Стресс гэж чухам юу юм бол. Сэтгэлийн хямрал, дарамт хэмээх энэ үгийг монголчууд орчуулаагүй байсан ч ойлгодог болжээ. Хурдацтай байгаа өнөөгийн нийгэмд ажлын элдэв асуудал, гэр бүлийн маргаан гээд бухимдах шалтгаан олон. Тэр бүхнээс өөрийгөө холдуулж, бухимдахгүй байх арга байдаг болов уу.
Сэтгэл хөдлөлийн онцгой хэлбэр стресс
Мэргэжлийн сэтгэл зүйчид стрессийг гадна, дотнын цочроогчоос хүнд үзүүлж байгаа үйлдэлд хариу үзүүлж буй байдал буюу тухайн нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх үед үүсдэг сэтгэл хөдлөлийн онцгой байдал хэмээн тодорхойлдог.
Тухайлбал, хүүхдээ өвдөхөд сэтгэл зовнин, энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэх гарцаа олж чадахгүй байхад ойр дотнын хамаатнууд асуудалд оролцон, төрөл бүрийн дүгнэлт хийснээр улам стресстүүлдэг. Тэгэхээр стресс үүсэхэд тухайн хүний нас, хүйс, сэтгэл зүйн онцлог, сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил, мэргэжил, боловсрол, амьдралын хэв маяг салшгүй холбоотой аж. Буурь суусан ахмад хүмүүс асуудалд тайван хандаж, аль болох бухимдахгүйг хичээдэг нь амьдралын туршлагатай нь холбоотой. Тиймээс ачаалалтай ажиллаж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог дунд насныхан стресст өртөх нь элбэг болжээ. Ажил, сургууль, гэр бүлийнхний харилцаа, эрүүл мэнд, санхүүгийн таагүй байдал, хүрээлэн байгаа орчин хүртэл үүнд нөлөөлнө.
Хэрэв та уурлаж, түгшиж гутарч байгаа бол асуудал үүсчээ
Стресст өртсөн хүмүүсийн амьсгалын хэм өөрчлөгдөж, толгой нь эргэн, амархан ядардаг болдог аж. Гэдэс эвгүйрэх, даралт ихсэх шинжээр ч илэрч болно. Гэхдээ эдгээр шинж тэмдгийг хүмүүс стресстэй хамааруулж үзэхээсээ илүүтэй ямар нэгэн өвчин туслаа гэж таамагладаг. Гэхдээ эдгээр шинж тэмдэг илрэхийн зэрэгцээ уур уцаар, түгшүүртэй болж шийдвэр гаргаж чадахгүй, энэ яахын аргагүй стресс.
Хэрхэн бухимдахгүй байх вэ
Амьдралд эерэгээр хандаж, аливааг болж бүтэх талаас нь хардаг хүмүүс стрессээс хамгийн хол оршин тогтнодог. Гэхдээ өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж, орлого нь хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрэхгүй тохиолдолд хүмүүс бухимдахгүй байхын аргагүй. Монгол Улсын хувьд нэг үеэ бодоход энэ асуудал арай нааштай болж байгаа хэдий ч "Эх орны хишиг хувь" хэмээх 21мянган төгрөгийг тараах үед банкны гадаа урт дараалал үүссээр байгааг харахад иргэд ядуу, бас бухимдалтай байгаа нь илэрхий. Бухимдсан хүн өөрийгөө хянах чадвараа алдаж, бусдаас буруу хайх дуртай болдог. Түүнчлэн хайхрамжгүй зан гаргаж, хүнтэй амархан маргалдаж, идэмхий болж, архи тамхины хэрэглээ нь нэмэгддэг. Тиймээс стресст өртөхгүй байж бухимдлыг өөрөөсөө холдуулахын тулд амьсгалын дасгал хийж, спорт болон бясалгалаар хичээллэж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Эерэг стресс
Зөвхөн таагүй зүйлээс шалтгаалж бухимдах бус, зарим тохиолдолд эерэг үйл явдлаас болж стресс үүсэх нь бий. Хурим хийх, шагнал авах, хүүхэдтэй болох, амжилт гаргахад ч стресстэй байдаг.
Шалтгааныг устга
Бухимдал үүсгэж байгаа шалтгааныг тогтоож, устгах нь стрессээс хялбар гарах энгийн арга. Гэхдээ та ажлаасаа болж хамгийн их бухимддаг байлаа гэхэд таарамж муутай даргаа хараан зүхэж, ааш муутай нарийн бичгийнх нь амыг "скочдсоноор" асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Тиймээс та ажил дээрээ өрөөнийхөө дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавь. Өөрийн хүч, толгой хүрэхгүй ажлаас татгалзаж, "үгүй" гэж хэлж сур. Онцын хэрэггүй бол телевизээр гарч байгаа зүйлийг үзэх гэж өөрийгөө бүү албад, бусдын өмнөөс өөртөө хариуцлага бүү хүлээлгэ. Хийж амжаагүй, чадаагүй зүйлийнхээ төлөө өөрийгөө бүү шийтгэ. Хамгийн гол нь та эрүүл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа болно.
Сайн хооллож, амар
Бие махбодид хэрэгцээт эрдэс бодис, амин дэмээр баялаг төрөл бүрийн, чанартай, илчлэг хоол унд хэрэглэж хэт өлсөх, их идэхийг цээрлээрэй. Жимс, ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно.
Караокед орох, хотоос гадагш салхинд гарах зэрэг найзуудынхаа урилгаас татгалзалгүй яв. Ийм орчинд сэтгэл санаа илүү өөдрөг байх нь ойлгомжтой.
Амарсан шиг амарч сур
Та үнэхээр амарсан шиг амрахыг хүсэж байвал гар утсаа салгаад ажил төрөл, ар гэртэй холбоотой бух асуудлыг толгойноосоо бүрмөсөн авч хая. Та удахгүй эргээд л тэдэн дээр очно шүү дээ. Спорт танхимд хөлсөө гартал штанг, гантель өргө. Багаа бүрдүүлээд сагс, волейбол, биллъярд, өөрийнхөө чаддаг төрлөөр мөрийтэй ч хамаагүй тогло. Сэтгэл хөдөлгөм мелодрам, өөрийн эрхгүй нударга зангидам боевик, эсвэл шар үс бостол жихүүцэм аймшгийн кино үз.
Өөрийгөө арчил
Гадаад төрхөө өөрчлөх нь хүнд урам зориг хайрлаж, дахин төрсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
-Үснийхээ засалтыг өөрчил.
-Шинэ хувцас худалдаж ав.
-Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил.
-Биедээ массаж хийлгэ.
-Үнэртэй усаа соль.
Хамгийн чухал нь та амьдралыг, бас өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө амьдралын сайн сайхны төлөө бухимдлыг ардаа үлдээж, аз жаргал руу тэмүүлээрэй.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )