“Цагаандэл Уул-Өлзий" боомтыг нээх цаад санаархал юу вэ!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

Хариуцлагагүй уул уурхайн хөлд хамгийн их нэрвэгдэж, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдал, онгон дагшин уул савдгаа ухуулж дуусч буй аймаг бол Өмнөговь. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн ихэнх суманд уул уурхайн лиценз олгогдож, олборлолт хийгдсэн байдаг. Үүний уршгаар говийн гүний усны нөөц багасч, булаг шанд ширгэж, нэн ховор ан амьтны тоо толгой цөөрч, цөлжилт эрчимжив. Үндсэндээ тус бүс нутгийн эко систем бүрэн алдагдахад хүрээд буй. Аймгийн хэмжээнд уул уурхайнхны шуурганд өртөөгүй багахан газар байгаагийн нэг хэсэг нь Хүрмэн сум. Харамсалтай нь, үлдсэн энэ жаахан бүс нутагт хилийн боомт нээх нэрийдлээр  Ашигт малмалын газраас олгогдсон лицензүүдийг “амилуулах” хүсэл шуналтай этгээдүүд  байсаар байна. Тэд “Цагаандэл уул-Өлзий” хилийн боомтыг нээх ажлыг эрчимжүүлэхээр улайрч эхэлсэн нь ил цагаандаа гарах болов. Шинэ боомт руу төлөвлөсөн замын транс дагуу 38 ширхэг ашигт малтмалын лиценз байна гээд бод. Тэгэхээр энэ боомтыг ашиглалтын лиценз эзэмшигч аж ахуй нэгжүүд л нээхийг эрмэлзэж буй нь тодорхой юм. Хамгийн харамсалтай нь дээрх ашиглалтын лицензийн дийлэнх нь жижиг нүүрсний ордууд. Эдгээр жижиг ордууд нээгдээд эхэлбэл Өмнөговь аймгийн бүрэн бүтэн үлдсэн сүүлчийн газар нутаг сэндийчлэгдэж, талхлагдах нь тодорхой. Иймээс л нутгийн уугуул  иргэд, учир мэдэх хүмүүс шинээр боомт нээхийг эсэргүүцдэг юм.

Б.Ганболд: Суманд олгогдсон лицензүүдийн эзэмшигч дотор Хятадын компаниуд бий

Хүрмэн сумын Засаг дарга Б.Ганболдоос боомттой холбоотой  зарим зүйлийг тодрууллаа.

-Танай сумын нутаг дэвсгэрт “Цагаандэл уул-Өлзий” боомт байгуулах асуудал сүүлийн жилүүдэд яригдах болсон. Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард  нэлээд эрчимтэй яригдаж байсан. Сонгуулиас хойш таг чиг болсон. Одоогийн байдлаар сум орон нутгийнханд мэдэгдэж байгаа юм алга л байна. Монгол талаас бүтээн байгуулалтын ажил хийж барьсан зүйл одоогоор байхгүй.

-Малчид иргэдийн хувьд энэ боомтыг бариулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байсан. Та сумын Засаг даргын хувьд ямар байр суурьтай явдаг хүн бэ?

-Миний хувьд сумынхаа иргэдтэй ижилхэн бодолтой явдаг хүн. Жишиг боомт барих нэрийдлээр манай аймгийн одоо байгаа хоёр боомт шиг хэцүүхэн байдалтай бас нэг боомт бий болох юм биш байгаа гэсэн болгоомжлол  бий. Хүмүүс бол хоёр л янзаар яриад байдаг юм. Байгаль экологийн талаас нь аваад үзвэл энэ боомтыг мэдээж дэмжихгүй шүү дээ.

-Шинэ боомт байгуулах энэ асуудал дээр танай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүддээ хандаж байв уу. Тэд ямар байр суурьтай байдаг юм бол?

-Манай сумын иргэд төлөөлөгчид энэ боомтыг эсэргүүцэж, улмаар төрд төлөөлж сонгогдсон үе, үеийн гишүүддээ хүсэлт хүргүүлж байсан. Сонгуулиас өмнө бол ард иргэдтэйгээ уулзаад явж байхдаа  мөн л эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Одоо чухам ямар бодолтой явдгыг нь сайн мэдэхгүй юм.

-Сум орон нутгийн удирдлагын хувьд энэ боомтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж хаана, хэдэн удаа хандаж байв?

