу шаардлагаа тавиад сургуулиуд маань өөрсдөө сургалтын хөтөлбөрөө боловсруулаад сургалтын чанараараа өрсөлдөх боломжтой болно. Санхүүжилтын хувьд шинэчилж гүйцэтгэлд суурилсан санхүүжилт олгохоор болсон. Нэг хүүхдэд оногдох хувьсах зардлаар санхүүждэг байсныг болиулж мэргэжлийн өөрийнх нь өртөгт суурилсан санхүүжилтыг олгох юм. Энэ хуулийн шинэчлэлээр аж ахуйн нэгжүүдийн чиг үүргийг мөн тодорхой болгож байгаа. Мэргэжлийн багш нараа бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах тал дээр дорвитой өөрчлөлтүүд хийгдсэн. Бусад хуультай давхардсан давхардлаа ч мөн арилгасан.
-Хуулийн төслийг хэзээнээс хэлэлцүүлж, батлах вэ?
-Ерөнхийдөө хуулийн төслийн шинэчилсэн найруулгаа Засгийн газарт танилцуулах түвшинд явж байна. Дэмжлэг авчихвал цаашаа УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Мэдээж бидний хувьд аль болох л хурдан батлуулах бодолтой байна. Энэ хуульд нэмж оруулсан бас нэг юм бол олон улсын жишигт нийцсэн байх, олон улсын стандартуудыг нутагшуулах, хэрэгжүүлэх ёстой. Дээрээс нь гадаад оюутнууд ч манайд суралцдаг. Гадаад оюутнуудынхаа эрх зүйг ч албан ёсоор тусгаж өгсөн. Ер нь мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ гэдэг маань дан ганц нэг салбараас хамаардаггүй. Энэ нь өөрөө салбар дундын зохицуулалттай байх ёстой. Тухайлбал, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга хот байгуулалт гээд гол бүтээн байгуулалтыг өрнүүлдэг ажлын байрыг бий болгодог төрийн захиргааны төв байгууллагуудын саналыг авч хуульдаа тусгаад явж байгаа. энэ хуулийн маань амин сүнс нь нийгмийн түншлэлд суурилсан салбар дундын зохицуулалт болон сургалтын байгууллагын бие даасан байдал байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )