-Эрээн хотын авто тээврийн хөлс тав дахин өсжээ-
БНХАУ-ын Тяньжин боомт дээр Монгол Улсад ирэх ёстой ачаа бараанууд олон сараар гацах болжээ. Уг боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос манай улсад ирдэг ихэнх ачаа дамждаг. Ердийн үед тус боомтод 5-7 хоноод чингэлэг наашаа тээвэрлэгддэг байсан бол одоо дунджаар 30, заримдаа 40 гаруй хонодог болжээ. Тус боомтод өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр очсон чингэлгүүд өнөөдрийг хүртэл ямар ч хөдөлгөөнгүй зогссон гэнэ. Үүний улмаас аж ахуйн нэгжүүдийн чингэлгийн түрээсийн зардал нэмэгдэх, бараа түүхий эдийн хомсдол үүсэх, цаашид барааны үнэ өсөх, Монголын ачаанд түрээсийн чингэлэг олдохгүй болж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.
О.Даваасүрэн: Монгол руу чингэлэг зөөх галт тэрэгний тоог 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо /МТЗНХ/-ны гүйцэтгэх захирал О.Даваасүрэнгээс үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.
-Тяньжин боомт дээр хэчнээн чингэлэг гацаад байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод вагон захиалгад орсон 72 галт тэрэг буюу 4000 орчим чингэлэг байгаа. Ковид-19 цар тахал, улирлын чанартай татан авалт, интернэт шоппингийн эрэлт ихэссэн зэрэг олон шалтгаантайгаар ачаа тээвэр ингэж бөөгнөрөх болсон. Мөн улс орнуудад цар тахлын нөхцөл байдал тогтворжиж, царцсан эдийн засаг аажмаар сэргэж байгаа нь Тяньжин боомтод чингэлгийн бөөгнөрөл үүсэх үндсэн шалтгаан болсон.
-Таны тооцоогоор 4000 чингэлгийг хэдий хугацаанд Монгол руу тээвэрлэх боломжтой вэ?
-Тяньжин боомт том, жижиг хоёр талбайтай. Том талбайгаас нь өдөрт нэг чингэлгийн галт тэрэг гардаг. Нэг галт тэргэнд 50-60 чингэлэг багтана. Ингээд бодохоор ойролцоогоор 60 гаруй хоног буюу хоёр сарын хугацаа орохоор байгаа юм. Өдөртөө Тяньжин дээр Монгол руу 100 чингэлэг ачаа ирдэг гэж байгаа. Тэндээс хамгийн ихдээ өдөрт 60 чингэлэг л манайх татаж авч чадах хүчин чадалтай. Үүнээс болж ийм олон чингэлгийн асуудал гараад байгаа юм.
-Чингэлэг бөөгнөрдөг энэ асуудлыг импортын галт тэрэгний тоог нэмэгдүүлж л шийдэх боломжтой юм байна даа?
-Албаныхан бол төлөвлөгөөний дагуу явж байна гэдэг. Ачаа бараа ихээр ирж байгаа учраас төлөвлөгөөний дагуу явахаар чингэлэг үлдээд байх асуудал гараад байгаа юм. Гол гарц шийдэл гэвэл, өдөрт нэгээс хоёр явж байгаа чингэлгийн галт тэргээ нэмэх хэрэгтэй. Галт тэрэгний тоог нэмж байж л энэ асуудлыг шийдэх боломжтой. Гадаад худалдааны тоон мэдээллүүд жил бүр шинэчлэгдээд явдаг. Энэ мэдээний дагуу Хятадын талтай импортын галт тэрэгнийхээ тоог нэмэгдүүлэх асуудлаа тохиролцож чадвал ийм урт хугацаагаар ачаа бараа боомт дээр түгжрэхгүй шүү дээ.
-Ярьж байгаа наад шийдлээ олохын тулд танай холбоо болон бусад холбогдох газруудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бий юу?
-Энэ асуудалд шийдэл олохоор холбогдох албаныхан ярилцаж байна. БНХАУ-ын талтай хилийн ачаа тээврийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа. Бидний ярьж байгаа гол асуудал төвлөрөл, бөөгнөрлийг бууруулахын тулд Монгол руу чингэлэг зөөх галт тэрэгний тоог 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлага юм. Өдөрт хоёр галт тэрэг явуулбал 20 гаруй хоногт төвлөрлийг бууруулах боломжтой гэж албаныхан тооцоолсон. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа, МТЗНХ болон Удирдах зөвлөлийн гишүүд Тяньжин боомтын чингэлгийн бөөгнөрлийн асуудлаар энэ сарын 25-ны өдөр цахим уулзалт зохион байгуулсан. Одоогоор Тяньжин боомтоос өдөрт чингэлгийн нэг галт тэрэг гарч байгааг 3-4 болгон нэмэгдүүлэхээр Хятадын тээврийн яам, Хятадын Гадаад харилцааны яам, "Хятадын төмөр замууд" корпораци зэрэг холбогдох газруудад дипломат шугамаар албан хүсэлт тавьсан.
А.АНАР: ТЯНЬЖИН БООМТЫН ХОЁР ТЕРМИНАЛААС НИЙЛЭЭД ДОЛОО ХОНОГТ 7-10 ЧИНГЭЛГИЙН ГАЛТ ТЭРЭГ МОНГОЛ РУУ ХӨДӨЛГӨДӨГ
УБТЗ-ын Гадаад харилцааны албаны орлогч дарга А.Анар импортын ачаа тээвэртэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Тяньжин боомт үндсэн хоёр терминалтай. Том терминалын хувьд төлөвлөгөөний дагуу өдөрт нэг чингэлгийн галт тэрэг, сард 30 чингэлгийн галт тэрэг хөдөлгөдөг. Харин жижиг терминал нь өөрийн ачааллаас хамааран хоногт 1-2 галт тэрэг гаргадаг. Тяньжин боомтын хоёр терминал нийлээд долоо хоногт 7-10 чингэлгийн галт тэрэг Монгол Улс руу хаяглан хөдөлгөдөг.
УБТЗ галт тэрэгний хүрэлцээнээс хамааран ихдээ хоногт дөрөв, сард 120, ердийн үед өдөрт гурав, сард дунджаар 90 транзит чингэлгийн галт тэрэгний зөвшөөрөл олгодог. Энэ сард дээрх зөвшөөрлийн тоог хоёр дахин бууруулсан. Хятадын талд 62 галт тэрэгний зөвшөөрөл олгосон” гэв.
Импортын барааны үнэ огцом өсөв
Манай улсын импортын ачаа тээврийн асуудал ганц Тяньжин боомтоор шийдвэрлэгдэхгүй. Үүний зэрэгцээ Эрээн-Замын-Үүд чиглэлийн ачаа тээврийн асуудал шийдлээ хүлээсэн хэвээр байна. Монгол Улсын импортын ачаа тээврийн 80 хувь нэвтэрдэг Замын-Үүдийн боомт 20 орчим хоног хаалттай байсны улмаас тус хилийн боомт дээр бөөгнөрсөн ачаа бараа, тээврийн хэрэгслийн тоо хэдийнэ 1000 давжээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, Эрээн хотын авто тээврийн хөлс өмнө нь 8000 юань байсан бол өдгөө 40 мянган юань болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, тав дахин нэмэгдсэн гэсэн үг. Мөн Эрээн Улаанбаатар хотын тээвэрлэлтийн хугацаа өмнө нь зургаа хоног байсан нь өдгөө 20 хоног болж сунажээ. Яг аль шатандаа гацаа тээг гараад ийм хүндрэлүүд үүсээд байгаа талаар УБТЗ-ын ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээдоржоос тодруулахад “Монгол Улсын импортын чингэлгүүд Тяньжин боомтоос хөдлөөд Замын-Үүд хүртэл тээвэрлэгдэн ирвэл УБТЗ-аас тээвэрлэлтийг үргэжлүүлэн зохион байгуулахад асуудалгүй бэлэн” гэдгээ илэрхийлсэн юм. Энэ мэт гинжин хэлхээгээр холбогдсон импортын ачаа тээврийн асуудлыг аль аль шатандаа анхаарал хандуулж, гарц шийдлийг нь олохгүй бол тээвэр зуучлалын аж ахуй нэгжүүд, худалдаа эрхлэгчдийн ажилд хүндрэл үүссээр байгаа юм. Хамгийн гол нь энэ бүхний эцэст бараа таваарын үнэ өсөж, худалдан авагчдын нуруун дээр ачаалал улам л ихэссээр байна.
Бод доо, Тяньжин боомт дахь чингэлэг түрээсийн төлбөр өдрийн 10-50 ам.доллар. Дээр нь хадгалалт, тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ. Эцэст нь чингэлэг тус бүрт доод тал нь 300-400 ам.доллар төлөх болоод байгаагаа аж ахуй нэгжүүд учирлаж байна. Нэмж мэдээллэхэд, энэ сарын 18-ны өдрөөс далайн тээврүүд үнээ нэмцгээж, цаашид дахин өсгөх тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Энэ олон хүчин зүйлсээс шалтгаалж, Монголд нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх нь нэгэнт тодорхой боллоо. Ганцхан жишээ дурдахад, барилгын материалын гол нэрийн бүтээгдэхүүн арматур л гэхэд сүүлийн хоёрхон сарын дотор үнэ нь хоёр дахин өсөөд байна. Энэ мэтчилэн импортоор нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүн бүрийн үнэ нь огцом нэмэгдэх боллоо. Иймээс хилээр нэвтрэх импортын ачаа тээврийн асуудлыг нэн яаралтай зохицуулах шаардлага тулгарсныг албаныхан онцгой анхаарна биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Jil bur l ingedeg shdee unee nemeh arga
Манай төрд ажиллаж байгаа чадваргүй цүнх баригчдын байгаа царай!!! Мэдээлэл өгсөн 3 .н албаны хүн гурвуулаа өөр тоо хэлж байгаа биз!!! Тэгээд дандаа бусдын буруу. Ачаа ихэснээс болсон ч гэх шиг. Ямар ч тэнэг Ковидын үед ачаа тээвэрлэлт өснө гэдгийг мэднэ. Гэхдээ тэгж 5-10 дахин өсөөгүй шүү.
Төр засаг анхаараач ээ. Ийм үхээнц төртэй байхад амьдрал яаж сайжрах юм бэ. Хэцүүдэж байна шд.
Хэзээ ч наашлахгүй байж мэднэ. Наймааны сэтгэхүйнээсээ салж бүтээн байгуулалт, үйлдвэрлэж бий болгох сэтгэогээнд шилжицгээ.
Хариуцлагагүй дээд албан тушаалтаны ганц мэдэгдэл нийт монголчуудыг санхүүгийн хүнд байдалд оруулж байна даа. Эцсийн эцэст эцсийн хэрэглэгч бидний халааснаас мөнгө нь гарна шүү дээ.
Юмний үнэ нэмэгдлээ нэмэгдлээ гээд Монголдоо л орилоод байдаг. Хэдэн дарга нар нь Татварын мөнгөөр үнэ тогтворжуулна гэж аж томоохон лобби бүлэглэлийн аж ахуйн нэгжүүддээ мөнгө өгөхөөс өөр арга хэмжээ авч мэдэхгүй. Энэ мэт хилийн чанд дахь транзит тээврийн асуудлаа шийдээд өгвөл үнэ өсөхгүй шдээ\n