-Манай сумын Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн хугацаанд боомт барих энэ асуудлыг зогсоохыг шаардаж бүхий л түвшинд зөндөө явсан. Ноднин арваннэгдүгээр сарын 16-нд боомтын бүтээн байгуулалтын ажлууд явах гээд  бөөн үйл явдал өрнөсөн. Аж ахуй нэгжүүдийн хоорондын зөрчил, ард иргэдийн эсэргүүцэл гэх мэтчилэн их юм болсон. Ер нь л шинэ боомт барих асуудал үе, үе идэвхжиж, тэр тоолонгоор олон асуудал гардаг л даа.

-Шинэ боомт баригдах бүс нутгийн зураг төсөл дээр танай сумын хэчнээн багийн нутаг дэвсгэр хамарсан байдаг юм бэ?

-Манай сумын гурван багийн нутаг дэвсгэрээр шинэ боомт дамжин өнгөрөхөөр байгаа юм. Хамгийн их газар нутгийг хамарч байгаа баг бол манай  сумын Жанжин баг.

-Танай суманд уул уурхайн хэчнээн лиценз олгогдсон байдаг вэ?

-Ер нь 20 гаруй лиценз бий.

-Лиценз эзэмшиж буй иргэд, аж ахуй нэгжийн мэдээллийг өгөх боломжтой юу?

-Би хөдөөгүүр явж байна. Яг тэр, энэ компанийн лиценз гэж цээжээр хэлж мэдэхгүй байна.

-Танай суманд олгогдсон лицензүүдийн дотор Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн мэдлийн ашиглалтын лицензүүд байдаг гэж сонссон. Энэ үнэн үү?

-Мэр сэр байгаа байгаа.

Ч.Чулуунцэцэг: Биднийг төлөөлж УИХ-д суугаа Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар таг чиг

Хүрмэн сумын Жанжин багийн малчин Ч.Чулуунцэцэгтэй ярилцлаа.

-Та сумын уугуул иргэний хувьд “Цагаандэл уул-Өлзий” хилийн боом­тын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сумын малчид бидний хувьд энэ боомтыг нээхийг шууд эсэргүүцдэг. Нутгийн маань ард иргэд ер нь л тийм бодолтой явдаг. Манайх шинээр баригдана гээд байгаа боомтын  замын  хажууханд байдаг малчин айл. Өмнөх хоёр боомтынхоо бодит байдлыг харахад дахиад шинэ боомт баригдвал ялгаагүй л гэж бодож байна. Манай Жанжин багийнхан бол тэр чигтээ эсэргүүцэж байгаа.

-Шинэ боомт руу очих нүүрс тээврийн хатуу хучилттай зам тавигдаж эхэлбэл ойр орчмын хэчнээн малчин өрхийн бэлчээр, усны асуудал хөндөгдөхөөр байна вэ?

-Олон олон. Ганцхан Жанжин багаас л гэхэд яг манайх шиг замтай ойрхон нутагладаг 50 гаруй малчин өрх бий. Яг тэр зам тавигдана гээд байгаа Бор тээг гэдэг нутгаар бол манай сумын айлуудын 50 хувь нь зунждаг  газар юм шүү дээ.

-Тэгэхээр маш олон өрх айлын бэлчээр нутгийн асуудал хөндөгдөж байгаа юм байна. Шинэ боомт барих асуудлаар холбогдох газар нь нутгийн иргэдтэй уулзалт танилцуулга хийж байсан уу?

-Миний мэдэхээр нэг удаа уулзалт хийсэн. Тэр үеэр янзын сайхан зам барина, Аялал жуучлалыг хөгжүүлнэ гэж ярьж байсан. Гэхдээ анзаараад судлаад байхад үндсэн зорилго нь өөр л юм билээ. Шинэ боомт руу тавигдах зам дагуу маш олон уурхайн лиценз бий гэсэн. Тэр лицензүүдийг л ашиглах арга саам юм болов уу гэж бодогдох болсон. Угаасаа энэ замыг барих нь малчин өрх бидэнд маш их хохирол дагуулна. Амьжиргааны гол эх үүсвэр болсон малын бэлчээрийг маань хоёр хувааж, булаг шанд ширгээх эрсдэл бий болох нь тодорхой. Манай аймгийн бүх л сум уурхайнхны хөлд ингэж л нэрвэгдэж байгаа. Бидний таньж мэддэг, манай сумын гаралтай арай дээхнүүр албан тушаалтай, бизнесмэн улсууд  “Цагаандэл уул-Өлзий” боомт нээгдэнэ гэх сураг гарснаас эхлүүлээд л зам дагуу лиценз аваад байгаа гээд дуулдаад л байсан.

