УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Баялагтаа эзэн Монгол” Үндэсний баялгийн сангийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг болжээ.
Тус уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Анужин, Т.Доржханд, Б.Баттөмөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа болон Ерөнхий сайдын 21 дүгээр захирамжаар байгуулагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд, эдийн засагчид, судлаачид оролцсон байна.
Үндсэн хуульд 2019 онд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэх үүднээс Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан юм. Одоогийн байдлаар дэлхийн 120 гаруй улс өөрийн онцлогт нийцсэн баялгийн санг байгуулсан бөгөөд 2019 оны байдлаар баялгийн сангийн активын төрлөөс үл хамааран нийт 120 сангийн удирдлагад 11 их наяд ам.долларыг нэгтгэсэн байна. Эдийн засгийг төрөлжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулалтыг хийж нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхэд Үндэсний баялгийн сан чухал үүрэг гүйцэтгэх учиртайг албаныхан хэлж байлаа. Хэлэлцүүлэгт “Үндэсний баялгийн сангийн талаарх ерөнхий ойлголт, эрх зүйн орчин” сэдвээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, “Үндэсний баялгийн сангийн эдийн засгийн агуулга, орлого, зарцуулалт” сэдвээр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, “Үндэсний баялгийн сангийн олон улсын туршлага, үндэсний баялгийн санг Монгол Улсад нутагшуулах тухай” сэдвээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирал Б.Сүндэрьяа нар танилцуулга хийсэн юм. Энэ үеэр оролцогчид хэрхэн байр сууриа илэрхийлснээс тоймлон хүргэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлээд яг нэг жилийн ой болж байна. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “… Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөг мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. УИХ-аас баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолоор бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж батлахаар заасан. Үүн дээр Засгийн газартай УИХ-ын холбогдох байнгын хороод хамтарч ажиллахаар тогтоосон. УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд хуулийн үзэл баримтлалыг зааж өгсөн. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийнхөө үзэл баримтлалд нийцүүлж ингэж Шүүхийн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль гээд бүгдэд нь үзэл баримтлалыг нь зааж өгч байгаа. Стратегийн орд газар ашигласны үр өгөөжийн дийлэнх нь буюу 50 хувиас дээш нь Монголын ард түмэнд ногдох гэсэн зарчим бий. Үүнийг хуульчлах шаардлагатай. Гуравдугаарт, иргэдийн саналыг харгалзан УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх зарчмыг хуульчлах гэсэн зарчим орсон. Үндэсний баялгийн сан нь хөгжлийн болон хуримтлалын сан байх гэсэн зарчмыг тусгасан. Дэлхий дээр гурван төрлийн баялгийн сангийн хэлбэр байна. Хуримтлалын шинж чанартай жишээлбэл Ирээдүйн өв сан байна. Ирээдүй үедээ өвлүүлэх ёстой гэдэг агуулгаараа байх ёстой. Хөгжлийн сан буюу хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглагдаж байгаа хэлбэр байна. Энэ хоёрыг хоёуланг нь байх ёстой гэж үзсэн. Эдийн засгийг төрөлжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулалтыг хийж нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхэд Үндэсний баялгийн сан чухал үүрэг гүйцэтгэнэ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирал Б.Сүндэрьяа:
-Олон улсад тогтворжуулалтын сан, хадгаламжийн сан, валютын нөөцийн хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн сан, тэтгэврийн нөөцийн сан гэсэн таван төрлийн ойлголт байдаг. Баялгийн сангийн нийтлэг зорилго нь төрийн эзэмшил болон макро эдийн засгийн бодлогыг дэмжих зориулалтаар байгуулагдах шинж чанартай. Харин санхүүжилтийн эх үүсвэр нь байгалийн болон байгалийн бус баялгаас бүрдэх онцлогтой байдаг. Манай улсын хувьд анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ шударгаар хүртээж, ахмадуудын тэтгэврийн зээлийг Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос тэглэж, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгосон. Гэвч байгалийн баялгийн өгөөжийг хэт хавтгайрсан халамж руу оруулах нь алсдаа сөрөг үр дагавартай. Иймээс баялгийн менежмент, баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг зөв хийх шаардлагатай. Сангийн