УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Уг хуулийн төсөл батлагдсанаар улсын хэмжээнд үе шаттайгаар 60 мянга орчим камер шинээр суурилуулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хийгээд гарсан хэргийг шуурхай илрүүлэхэд ашиглах юм байна.
Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийх үеэрээ “Нийслэлд 5008 цэгт 20032 камер, аймгуудын төвийн 3339 цэгт 13356 камер нэмж суурилуулах шаардлагатай” гэсэн тооцоог танилцуулсан юм. Иймд, камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулах санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгохоор торгох ял, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлснээр төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Ингээд чуулганы үеэр гишүүд хэрхэн асуулт асууж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
Д.Тогтохсүрэн:
-Энэ хуулийн гол концепц нь камерын нэгдсэн системийг бий болгож гэмт хэрэг зөрчлийг багасгана гэж байгаа юм байна. Энэ хууль хоёр талтай. Нэг талдаа нийтийн эзэмшлийн газруудад хяналтаа сайжруулаад гэмт хэрэг, зөрчлийг багасгаж болно. Нөгөө талд нь хувь хүний эрхтэй холбоотой асуудал байдаг юм. Ерөнхийд нь энэ системд оруулахаас өөр арга байхгүй. Ямар зардал шаардагдах юм бэ.
Х.Нямбаатар:
-Бараг 300 гаруй сая ам.долларын асуудал яригдаж байгаа. Өнөөдөр торгуулийн орлогын 40 хувийг аймаг, дүүргүүд өөрсдөө хуваарилдаг. Түүний 20-иос доошгүй хувийг камержуулалтад зориулдаг байхаар төлөвлөсөн. Торгуулийн орлогоос жил болгон камерын тоог тодорхой хэмжээнд нэмж, стандартын дагуу суурилуулъя гэж байгаа. Бид улсын төсөв дээр нэг дор нэг их наяд төгрөгийн дарамт учруулах боломжгүй. Энэ ажлыг хийснээр цаашид гэмт хэргийн гарал буурна гэсэн судалгаа бий.
Ж.Сүхбаатар:
-Төр оршин байгаа гол утга учир нь иргэдийн эрхийг хамгаалах байдаг. Итгэл гэдэг асуудал байна. Камержуулах гэмт хэргийг бууруулах талаасаа зөв байгаа. Гэхдээ камераар далимдуулаад хувь хүний нууцыг задалдаг явдал байна. Тухайлбал, цагдаагийн энгэрийн камерыг ямар үед ашиглах юм. Аюулгүй байдлын баталгаагаа өгмөөр байна. Хувь хүний халдашгүй байдлын тухай хууль хэрэгтэй шүү.
Х.Нямбаатар:
-2010 оны ЦЕГ-ын даргын тушаалаар энгэрийн камерыг ашиглах журмыг баталсан байдаг. Тэр журмаар алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ байнгын камерын төхөөрөмжийг асаалттай явуулна. Дараагийн албан хаагчдаа шилжүүлэн өгөхдөө тэмдэглэл үйлддэг юм билээ. Хоёрдугаарт, хувь хүний мэдээллийг хамгаалах хууль яаман дээр бичигдээд өргөн барих бэлтгэлээ хангачихсан байгаа.
С.Бямбацогт:
-Энэ их чухал хууль байгаа юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хурдан шуурхай илрүүлэхэд чухал. Нөгөө талаас ингэхдээ камерын бичлэгийг хүний эрх зөрчиж, олон нийтэд цацаж байгаад иргэд дургүйцэж байгаа. Үүнийг зохицуулах үүднээс хуулийн төслийг өргөн барьсан гэж ойлгож байна. Хувь хүний нууцад илтэд халдах байршлаас бусдад камер тавина гэдэг заалт орсон байна.
Б.Энх-Амгалан:
-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Яагаад дэмжиж байгаа вэ гэхээр үүнийг дагаад дөрвөн хууль орж ирэх юм. Кибер аюулгүй байдлын тухай хууль бидэнд хамгийн их чухал байгаа. Камержуулалтын үр дүнд нэгдүгээрт иргэдийн аюулгүй байдлыг хангана. Хоёрдугаарт, гэмт хэрэг, осол аваарь бодитойгоор буурдаг. Гуравдугаарт, камержуулалттай холбоотой асуудал дээр битгий улстөрж, битгий хүний эрх ярь. Энэ “хонгил”-ынхон архи дарс ууж, мөнгө төгрөг авч, биеэ үнэлэгчидтэй байсан нь камержуулалтын үр дүнд илэрсэн шүү. Гэмт хэрэг хийдэг, дураараа авирладаг хүмүүст хатуу байх ёстой. Яг хэрэгтэй, шаардлагатай газар нь камераа тавиарай.