-Та хэд энэ боомтын талаар төрд төлөөлж суугаа төрийн түшээддээ хандаж, санал хүсэлт явуулж байсан уу?

-Явуулсан, явуулсан. Манай аймгаас чинь нутгийнхаа иргэдийг төлөөлж, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ гэсэн хоёр хүн УИХ-д суугаа шүү дээ. Н.Наранбаатарт бол сонгогдохоос нь өмнө хэлж байлаа.  Сонгогдохоор ирэхдээ ”Шинэ боомтыг нээлгэхгүй талаар ажиллана“ хэмээж байсан удаатай. Тэгэж л  ард иргэдийн саналыг авсан шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо ганц үг дуугарахгүй л байгаад байгаа юм.  Ер нь Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ хоёрыг УИХ-д сууж байгааг ч бараг харсангүй. Телевизээр огт гарахгүй, харагдахгүй.  Таг чиг л байх юм. Нутгийн иргэд бид чинь тэднийг энэ асуудал дээр хөөцөлдөж өгнө гэж найдаж, хүлээж сууна даа.

-Та өөр юу хэлмээр байна?

-Шинэ боомт хүртэлх энэ замыг тавиулахгүй л байхыг хүсэж байна. Би түрүүн хэлсэн, зам дагаад маш их лицензүүд олгогдсон тухай. Тэр бүх лиценз энэ зам тавигдахаар олборлолт  болох нь ойлгомжтой. Тэр цагт манай сумын байгаль экологийн асуудал хүндэрч, малчин иргэд бидний үеэс үе дамжин өвлөгдөж ирсэн газар нутаг маань сүйднэ гэж бодохоор тэмцэхгүй байхын аргагүй.

Н.Бат-Эрдэнэ: Зам баригдах яг тэр бүс нутгаар нэн ховордсон ан амьтад нутагладаг

Шинээр баригдахаар яригдаад буй боомтын тээврийн зам Өмнөговь аймгийн Хүрмэн сумаас гадна Номгон, Ханхонгор сумуудыг дайран өнгөрөхөөр трасс зураг нь гарсан байдаг. Тиймээс Номгон сумын иргэн Н.Бат-Эрдэнээс байр суурийг нь сонслоо. Тэрбээр “Манай сумын газар нутгийг 30 гаруй км урттай нүүрс тээврийн засмал зам дайрч өнгөрөхөөр байгаа юм билээ. Замын трасс гарсан яг тэр бүс нутгийн орчмоор нэн ховордсон зэрлэг ан амьтан байрладаг. Мэдээж зам дагасан хөл хөдөлгөөн, дуу чимээний хөлд нэрвэгдэхгүй гэх баталгаа байхгүй. Орон нутгийн иргэдийн хувьд үүний эсрэг л байр суурьтай байгаа. Ганцхан аймагт олон боомтны хэрэг байна уу. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоо л тордмоор байгаа юм” гэлээ.

“Боомт Өмнөговийн иргэдэд ямар ч өгөөжгүй”

Ханхонгор сумын иргэн Л.Уянгаас байр суурийг нь сонслоо.

Тэрбээр “Нутгийн иргэдийн хувьд энэ хилийн боомтыг бариулахгүй, нээлгэхгүй гээд их эсэргүүцэж байгаа. Одоо байгаа хоёр боомт маань Өмнөговь аймгийн иргэдэд ямар ч үр өгөөжгүй, бизнес хийх боломж бололцоо байхгүй байхад гуравдагч боомтыг нээх гээд байдаг нь ямар учиртай вэ. Энэ хилийн боомт эхэндээ аялал жуулчлал гэж явж байгаад сүүлдээ нүүрсний ачаа тээврийн зам болчихвий гэсэн бодолтой байгаа” гэв.