орлогыг улсын төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэгт авч үзэн, хуримтлал үүсгэж, экспортыг дэмжих хөрөнгө оруулалтад зарцуулах хэрэгтэй. Манай улс 2009 онд Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталснаар анхны баялгийн санг байгуулсан гэж үздэг. Үүний дараа 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг хүчингүй болгосон. Ирээдүй өв сангийн зорилго нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгийн орлогоос төсөвт төвлөрүүлсэн орлогыг одоо болон ирээдүй хойч үеийнхэнд тэгш, хүртээмжтэй хуваарилах юм. Гэвч манай улсын хувьд баялгийн санг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сан болгож, зөв менежменттэй болгох шаардлага байсаар байна. Олон улсад сангийн санхүүжилтийн хэд хэдэн хэлбэр байдаг. Тухайлбал, Ботсвана, Кувейт, Чили, Эмират зэрэг улсад төрийн мэдлийн ашигт малтмалын ордын экспортоос, ОХУ-д уул уурхайн экспортын татвараас, БНСУ-д санхүүгийн илүүдэл хөрөнгөөс, Франц, Ирланд, Шинэ Зеландад тэтгэврийн сангаас, БНХАУ, Сингапурт Төв банкны нөөцөөс, Австрали, Малайзад өмч хувьчлалын орлого зэргээс бүрдүүлдэг. Олон улсын валютын сангаас энэ төрлийн сангийн үйл ажиллагаагаар дамжуулан бий болсон их хэмжээний валютын урсгалыг хянах, дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор баялгийн сантай өөрийн гишүүн орнуудыг нэгтгэсэн байна. 2008 онд баялгийн сан бүхий улс орнуудын төлөөлөл 24 зарчим бүхий Сантьягогийн конвенцыг баталсан. Уг зарчмуудыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Монгол Улсын хөгжлийн загварыг аваад үзэхээр тав зургаан чиглэлд анхаарах ёстой байдаг. Үүний хамгийн нэгдүгээрт нь баялгийн менежментийг зөв хийх орно. Ялангуяа төрийн өмчит стратегийн томоохон ордууд тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийг аваад үзье л дээ. 25 хувийн татвар төлөхөд л их наяд төгрөг болж байна. Зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь л, энэ. 2020 оны ашгийг нь харахад цаана нь бараг дөрвөн их наяд төгрөг үлдэж байгаа юм. Тэгэхээр би ямар бодолтой байдаг вэ гэхээр Монгол Улсын стратегийн томоохон арав гаруй ордууд дээр төрийн өмчит компани байгуулах хэрэгтэй. Бидний тарааж байгаа их наядаар тоологдох мөнгө бол хэд хэдэн том үйлдвэр байгуулж хүрэх зүйл. Тийм болохоор баялгийн сан байгуулах нь зүйтэй. Ингэхдээ менежментийг нь давхар бодох хэрэгтэйг сануулъя.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
-Ашигт малтмал ашигласны албан татварыг хэмжээг л нэмэх эсвэл ашигт малтмалын ордын тоо нэмэгддэггүй юм бол бид Ирээдүйн өв сан дээр төвлөрч байгаа орлогоос Хөгжлийн сан руу оруулах нь байна шүү дээ. Тэгэхээр үүн дээр гаргасан тооцоо байгаа юу. Хоёрдугаарт, сангуудын хувьд засаглал хамгийн чухал. Бид Ирээдүйн өв сан дээр тусдаа корпораци байгуулна гэж ярьж байсан. Ер нь үүний засаглалыг хэрхэн авч явна гэж харж байгаа юм бэ. Баялгийн сангаасаа бид нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой тэргүүлэх салбаруудыг санхүүжүүлэх нь ээ. Төсвийн алдагдал нэмэгдүүлсэн нэг удаагийн санхүүжүүлэлт хийгдэхгүй гэж ойлгож байгаа. Энэ зөв үү. Энэ нь монгол улсын зээлжих зэрэглэл, эдийн засагт хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдэг талаар хийсэн судалгаа тооцоо хэрэгтэй байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулж, ард иргэддээ байгалийн баялгийн өгөөжийг хүртээмжтэй хуваарилахаар тусгасан. Үүнийг Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж, бодит үр дүн болно. “Эрдэнэс силверс ресурс” ХХК Салхитын алт, мөнгөний ордын үр шимийг ард түмэнд хүртээж байгаа явдал бол Үндсэн хуулийн үзэл баримтлал амьдралд бодитой хэрэгжиж байгаагийн тод жишээ болж байна. Энэхүү үйл явдал нь цаашдаа монголчууд баялагтаа эзэн болох, Үндэсний баялгийн сантай болж, монгол хүн бүр баян чинээлэг, хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн бодит жишээ боллоо. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая төгрөгөөс бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудад зөрүүг олгож байгаа сайхан жишиг бол Норвегийн сан шиг, дэлхийн байгалийн баялгийн үр өгөөжөө үр ашигтай, ард түмэндээ өгөөжтэй ашиглаж байгаа олон жишгүүдийн нэг болж, цаашдаа буухиалан үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Иймд Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )