Ан амьтан дайжиж, амьдрал уруудсан тал нутаг

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

Монгол Улсад уул уурхайн хөлд дарагдаагүй аймаг цөөн үлдлээ. Уул уурхайн хөлд дарагдаж, сүйрлийн ирмэгт ирээд байгаа Өмнөговь тэргүүтэй олон аймаг байгаагаас энэ удаад Сүхбаатар аймгийг онцлон хүргэж байна.

Өнөөдөр Сүхбаатар аймагт нийт 76 аж ахуй нэгжийн 102 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд үүнээс ашиглалтын 62, хайгуулын 40 тусгай зөвшөөрөл байгааг дуулгав. Тус аймгийн удирдлагууд хариуцлагатай уул уурхайг бий болгох гэж олон жил ярьж байгаа ч байдал хэвээрээ. Уг нь энэ тал дээр удаа дараа анхаарал хандуулж жилдээ л хэдэн лиценз цуцалдаг ч эргэн сэргэсэн нь цөөнгүй. Энэ жил гэхэд 16 лиценз цуцалж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Гэхдээ урьд жилүүдийнх шиг эргэн сэргэхгүй гэх баталгаа байхгүй гэдгийг орон нутгийн иргэд ярьж байна.

Учир нь орон нутгийн удирдлагуудын зүгээс эрхийг нь цуцалж үйл ажиллагааг зогсоодог ч салбар яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар гээд мэргэжлийн байгууллагуудын үнэлэлт дүгнэлт, зөвшөөрөл гаргаж ирээд үйл ажиллагаагаа эхлүүлдэг учраас яах ч арга байдаггүй гэнэ. Үүний цаана өндөр эрх мэдэл, асар их хөрөнгө мөнгө байж болзошгүй ч давхар дуулгана лээ. Гагцхүү эх нутгаа гэсэн иргэдийнх нь тэмцэл бага ч гэсэн нэмэр болж, мал, малчин хоёрын хувь заяа хаашаа явах нь мэдэгдэхгүй цаг үед амьдарч байгаа аж. Уг нь хэдэн жилийн өмнөөс "Сүхбаатар аймаг дахь уул уурхайн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн тогтмол өрнүүлдэг ч нэмэр болж байгаа нь огтхон ч үгүй. Мэдээжийн хэрэг аймгийн удирдлагууд уул уурхайн компаниудыг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулаагүй, тээвэрлэлтийн замаа сайжруулаагүй, орон нутагтай хууль ёсны дагуу хамтарч ажиллаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно гэж мэдэгдэл хүргүүлдэг ч өндөр эрх мэдлийн дэргэд ихэнхдээ сөхөрдөг аж.

Сүхбаатар аймагт бэлчээр, малгүй доройтож байгаа газар бол Эрдэнэцагаан сум. Тус сумын нутаг, хилийн хориотой зурваст газрын тос олборлох үйлдвэр барих хайгуул, ашиглалтын ажлыг эхлүүлээд байгаа “Макс Ойл” компани дураараа дургиж байгааг малчид эсэргүүцэн, нутгаасаа сонгогдсон түшээдэд хүртэл дуулгаад нэмэр болоогүй гэдгийг ч хэлсэн.

Эрдэнэцагаан сум нүүрс, жоншны олон уурхайтай, дээр нь тус сумын нутгаар “Петро Дачин Тамсаг”-ийн газрын тосны цуваанаас эхлээд уул уурхайн тээвэрлэлт урд хөршийг зорин  “Бичигт”-ийн боомтоор гардаг. Боомт чиглэсэн олон арван зам үүссэнээр тоосжилтод хүн, мал байтугай ан амьтад байх аргагүй болжээ. Ийнхүү байнга тоосонд даруулж байдгаас өвс ургамлын гарц муудаж, булаг шанд ширгэж, мал нь  тарга тэвээрэг авч чадалгүй хорогдох, тэр хэрээр малчид ааруул, цагаан идээ тавих ямар ч боломжгүй болсон байна.

Мөнхүү ямааны ноолуур тоосжилтын нөлөөгөөр чанар муутай гардаг учраас үнэ хүрдэггүй. Хилийн боомтын зам дагуу цагаан зээр, хар сүүлт идээшсэн нутаг байсан бол өдгөө ан амьтад дайжих болжээ. Боомттой гээд тус сумын иргэд малчдын амьдрал, сум орон нутгийн эдийн засаг дээшилсэнгүй. Харин ч эсрэгээрээ өдрөөс өдөрт доройтож буй байгаль орчин шигээ амьдрал нь улам хүндэрсээр байгааг ч харамсан өгүүллээ.

Сүхбаатар аймагт анх 1998 онд "Цайрт минераль” компани зөвшөөрөл авч, 2005 оноос цайрын баяжмал олборлож эхэлсэн байдаг. Эндээс эхлэн тус нутагт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз олноор олгогдсон байна. Өнөөдөр цар тахал, хөл хорио гэж байгаа ч аймгийн хэмжээнд ашигт малтмалын олон арван лиценз олгогдсон гэх мэдээг иргэд хэлсэн. Өмнөхөө цуцалж зохицуулж чадаагүй байхад дээр нь лиценз олгогдож байгаа аймагт газар нутаг сэргэх эсэх тухай асуудал ярих ч хэрэг алга. Газар нутаг, бэлчээр үгүй бол мал сүрэг, амьдрал үгүй гэсэн үг. Уул уурхайг эдийн засаг, хөгжил, их мөнгө хэмээн дайраад байвал эцэст нь амьдрах газар нутаггүй болно гэсэн үг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(58.108.51.214) 2021 оны 05 сарын 24

Mongold hedhen tom uurhai baihad bolno Gazar nutag suitgesen olon jijig uurhaig haah heregtei

0  |  0
Эгэл(59.153.115.141) 2021 оны 05 сарын 24

Аймаг,сумын засаг нар зөвшөөрснөөр лиценз олгогддог шүү.Тэд зөвшөөрөхгүй бол олгогддоггүй, тиймээс аймгийн засаг даргатайгаа хариуцлага тооц

0  |  0
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 24

Лизензийг өгсөн хойнооо цуцлах биш өгөхгүй байх, уул уурхайг эхэлсэн хойно нь зогсоох биш эхлүүлэхгүй байх нь чухал юм биш үү удирдлагууд гээд байгаа улаан коммунистууд хахууль авах гэж худлаа сүржигнэдэг бололтой юм .

2  |  0
уншигч(103.212.119.194) 2021 оны 05 сарын 24

Бэлчээрээ хамгаалсан нь дээр дээ.

1  |  0
Top