Ц.Мөнхбат: Дундговьд 80 мянган мод тарьж, шороон шуурганаас хамгаална

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дундговь аймгийн хэмжээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгасан байгаа вэ?

-Аймгийн Засаг даргаар томилогдоод одоо зургаан сар болж байна. Орон нутгийн сонгуульд оролцоход намын хөтөлбөр гэж бий. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам “Дундговь хөгжинө” хөтөлбөр боловсруулж оролцоод ялалт байгуулсан. Мөрийн хөтөлбөрийн маань гол үзэл санаа сумын төвийн шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх гэсэн хоёр үндсэн чиглэлд туссан. Тийм болохоор намынхаа мөрийн хөтөлбөрийг үндсэнд нь Засаг даргын мөрийн хөтөлбөр болгосон байгаа. Дээрээс нь “Алсын хараа-2050” гэж Монгол Улсын бодлогын баримт бичгийн үзэл санаа, орон нутагт хийх зайлшгүй шаардлагатай зүйлүүдийг мөн тусгасан. Иргэдийн оролцоог чухалчилахаас өмнө иргэдээ сонсдог байх нь чухал гэж үзсэн. Тийм ч учраас би Засаг даргаар томилогдоод анхны тушаалаараа долоо хоног бүрийн бямба гарагийг “Иргэдээ сонсох өдөр” болгон зарлаад явж байна. Тэднийхээ бодож санаж байгааг төрийн үйл хэрэгт оруулах, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдэхэд энэ нэлээд дөхөм болж байгаа. Хоёрдугаарт нь би дараагийн захирамжаараа энэ жилийг аймгийн хэмжээнд “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнийг ганцхан жил зарлаад өнгөрдөг биш цаашдаа жил болгон бизнес эрхлэгчдээ дэмждэг байх ёстой. Энэ ажлын хүрээнд орон нутагт бизнес эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой хүмүүсийг аль болох олон болгох бодлого барьж байна. Орон нутгийн худалдан авалт, тендерт аль болох орон нутгийнхаа аж ахуйн нэгжүүдийг түлхүү оруулах, дэмжих зорилготой ажиллаж байгаа.

-Иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр яг ямар ажлуудыг хийх вэ?

-Мэдээж бид чи үүнийг хий, ингэ тэг гэхээсээ илүүтэй хүн өөрийн оюун ухаан, авьяас билгээрээ юу хийх вэ гэсэн сонирхлыг төрүүлэх нь их чухал. Тэгэхгүй болохоор өнгөрсөн жилүүдээс харж байхад бид улсаараа халамжаар амьдардаг  байдал руу бараг орчихлоо. Төр засгаас юм үнэгүй өгөхөөр авчихдаг хэрнээ боломжийн үнээр худалдаад ав гэхээр авдаггүй. Сая хаваржилт хүндрэхэд өвс тэжээлийн нөөц бэлдээд, Засгийн газар, салбар яамдуудын сайд нар, төр, төсвийн байгууллагуудаас бишгүй зээл тусламж авсан. Тэднээсээ малчиддаа үнэгүй, хөнгөлөлттэй зээлээр өгсөн. Харин ийм үнэгүй юмыг нь болохоор аваад хажууд нь боломжийн үнээр ав гээд холбоод өгөхөөр авдаггүй. Тэгсэн хэрнээ хатуухан хэлэхэд үнэгүй юм өг гээд шаардаад байдаг нэг хэсэг бий болчихлоо. Тиймээс иргэд маань өөрсдөө хөдөлмөрлөж өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэхэд нь бид  яаж тусалж дэмжих вэ гэдэг дээр түлхүү ажиллахаар төлөвлөж байна. “Загас барьж өгөх биш, загас барих аргыг нь зааж өг” гэсэн нэг үг байдаг шүү дээ.

Иргэдийн оролцооны хувьд сумын төвийн шинэчлэлийг жинхэнэ хийж чадсан сум бол манай аймгийн Гурвансайхан. Иргэд нь өөрсдөө оролцож, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтад нь гар бие оролцсон учраас тийм амжилттай болсон. Ингэж иргэдийг татан оролцуулсан учраас удаан хугацаанд эвдрэл гэмтэлгүй, иргэд ч түүндээ хайртай, гамтай байгаа юм. төрөөс зүгээр тэрбум, тэрбумаар нь хөрөнгө шийдээд хийгээд өгчихөөр хайрлаж хамгаалах тал дээр асуудалтай байгаа. тийм болохоор бид тэр бүтээн байгуулалтад иргэдийнхээ бие сэтгэлийг оролцуулъя, заавал тодорхой хэмжээний санхүү мөнгийг нь гаргуулъя гээд байгаа юм.

-Танай аймгийн хувьд өвөл, хавар нэлээд хэцүүхэн болсон. Энэ хугацаанд малын хорогдол хэр гарсан бэ. Мал төллөлт дууссан уу?

-Өнгөрсөн 2020 оны зун, намар хэт халалттай, хуурайшилттай байсан. Үүнийгээ дагаад энэ оны өвөл, хавар маш хүнд боллоо. Манай аймгийн хэмжээнд 3,7 сая мал тоологдсон. Үүний сая орчим нь өөр аймгуудад, сая гаруй нь өөрийн аймаг дотроо отроор өвөлжсөн. Өвөл нь хүнд байхаар хавар нь залгаад маш хүнд болсон. Энэ жилийн гуравдугаар сарын 14-ний өдөр байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл буюу 34 м/секундээс дээш шороон шуурга болж есөн хүний амь нас хохирч, олон тооны мал зүй бусаар хорогдсон харамсалтай явдал болсон. Бид энэ бүхэнд нутгийнхаа Их хурлын гишүүд УОК, олон улсын байгууллагуудад хандаж, хандивын тоглолт хүртэл хийж 700 орчим сая төгрөгийн тусламж дэмжлэг авч малчиддаа тарааж өгсөн. Энэ аймшигт явдал болохоос өмнө малын зүй бус хорогдол гучин хэдэн мянга байсан бол 300 гаруй мянга болсон. Түүнээс хойш энэ хаварт мөн олон удаагийн хүчтэй шороон болон цасан шуурга болж, нэг айлын 700 бог мал элсэнд дарагдаж хорогдсон тохиолдол гарсан. Төлийн хувьд өвөл, хавар хүнд болно гэдгээс шалтгаалаад малчид маань төллөх малаа 50 орчим хувьтай төллөхөөр зохион байгуулсан юм билээ. Гэтэл байгалийн хүндрэлээс болоод төллөсөн ч гэсэн эх малууд нь зүй бусаар хорогдчихсон учраас төлийн хорогдол бас их гарсан. Мал төллөлт бол үндсэндээ дууссан. Манай аймагт учирсан энэ байгалийн гамшигт үзэгдэл дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болоод олон нийтийн анхааралд тэр бүр хүрсэнгүй. Гэхдээ бид өөрсдийн хэмжээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөөд тодорхой уулзалт, зөвлөгөөнүүдийг хийсээр байна. Японы “Хүүхдийг ивээх сан” гээд олон улсын байгууллага, Дэлхийн банк, НҮБ-ын төсөл хөтөлбөрүүдэд хандаад араас нь хөөцөлдөж байгаа. Ер нь энэ бэлчээрийн доройтол, хөрсний эвдрэл, цөлжилт зэрэгт олон улсын байгууллагуудын анхаарлыг хандуулах хэрэгтэй байгаа юм.

-Бэлчээрийн доройтол, цөлжилтийн эсрэг ямар ажлууд хийх нь илүү үр дүнтэй байдаг юм бол?

-Энэ асуудал дан ганц дундговьчуудын асуудал биш, нийт Монгол орны, цаашлаад дэлхий нийтийн асуудал юм билээ. Зөвхөн мод тариад цөлжилтөөс бүрэн хамгаалж чадахгүй ч хамгийн түрүүнд хийх ажил бол мод, ургамал тарих. Бид эхний ээлжинд яг энэ чиглэлээр мэргэшсэн эрдэмтэдийн зөвлөлөөр хөрсний эвдрэл, цөлжилтөө тодорхойлуулах гээд хандчихсан байгаа. Энэ дуусахаар аль хэсэгт нь мод ургамал тарих, аль хэсгийг нь хашиж хамгаалах юм гээд бүх зүйл тодорхой болно. Ингэсний дараагаар төр засаг, олон улсын байгууллагуудад хандаж, томоохон хөрөнгө оруулалтаар шийдэх хэрэгтэй. Дэлхийн чиг хандлага болохоор байгаль цаг уур цаашдаа улам өөрчлөгдөх учраас дасан зохицож амьдрах нь чухал гэж байгаа юм билээ. Гэсэн ч бид цаашдаа аймгийнхаа хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүн бүрийг мод тарьдаг дадал зуршилтай болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Ирэх онд манай аймгийн 80 жилийн ой болно. Тиймээс аймгийн хэмжээнд 80 мянган мод тарихаар болоод сумуудынхаа дунд уралдаан зарласан. Мөн манай аймгийг дамжин өнгөрдөг улсын чанартай автозамын хажуугаар 11,5 километр газарт мод тарих ажлыг санаачлаад эхлүүлээд явж байна.  