Өмнөговьд нээхээр яригдаж байгаа гуравдагч боомтын талаар нутгийн иргэдийн байр суурийг сонсоход ийм байна. Иргэдийн хувьд зөвхөн замыг эсэргүүцээд байгаа асуудал биш. Зам дагуу олгогдсон лицензүүд “амилж”, хариуцлаггүй уул уурхайн хөлд нэрвэгдэхээс зүрхшээж байгаа нь илт. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр боомт нээгдэж, зам тавигдсанаар энэ замын ойролцоох таван сумын нутаг дэвсгэрийг дамнан олгогдсон 78 ашигт малтмалын лицензийн эзэд олборлолтоо хийхээр хүлээж буй сурагтай. Тэндээс 39 нь ашиглалтын лиценз байгаа гэх бөгөөд лиценз эзэмшигчдийн зарим нь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд гэнэ. Тэдний цөөнгүй нь нүүрс зөөх бэлтгэлээ бүрэн хангасан гэх мэдээлэл байна. Тэгэхээр энэхүү замыг тавьж, шинэ боомт нээхийг эрмэлзэгчид нь аялал жуучлалыг хөгжүүлэгчид бус ашигт малтмалын салбарынхан байгаа нь ийнхүү тодорхой боллоо.

Байгаль хамгаалах сангаас дэлхийд үлдсэн онгон дагшин газар нутгаар Хүрмэн сумыг нэрлэж байв

Хэрвээ “Цагаандэл уул-Өлзий” хилийн боомт нээгдээд эхэлбэл зам дагасан уурхайн жижиг ордууд онгон дагшин уул, усыг аюулд хүргэх нь тодорхой юм. Шинээр баригдах энэхүү хилийн боомтын бүс нутагт Өмнөговь аймгийн Хүрмэн, Номгон, Ханхонгор сумдын газар нутгийн  байгалийн гайхамшигт зүйлс байрладаг ба энэ бүгд устах аюулд орохыг ч үгүйсгэхгүй. Өмнийн говийн энэ л бүс нутаг өөрөө дэлхийд ховор, цөлийн 33 зүйл хөхтөн амьтны өлгий нутаг гэдгээрээ алдартай билээ. Тус бүс нутгийн хойноос  урагшаа 225 кв.км сунаж байрласан талбайд Хөндөс, Цагаан уул, Цохио, Цахир, Их, бага аргалант, Зүүнсайхан, Өлзийт, Хэвтээ Босоо зэрэг хэц, уул  нурууд хөндлөн байрладаг байна. Тэр дундаа Улаан хүрээ, Хаяа Гурван бөгтий, Сүмбэр, Суудал, Зүрх хайрхан, Сэнжит, Гозон Дөшийн тойром, Бичигт зэрэг улс аймагтаа алдартай  байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Мөн Батмөнх даян хааны унаж төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал, эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтайг түүхч, газарзүйч нарын ном тохимолд тэмдэглэсэн байдаг.  Мөн дээрх бүс нутгаар улаан, цагаан гоёо, цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс ,алтан болон мөнх харгана, загсгал, гурван янзын ортууз, заг хайлаас зэрэг  180 гаруй төрлийн ургамал бут сөөгүүд ургадаг. Зөвхөн говийн зөөлөн хөрсний шимээр л ургадаг энэ бүх ургамал уурхайн хөлд нэрвэгдэх аюул ойрхон байгаа юм. Улмаар дээрх ургамлаар идээшилж амьдардаг  дархан цаазат аргаль,   янгир, хулан, хар сүүлт  гэх мэт найман төрлийн ан амьтны амьд орших үндэс суурь ч ганхахгүй гэх баталгаа алга. Цаашлаад тухайн бүс нутагт тоологдсон есөн төрлийн шувуу, 11 төрлийн мэрэгч, найман төрлийн хэвлээр явагч амьтад ч уул уурхайн дуу чимээ, тоос шроонд дарагдаж, дүрвэн дайжих аюул нүүрлэж ч болох юм. Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийд үлдсэн хамгийн сүүлчийн онгон дагшин газар нутгаар Хүрмэн сумын бүс нутгийг хэдэн жилийн өмнө нэрлэж байсныг санаж буй биз ээ. Өмнөговьд хөндөгдөөгүй, ухагдаагүй газар нутаг тун ховор. Ганцхан үлдсэн энэ бүс нутагтаа гар хүрэхгүй, байгалийн онгон дагшин байдлаар нь аваад үлдэхэд яагаад болохгүй гэж. Үнэндээ

“Цагаан дэл уул-Өлзий” боомт, түүнийг тоссон хятад, Монгол эзэдтэй уурхайнууд говийн эмзэг зөөлөн хөрс, нэн ховор ургамал, газар нутаг, хүн, амьтан амьдрах нөхцлийг дахиж хэзээ ч сэргэхгүйгээр устгах нь тодорхой. Энэ бүхний нотолгоо бол өнгөрсөн хугацаанд Өмнөговьд нүүрлэсэн уул уурхайн хар мөр бэлхнээ гэрчлэх юм.

