Бидний идэж байгаа шар буурцаг генийн өөрчлөлтэй байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 26


 

Бид эрүүл хүнс тэр бүр хэрэглэж чадаж байгаа юу. Бараг үгүй болов уу. Буянт малынхаа шимээр болж л байна гэх хүн цөөнгүй ч малаа өвчнөөс сэргийлэх талаар тааруухан анхаарч байна. Үүнээс болоод ямар өвчний вирус тээж яваагаа төдийлөн мэдэж чадахгүй байна. Монголчууд цаашдаа улам олуулаа болно. Хүн ам маань өссөөр байна. Хүнс тэжээл тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Гэвч сүүлийн үед сэтгэл сэрдхийлгэм таагүй мэдээллүүд биднийг зовоох боллоо. Дэлхийн бодлого тодорхойлогч гэгддэг Америкт генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж бага буурай хөгжилтэй орнуудыг түүгээрээ “ивээн тэтгэдэг” болсон байна. Энэ талаар “Америкийн эрин зуун” цуврал бүтээлээ уншигчдад хүргэсэн Уильям Ф.Эндгалийн судалгааны материалууд дэлхий нийтийг цочроолоо. Түүний бичсэн “Сүйрлийн үрүүд” ном орчуулагдан худалдаанд гарсан. Манайд харьцангуй цөөн хувь хэвлэгдсэн энэ номонд нэлээд ноцтой баримтуудыг дурьджээ. Ф.Эндгаль мөн эл номондоо “Мэдээлэл хомс байхаас мэдээлэлтэй мэт төөрөгдөл дунд сууж байх нь илүү аюултай” гэж онцолжээ. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна гэх боловч ямар мэдээлэл нь бодит үнэнд нийцэж буйг тэр бүр ялгаж чадахгүй л байна шүү дээ. Тэгвэл ийм нөхцөлд юунд илүү баттай итгэх вэ. Судалгаа шинжилгээний үр дүнд болов уу. Ф.Эндгаль тэрхүү үнэмшил төрүүлэхүйц судалгааг лав хийж чадсан юм шиг байна.

Генийн өөрчлөлттэй амьд биетийг Америкчууд аль эртнээс тусгайлсан лабораториудаар бэлтгэж байж. Тэдгээрийг маш цөөхөн хүн удирдан зохион байгуулж байгаа гэнэ. Дэлхийн хоёрдуугаар дайны дараахан үүссэн энэ бүлэглэлийг Америкийн Төрийн департаментийн гишүүн асан Джорж Кенан гэгч толгойлж байжээ. Тэрээр тухайн үедээ “Ашиг хонжоогүй сайн сайхан үйл хэрэг бүтээх гэж бид мөрөөдөх хэрэггүй. Өөрсөддөө ашиггүйгээр дэлхий дахинд буян үйлдэж болно гэж биеэ хуурахгүй байх ёстой” гэж номлож байлаа. Түүний энэ сургаал генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн зохион бүтээгчдийн гол лоозон болсон гэж хэлж болно. Тэд ийнхүү аугаа их Александрийн үеэс хойш дэлхийн түүхэнд гарч байгаагүй хүчирхэг сүлжээгээ байгуулж чаджээ. Дэлхийн хүнсний хэрэглээг бүхэлд нь хяналтандаа оруулахыг тэд зорьсон юм. Зорилгоо ч сайн биелүүлсэн байна. Джон Кенанаас гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссенджер энэхүү хэрцгий бодлогын билэг тэмдэг болсон байв. Тэрээр “Газрын тосыг хяналтандаа байлгах замаар бусад улс орнуудыг эрхшээлдээ оруулж болно. Харин хүнсийг хяналтандаа байлгаж дэлхийн бүх хүн амыг эрхшээлдээ оруулна” гэжээ. Түүний сургаалиар 1980-аад оноос хувийн судалгааны лабораториуд хүнсний ургамлын эсийн генийг өөрчилж, огт өөр төрлийн биетүүдийг гарган авдаг болсон байна. 

Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн нь хүмүүст дараахь сөрөг үр дагаврыг авчирдаг гэж Ф. Эндгал нотолжээ.

1.    Харшлын төрөл бүрийн өвчин

2.    Өмөн үү, түүний хам шинжүүд

3.    Хүнсний ногооны тариалангийн газруудыг хөрсийг сүйрүүлдэг. Дахиад тэрхүү нэгэнт өөрчлөлтөнд орсон үр бордоог л хэрэглэхээс нааш тариалалтаасаа ургац авах боломжгүй.

4.    Тариалсан хүнсний ногооныхоо үрийг дараа жилд нь ашиглаж боломжгүй зэрэг ажээ.

Энд хамгийн гутамшигтай нь тэрхүү генетикийн өөрчлөлттэй үрийг хэрэглэгчдэд шахах өргөн сүлжээ ажиллаж байгаа явдал юм. Үүнийгээ Америкийнхан “Терминатор” хэмээн нэрлэжээ. Зөвхөн нэг жилд л ургац өгөх учраас ийнхүү нэрлэсэн байна.

Ф.Эндгаль ингэж нарийвчлан судлахдаа генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад түгээх зальжин аргууд болон халхавчуудыг нь ч тодорхойлж амжсан юм. Ихэвчлэн зээл тусламжийн хэлбэрээр эдгээр бүтээгдэхүүн нь улс орнууд руу тархдаг байна. Сүүлийн 10 гаруй жилд монголчууд бидний хүнс, эмчилгээндээ хэрэглэх зүйлсийн нэлээд хэсэг нь энэхүү генетикийн өөрчлөлттэй байх магадлал ихээхэн өндөр ажээ. Америкчуудын ийм генетикийн өөрчлөлттэй хүнсний үйлдвэрлэлийн 82 хувийг шар буурцаг эзэлж байгаа гэнэ. Манайхан шар буурцаг хамгийн ашигтай л гээд хошуураад байгаа. Тэжээллэг чанар сайтай гэж сурталчилдаг. Зарим нь эмчилгээний зориулалтаар ашиглаж байна.

Европын холбоо, Австрали, Япон, БНСУ зэрэг улсын эрдэмтэд генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг хүний генд, цаашлаад үр удамд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүний орцонд ийм организм 0,9-өөс дээш хувиар орсон бол “Генетикийн өөрчлөлттэй хүнс” гэсэн тэмдэглэгээ хийж ёстой аж. Харамсалтай нь зарим улс орон үүнийг үл тоож байна. Ялангуяа Хятад, Америкийн хүнс үйлдвэрлэгчид олон улсын стандартыг ийнхүү зөрчдөг ажээ.

Зөвхөн манайд орж ирж байгаа шар буурцаг ч биш, мөн улаан лоольд генетикийн өөрчлөлт шингэсэн байхыг үгүйсгэж болохгүй. Яагаад гэвэл улаан лооль нь генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний жагсаалтанд нэлээд дээгүүр орж байна. Иймээс монголчуудын хувьд аливаа хүнсний зүйлсээ гаднаас оруулж ирэхдээ генийн түвшинд өөрчлөлт орсон эсэхийг шинжлэн судалдаг нарийн лабораторигүй учраас нүдэн балай, чихэн дүлий хэвээр явсаар байгаа юм. 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top