-Зохицож амьдарна гэхээр бэлчээрийн гэхээсээ эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх гээд л эхлэх байх даа?

-Манай аймаг мал аж ахуй дээр суурилсан эдийн засагтай орон нутаг. Одоогийн байгаа 3,7 сая толгой мал гэдэг бол бэлчээрийн даацыг зарим газраа гурав, зарим газраа тав дахин хэтрүүлчихээд байгаа юм. Бэлчээр доройтож, цөлжилт үүсээд байгаагийн бас нэгэн шалтгаан энэ мөн. Тиймээс малын тоо толгойг нэмэгдүүлэхээс илүүтэй чанарыг нь нэмэгдүүлэх тал дээр анхаарах цаг нэгэнт болсон. Үр ашиг сайтай омгуудыг шинээр гаргаж ирэх, нутагшуулах ажлуудыг хийх л ёстой. Мөн бэлчээрийн менежментийг их зөв хийх хэрэгтэй байгаа юм. Гэтэл улсын хэмжээнд малын тоо толгойг нэмэгдүүлэх бодлого явсаар байна. “Аварга малчин”, “Мянгат малчин” гэсэн шагналууд, ноос, ноолуурын урамшуулал зэрэг чинь малын тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарсан бодлого. Ийм байхад эрчимсэн мал аж ахуйг хөгжүүл гэж малчиддаа тулгаж бас болохгүй байгаа юм.

-Дундговь аймгийн хэмжээнд коронавирусний нөхцөл байдал ямар байна. Вакцинжуулалт хэр хийгдэж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд манай аймгийн гурван суманд энэ өвчний тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн. Ойрын болон дам хавьтал гээд нийтдээ 55 хүн энэ өвчнөөр өвдсөн. Манай мэргэжлийн байгууллагууд богино хугацаанд хариу арга хэмжээ авсны хүчинд өвчлөлийг хумиж, одоо нэг хүн эмчлэгдэж байна. Бусад 54 нь эдгэрээд гарсан. Харин вакцины нэгдүгээр тунд иргэдийнхээ 60 гаруй хувийг, хоёрдугаар тунд 20 орчим хувийг хамруулаад явж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(85.218.48.83) 2021 оны 05 сарын 20

Хүн ардаа эрүүл амьдралын дадал,хэвшилд сайн сургаж эрүүлжүүлээрэй.Бас хөдөө нутагаар 1.хятад мото битгий унуулж байгаарай,монгол хүний амь насыгг хамгаалаарай.2.олон малтай байх чухал биш гол нь малын ”чанар” гэж маш зөв,монгол хүнээ ч эрүүл амьдруулахад ШУ - ныг нэвтрүүлэх! 3.зарим 1 говийн сумуудад ( танайхыг хэлээгүй шүү)мал сүргээ хятад хүнээр харуулдаг гэж ?! Үүнд бас хяналттай байвал ...

0  |  0
Zochin(85.218.48.83) 2021 оны 05 сарын 20

Sain bn.Modoo sain tariad mash sn archilj bgarai,ene l hamgin chuhal ni.Amjilt husie Dundgobichuudadaa !

0  |  0
иргэн(103.212.117.185) 2021 оны 05 сарын 20

Соц үед мод тарих талаар Бямбаа гэх бүсгүй ганцаараа ярьдаг хийдэг байсан. ОЙн Бямбаа нэртэй. Хар овооны баруун хойд ард хэдэн мод суулгахад зориулж хэдэн төгрөг байгууллагаас олгоод ,улсын хөрөнгийг үргүй зарцуулсан гэж шүүхэд хүртэл явж,шүүхийн дарга нь Ш. гэх тохьтой учир мэддэг,салгаж ялгадаг хүний ачаар төлбөрөөс салж байсан.Мод суулгах яахав,арчлах тордох нь чухал.

0  |  0
иргэн(202.9.46.55) 2021 оны 05 сарын 19

мод тарих амархан ” арчилж ургуулах нь л хэцүү дээ

1  |  0
Top