...За сайн хэрэг, зүгээр нохой байна. Сэргэлэн, үүний хурууг тавхийтэл хазсан байна. Хээ, хээ...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

Дэлхийн шилдэг өгүүллэг

Бид энэ долоо хоногт дэлхий дахинд нэрд гарсан гадаадын зохиолчдын сонгодог өгүүллэгүүдийг  толилуулахаар шийдлээ. Уран зохиолын бие даасан төрлийн нэг өгүүллэг нь XVIII-XIX зууны зааг дээр бүрмөсөн бүрэлдэн тогтжээ. ХХ зууны дунд үе гэхэд өгүүллэгийн төрөл нь өнөөдрийн өндөрлөгт хүрч эдүгээ цагт орон орны мянга түмэн уншигчийн сонирхлыг татдаг болоод байна. Ялангуяа, Америк, Франц, Япон, Англи, Орос, Испанийн зохиолчдын бичсэн үе үеийн өгүүллэгүүд онцгой байрыг эзэлдэг боллоо.

Дэлхийн сонгодог өгүүллэгийн ертөнцөд таныг урьж байна.

 

А.П.Чехов 

Антон Павлович Чехов (1860-1904) Оросын нэрт зохиолч. "Алаг цоог өгүүллэгүүд", "Морин хад", "Сүйт бүсгүй" зэрэг өгүүллэгийн олон ном туурвисан. Монгол хэлнээ түүний олон өгүүллэг хэвлэгдсэн. 

 

Хамелеон 

Цагдаагийн хянагч түшмэл Очумелов шинэ шинель өмсөөд гартаа боодолтой юм барьж хотын зээлийн чөлөөгөөр явж байна. Түүний хойноос шар царайтай цагдаа хурааж авсан морин хадаар дүүргэсэн сагс барьж дагалдана.

Очумелов гэнэт сонсвол, бузар золиг, тэгж хаздаг, бушуу бариарай, бариарай. Одоо хүнийг зуух гэдэг хориотой биш үү? гэж бархирах чимээ гарав. Тэгтэл нохой гасална.

Очумелов эргэж харвал худалдаачин Пичугиний түлээний пингээс доголон нохой гэдрэг харан, харан зугтаж явах ба түүний хойноос дотоод ханжаарын товчийг задгай тавьсан, цардмал даавуу цамцтай хүн хөөж явна. Тэр хүн нохойг гүйцэж бөхийн түүний хойт хоёр хөлөөс шүүрэн баримагц газар уналаа. Нохой дахин гасалж “Битгий тавь!” гэх чимээ сонсогдоно. Мухлагуудаас нойрмог байдалтай хүмүүс гарцгааж, газраас гэнэт ургах мэт олон хүн түлээний пингийн дэргэд төдхөн цугларав.

-Эрхэм түшмэл ээ, энэ бузар явдлыг харав уу? гэж цагдаа хэлбэл Очумелов зүүн тийш хагас эргэж цугларсан хүмүүсийн зүг алхав. Очиж үзвэл пингийн үүдний дэргэд ханжаараа задгай тавьсан мөнөөхөн хүн баруун гараа дээр өргөж цустай хуруугаа олонд үзүүлнэ.

Очумелов түүнийг ажиглавал алтны дархан Хрюкин мөн. Олны дунд будлиан гаргасан, ууц дээгүүр ашр толботой, шөвгөр хоншоортой цагаан гөлгөн нохой урд хлөөө алцайлган газар тулгуурдаад цогнойн сууж бүх бие нь дагжин чичирч байв. Түүний нулимстай нүдэнд айж гашуудсан шинж илэрнэ. Очумелов олны дунд зүсэж ороод,

-Ямар юм болов? Чинги йхурууг яасан бэ? Хэн юу гэж бархирав? гэж асуувал,

-Эрхэм түшмэл ээ, би хэнд халдсангүй. Энгийн явж байтал гэж Хрюкин алгандаа ханиан эхэлж үргэлжлүүлэн хэлсэн нь,

-Митрий Митричтэй түлээний тухай ярьж явтал гэнэт энэ муу гайхал учиргүй дайраад хуруу хазав.

-Елдырин! гэж цагдааг дуудаж хэний нохой болохыг мэдэж тогтоол бич. Тэгээд энэ нохойг үгүй хийх хэрэгтэй. Битгий хойшлуул. Энэ галзуу нохой ч байж магадгүй... Хэний нохой вэ? гэж асуувал олны дундаас нэг хүн хэллээ.

-Энэ генерал Жигаловын нохой бололтой. Цагдаагийн хянагч хэлэх нь,

-Генерал Жигаловын нохой юу? гэв. Елдырин чи миний пальтог тайлж ав. Ямар халуун юм бэ? Мөдхөн бороо орох бололтой. Гагцхан би нэг зүйлийн учрыг олохгүй байна Очумелов Хрюкинийг харж хэлэх нь,

-Энэ нохой яагаад чамайг зууж чадсан юм бэ? Энэ чиний хуруунд хүрч хазсан гэж үү? Нохой ийм жаахан, чи ийм том эр, чи гараа лав хадаасанд ураад, дараа нь худал хэлье гэж санаанд чинь орсон биз.

-Үгүй энэ чинь генералын нохой биш. Генералынд ийм муу нохой байхгүй. Тэднийд голцуу цоройдог ноход байдаг сан гэж цагдаа их бодомгой байдлаар хэллээ.

-Чи лав мэдэж байна уу?

-Лав эрхэм түшмэл ээ?

-Би өөрөө мэдэж байна. Генералынд цөм сайн үүлдрийн үнэтэй ноход байдаг, гэтэл энэ бол өөдгүй амьтан, үс үгүй, зүс ч муутай жигшмээр амьтан, ийм нохойн оронцгийг ямар хүн авч байдаг юм бэ? Хрюкин чи хазуулсан хүн энэ хэргийг битгий орхи! Сургамж үзүүлэх хэрэгтэй, цаг нь болсон.

Цагдаа санаснаа ил гаргаж хэлэх нь:

-Генералын нохой ч байж болох юм даа, хоншоор дээр нь бичээгүй юмыг хэн мэдэх вэ? Саяхан гадаа нь ийм нохой үзэгдсэн.

Бас олны дундаас нэг дуу сонсогдох нь:

-Магад генералын нохой мөн.

-Елдырин чи, пальтогий минь өмсгө. Салхи сэнгэнээд байх шиг, даарч байна. Чи үүнийг генералынд аваачаад асуу. Намайг олоод илгээв, нохойгоо гадагш битгий гаргаж байгаарай гэсэн гэж хэл.|

-Генералын тогооч явж байна. Үүнээс асууя. Ай Прохор, наашаа ир. Энэ нохойг үз. Танайх уу?

-Юун дэмий үг вэ? Манайд ийм нохой ер байгаагүй гэхэд Очумелов:               .

-Олон үг асуух хэрэг огт үгүй, энэ золбин нохой мөн. Удтал ярих хэрэг ч үгүй. Хэрэв золбин нохой гэсэн бол золбин нохой байгаа. Алах хэрэгтэй. Ондоо явдалгүй гэж хэллээ.

Тогооч Прохор үргэлжлүүлэн хэлэх нь,

-Энэ манай нохой биш, манай генералын дүүгийн нохой, тэр саяхан ирсэн юм. Манай генерал ийм тайган нохойд дургүй, харин дүү нь дуртай юм.

-Ээ, дүү нь ирсэн юм гэж уү? Владимир Иваныч уу? гэж Очумелов асуугаад царай нь тааламж мишээлээр дүүрч,

-Ээш тэнгэр минь, би мэдсэнгүй. Айлчилж ирсэн үү?

-Айлчилж ирсэн.

-Ээш тэнгэр минь, ахыгаа санаад ирж л дээ. Би мэдсэнгүй! Тэгээд энэ тэдний нохой юу? За сайн хэрэг, аваач даа, зүгээр нохой байна. Сэргэлэн, үүний хурууг тавхийтэл хазсан байна. Хээ, хээ, хээ, юунд чичрээд байна? Ррр ррр... Уур нь хүрч байна гайхал чамайг...

Прохор тэр нохойг дуудаж дагуулаад түлээний пингээс зайлав. Цугларсан хүмүүс Хрюкинийг элэглэн инээлдэнэ.

-Байз, сайхан мэдээрэй! гэж түүнийг Очумелов занаад шинелиэ өмсөж зээлийн чөлөөгөөр цааш явлаа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(202.55.188.45) 2024 оны 05 сарын 23

мундаг сургамжтай юмаа

1  |  0
Top