Өмнийн говийнхныг төрд төлөөлж буй түшээдэд дайх үг

“Цагаандэл уул-Өлзий” боомтын асуудал зөвхөн өнөөдөр яригдаж буй зүйл биш. Учир нь энэ боомтыг нээх асуудлыг БНХАУ, Монгол Улсын хооронд аль эртнээс ярьж эхэлсэн байдаг. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд хилийн боомтыг нээх тухай Засгийн газрын хэд, хэдэн тогтоол, УИХ-ын 93 дугаар тогтоол гарч байв. Цаашилбал, боомт нээхийг эрмэлзсэн улс төр бизнесийнхний лобби бүлэг ч өнгөрсөн хугацаанд хүчээ авч эхэлсэн байдаг. Тэдний шахалт, лоббигоор  2019 оны зургаадугаар сард Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орон /ӨМӨЗО/-ны боомтын алба хоорондын Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа хүртэл болж байв. Тус ёслолын ажиллагааны мэдээллийг эргэн сөхвөл, хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан ижил түвшинд төлөвлөж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар боллоо. Үүний дагуу Тавантолгой-Баруун наран чиглэлийн авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул-Өлзий” боомт хүртэлх тусгай зориулалтын авто замын гэрээ байгуулагдаж, замын зураг төсөл хийгдэж байгаа тухай мэдээлж байв.

Энэ бүхнийг нэхэн өгүүлсний учир нь энэхүү боомтыг нээлгүүлэх асуудал нэлээд хүчээ авсныг сануулах гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, шинэ хилийн боомтын асуудлыг зөвхөн нутгийн иргэд эсэргүүцэхэд хүч мөхөсдөх нь тодорхой гэсэн үг. Тиймээс Өмнөговийн иргэдээ төлөөлж, эрх ашгийг нь хамгаалахаар амлалт өгч, төрд суусан хоёр гишүүн нь дээрх асуудлыг анхааралдаа онцгой авах шаардлага тулгарсныг энэ дашрамд сануулахад илүүдэхгүй биз.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Говийн хүн(66.181.185.150) 2021 оны 05 сарын 18

Хүрмэнг ядаж тайван орхиоч гэж хүсэж байна

0  |  0
Zochin (66.181.161.12) 2021 оны 05 сарын 18

Hurmen sumiin darga ganbold neeh meden budilaal bna ene nuhur ih nootoi hundee anh temtsej baihad ard tumneesee zaigaa barial baisan suuldee yaltgui asuudal hurtsdaad ulsiin hemjeenii shahuu bolood irhed araggui erhend barag l buruu harj baigaad tumen olniihoo tuluu gants neg ug unagsan tulga bagiin Iregdiin hurliin darga ni huuramch gar huliin useg huuramch bichig barimt burduulsen l baisan ed nar tag nuugaal garsan tegheer darga tuluulugch nart bol itgeh itgel baij bolohgui zuvhun nutgiin ard irgeddee l itgej temtseh heregtei bna mandahbayr guai ug ni sain temtsej baisiin ergeed negdeh here

0  |  0
Нэр(103.23.50.131) 2021 оны 05 сарын 19

Уул уурхай бол ухагдаж дуусдаг баялаг. Харин Мал аж ахуй бол Монголыг тэжээх баялга юмдаа

1  |  0
Б.Долгор(202.9.40.49) 2021 оны 05 сарын 19

Энэ боомтыг хэрхэвч нээлгэж болохгүй. Өмнөговийн бүх сумын нутгийг, бүх хүн ард, амьтан, ус ургамал, уул талыг уул уурхайгаар самрахаа зогсоох цаг болсон. Хэдэн шуналтны ханаж цаддаггүй хүслийг гүйцээх газар нь Өмнөговь байх ёсгүй.\n

1  |  0
Ок(192.82.82.197) 2021 оны 05 сарын 19

Хэдэн малчинд хэрэггүй юм гэхэд улс оронд хэрэгтэй

0  |  1
Top