...Элий балай болж өмнөө байсан шилэн аяганд архи дүүргэж аваад залгилж орхилоо, тэрнээс цааш бүү мэд...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 26


Шагдайн Цэнд-Аюуш 

Ш.Цэнд-Аюуш 1949 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Шог өгүүллэг, тууж, роман бүхий олон ном хэвлүүлжээ.

 

Салхи хагалагч

Ороо бусгаа үед өвдөнө гэдэг үхэхээс хэцүү юм. Надад эхлээд муусайн жулдрай жаал, эрүү өвдөг нь нийлсэн чавганц нарыг оролдож байдаг хамрын ханиад хүрлээ. Надаас түрүүнд хэдэн өдрийн турш хамраа сэтэртэл найтаасан эхнэр маань,

-Барагтай бол салдаггүй новшийн эд байна лээ. Бага дээр нь дарж ав гээд эмийн мөнгө өгсөн л дөө. Харин би "Энэ муу ханиад яав л гэж" хэмээн бодоод түүгээр нь шар айраг аваад уучихав. Гэтэл одооны ханиад овоо болжээ. "Баслаа" гэж шаралсан хатгаа болж хувираад эрлэг номун хааныд хүргэж өгнө хэмээн намайг чинь чирж гулдарч гарлаа.

Нөгөө талаас эхнэр хүүхэд, эмч домчтой нийлэн явуулахгүй гэж чангааж дунд нь би тэлэгдэн эмнэлэгт сар илүү тарчиллаа. Эцэст нь эмнэлгийн шинжлэх ухаан хөгжсөний хүчинд эдгэрч гэртээ ирэв. Гэтэл яасан гэж санана. Эхнэр маань идэх хоолоо хасаж эмнэлэг руу зөөсөөр чүдэнзний мод шиг чөрийсөн амьтан болсон байв. Би бүр авгайгаа гэдэгт эргэлзэж паспортыг нь үзэж байж үнэмшлээ. Хүүхдүүд талхны булан харахаараа оготно харсан муур шиг дардаг болжээ. Ядарсан үед аминд орно гэж бурхны гүнгэрваанд хадгалдаг байсан эрүүл мэндийн даатгалын дэвтрийн ид шид гараагүй ажээ.

Бэлэн мөнгөөр эмчээс тариа худалдаж авсаар өөрт байгаагаа дуусгаад өрөнд орчихсон байлаа. Гэвч амьд мэнд гарсан хойно арга олдох байх гэж бодоцгоов. Эхний ээлжинд зурагтаа барьцаалан хоёр зуун мянган төгрөг зээллээ. Түүнийгээ эргүүлж хөлжих санаатай байв. Тэгээд Эрээний галт тэрэгний тасалбар авах гэж яваад сургуульд хамт байсан Дамирантай тааралдчихлаа.

-Сургуулийн маань 40 жилийн ой болж байгаа. Хамт очъё гэж тэр хань татлаа.

-Нөгөөдөр урагшаа явна гэж цааргалсан боловч ятгасаар дагуулж явав. Төгссөн сургуулийн маань багш нар биднийг халуун дотноор угтав. Том өрөөнд урт ширээ засаж дээр нь архи дарс, идээ будаа ирийтэл өржээ. Нийтдээ тавиад хүн цугласан харагдав.

Хоёр гурван хундага архи тогтоож хэдэн бууз идээд орхитол хамаг бие тавираад явчихлаа. Түрүүлж ирсэн хүмүүс улаан зээрд болчихсон зөгий шиг дүнгэнэлдэнэ. Ямар ч юманд бэлэн болчихсон янзтай. Захирал багш шавь нартаа баяр хүргэж үг хэллээ. Дараа нь Дамиран зүүгээр хатгуулсан аятай үсрэн босох нь тэр. Багш нараа алт шиг үгээр булаад,

-Ачит сургуульдаа 50 мянган төгрөг хандивлаж байна хэмээн баяр жавхлантай мэдэгдлээ.

Алга ташилт нижигнээд явчих нь тэр. Түүнээс хормын төдий хоцорсон бор залуу Дамиран луу муухай хараад

-Би жаран мянга гэж ориллоо. Захирлын туслах гарын үсэг авах гэж цагаан цаас барин түүн лүү харайлгатал “Жаран таван мянга” гэж шинэ тоо хашхиран махлаг цагаан бүсгүй түрүүчийн хоёрыг унтраав.

-68000

-68500

-70000 гэж эргэн тойрон шаагилдаж гарлаа. Хандив өргөсөн хүн бүр олны анхааралд өртөн хүндлэгдэнэ.

-Чамаас нэг жилийн өмнө төгссөний хэрэг юу билээ. Арай бэнчинтэй байлгүй. Наян мянга гэж сэгсгэр шар залуу шаралхаж байхад,

-Бушуухан хэлж авахгүй бол мөнгөний тоо нэмэгдэнэ хэмээн өөр нэг бүсгүй найзыгаа нудран сандарч байлаа. Тал талаас мөнгө амлаж хашхираад байхаар хэний ч зүрх хөөрчих юм. Нэгэнтээ,

-90 мянга гэж хашгирахыг сонсоод өөрийн мэдэлгүй би “91 мянга” гэж дуугарчихаад зүрх палхийн "бурхан өршөө" гэж залбирлаа. Ашгүй бараг надтай зэрэгцэн бүдүүн дуутай эр,

-Зуун мянга гэж орилсон тул миний сулхан хэлснийг хэн ч сонссонгүй. Би болгоомжтой болж уруулаа жимбийтэл зуугаад амаа ангайхаа байв.

-160 мянга

-170 мянга

Мөнгөний тоо огцом өсөж, хэлсэн хүмүүс нь олимпод түрүүлсэн тамирчин шиг онцгойрч байв. Би хярсан туулай шиг сандалдаа тас шигдэж илүү дутуу үг хэлчих вий гэсэндээ амаа алгаараа дарчихаад байлаа. Гэтэл нэг залуухан бүсгүй ирж хундагатай архиа барив. Түүнээс амсахаар амаа ангайх үед хэн нэгэн,

-190 мянган гэж хашхирлаа. Түүнийг дагаад ангайсан ам маань,

-Хоёр мянга гэсэн авиа гаргачихав. Яаран гараараа амаа тагласан боловч хэрэг бишиджээ. Бүх хүмүүсийн хараа над уруу чиглэх нь тэр.

-Хэд гэнээ гэж хандив тэмдэглэгч тодрууллаа. Би уруулаа тас зуугаад дүлий юм шиг зогсов. Энэ чигээрээ л тэсэхээр шийдлээ.

-Хоёр л гэсэн. Бодвол хоёр зуун мянган гэсэн биз гэж өнөө хундага барьж гай чирсэн бүсгүй хэллээ.

-Тийм үү? гэж хандив тэмдэглэгч надаас асуув.

Хариуд нь би юм дуугаралгүй байж чадсан боловч толгой маань донжгос гээд дохичихдог байгаа. "Оо-оо-ооо" гэж хүмүүс алга ташин орилолдов. Ёстой л

"Оо-оо" болох нь тэр. Хандив тэмдэглэгч цаас бариад хүрээд ирлээ. Одоо яая гэхэв. Өврөө уудалж хоёр зуун мянгыгаа гаргаж сарвайлаа.

-Бүүр бэлэн мөнгөөр өглөө гэж эргэн тойрныхон талархаж байна. Элий балай болж өмнөө байсан шилэн аяганд архи дүүргэж аваад залгилж орхилоо. Тэрнээс цааш юу болсныг бүү мэд. Нэг л мэдсэн гэртээ хэвтэж байв. Эхнэр,

-Чи чинь ганзаганд явах гэж байж архиа уудаг нь яаж байгаа юм бэ гэж зэмлээд,

-Мөнгө чинь хаана байна гэж асууж байна.

-Хандивлачихсан гээд учраа хэлбэл ухаан алдаад унаад өглөө.

Чүдэнз шиг чөрийх миний ээлж ирэв. Энд тэндээс хэд гурван төгрөг зээлэн эмнэлэг рүү халуун савтай хоол барин гүйнэ. Тэгж яваад Дамирантай дахиад таарлаа.

-Чи нөгөө сургуульд амласан хандиваа өгсөн үү? гэж асуутал,

-Түрүүнд амласан газрууддаа өгч амжаагүй явна. Тэрний дараа л болно доо. Одоо би сурч байсан дээд сургуулийнхаа ой руу яарч явна. Очиж салхи хагалах хэрэгтэй гээд санд мэнд салж одлоо.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top