Д.Ганбат:
-Хууль зүйн байнгын хороон дээр дэмжээгүй хуулийг яаран оруулж ирэх шаардлагагүй. Гэрэлтүүлэг, модон жорлон гээд тулгамдсан олон асуудал байхад камер тавих асуудлыг яаран хэлэлцэх шаардлагатай юу. Өмнө суурилуулсан 6000 камерны 3000 нь ажилладаггүй юм байна. Ээлжит шахааны бизнес, мөнгө идэх арга болох нь. Энэ камер, энэ хуулийг Хууль зүйн сайдад хариуцуулбал хүний эрх, эрх чөлөөгүй болгоно. Тэгээд зөрчил гаргасан иргэнээ торгоод олсон мөнгөөрөө камер тавиад явах юм байна. Коммунизмын үеийн дотоод яам шиг ажиллаж байна.
Ж.Бат-Эрдэнэ:
-Камержуулалт дээр арагшаа суухгүй байх нь зүйтэй. Үүнийг улс орны хэмжээнд хийх ёстой. Гэхдээ бид нэг зүйлийг хийхдээ хэтэрхий нэг тийш мушгидаг тал бий. Иргэдийнхээ эрх ашиг, хувийн нууцыг хамгаалсан хуулийг дагуулаад оруулж ирнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлж байна. Тэр хуулиа энэ хуультайгаа хамтад нь оруулж ирсэн бол ямар нэгэн маргаан гарахгүй байсан. Хоёрдугаарт, торгуулийн орлогыг хэрэглэнэ гэж байна. Нэг халааснаасаа аваад нөгөө рүү нь оруулж байгаа л хэрэг. Тэгэхээр өөр аргаар шийдэх боломж бололцоог хайх хэрэгтэй. Хоёрдугаарт, камерын хяналтаар дамжуулаад иргэдээ хянадаг байж болохгүй шүү. Үүнээс зайлшгүй зайлсхийх хэрэгтэй. Дорж гэдэг хүн байлаа гэхэд хаагуур явж, хэдэн цагт гэртээ орсон ч гэдэг юм уу хяналтын юм руу орчих вий.
Ш.Адьшаа:
-УИХ-ын баталж байгаа хууль Үндсэн хуульд нийцсэн байх учиртай. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэдийн захидал харилцаа, орон сууцны халдашгүй байдлыг зөрчиж байгаа гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуульд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аливаа дүрс бичлэг ашиглахыг хориглосон заалт байгаа. Гэтэл өнөөдөр хэлэлцэж байгаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд бичигдсэн дүрс бичлэгүүд нотлох баримт болох уу. Таны бодлогоор цагдаа нар хүн торгох ажлыг улс орон даяар өрнүүлж, түүнийхээ тодорхой хувиар камер худалдаж авах хуулийн үзэл баримтлалыг ойлгохгүй байна.
Н.Алтанхуяг:
-Хоёр хоногийн өмнө өргөн барьсан хуулийг өнөөдөр шууд хэлэлцэж байна. Гишүүдэд хуулиа судлах боломж олгооч. Камерын асуудлыг дэмжиж байна. Одоо байгаа 6000 гаруй камерын тал нь ажиллахгүй байна. Хамгийн шаардлагатай газартаа түрүүлж тавих нь хэрэгтэй. Х.Нямбаатар сайдын үед олон юм үзэж байна. Орцны бичлэг тараахыг харлаа. Цагдаа энгэртээ аппарта зүүж бичлэг хийдэг. Энэ хэдэн он бэ. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан хуулийн төслийг Засгийн газар өргөн барих гэж байгаа гэнэ. Тэр хуулиа эхлээд хэлэлцэх хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Энэ бол шахааны бизнесийн орон зай !!!!!!!!
Bat-zerdene xaana xentei buudald orov geed l....