Хүүхдийн өвчлөл сүүлийн 14 хоногт 28.2 хувь болтол өслөө

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Эрүүл мэндийн яамны өчигдрийн 11.00 цагийн мэдээллээр 8618 хүний сорьцод шинжилгээ хийхэд 790 хүнээс халдвар илэрч, үүнээс Улаанбаатарт 681, орон нутагт 109 тохиолдол гарсан талаар мэдээлсэн билээ.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 59229 болсон байна.

Өчигдөр 327 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 50763 болжээ. Улаанбаатар хотод 30 гаруй эмнэлэг, орон нутгийн 20 орчим эмнэлэгт 4580 хүн КОВИД-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн хэлбэрээр өвчилсөн 2403, хүндэвтэр 1613, хүнд 448, маш хүнд 116 хүн байгаа аж. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа нийт 3580 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ. Тэрбээр “Сүүлийн үед хөдөө орон нутагт зорчихоор шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол гарч байгаа. Энэ нь халдвар зөвхөн ойрын хавьтлаас илрэхгүй байгаа бөгөөд эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Гэртээ шинж тэмдэг илэрснээ үл тоосон, шинж тэмдэг илэрсэн ч улирлын томуутай андуурах байдлаар хүндэрч эмнэлэгт ирсэн тохиолдлууд байгаа учраас иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахаас гадна өөрт эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна уу зэргийг анзаарч яаралтай эмнэлэгт хандаарай. Гэрийн хяналтад байгаа хүмүүс Өрхийн эрүүл мэндийн төвтэй байнгын холбоотой ажиллаж, өдөрт нэгээс хоёр удаа биеийн байдлаа заавал мэдээлж байх нь таны эрүүл мэндийг хамгаалах хамгийн том алхам” хэмээн анхаарууллаа.

Халдварын улмаас 44-83 насны долоон хүн нас барсан харамсалтай мэдээтэй. Тавдугаар сарын 3-нд онош батлагдсан 75 настай эмэгтэй, тавдугаар сарын 13-нд онош батлагдсан 68 настай эрэгтэй, тавдугаар сарын 19-нд онош батлагдсан 44 настай эрэгтэй, тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 44 настай эрэгтэй, тавдугаар сарын 16-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй, тавдугаар сарын 12-нд онош батлагдсан 52 настай эрэгтэй, тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Улаанбаатар хотын бүртгэлтэй хүн амын 99.8 хувь эхний тунд хамрагдсан

КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдах нь халдвараас урьдчилан сэргийлэх, өвчний хүндрэлээс сэргийлэх давуу талтай. Тэгвэл ЭМЯ-ны мэдээллийн үеэр дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдах идэвхи өндөр байгаа ч нэгдүгээр тунд хамрагдаагүй олон хүн байгааг онцоллоо. 2021 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 19.00 цагийн байдлаар өдөрт 77266 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Улсын хэмжээнд 2 сая 67 мянган хүн дархлаажуулалтад хамрагдах ёстой. Үүнээс нэгдүгээр тунд 1.8 сая гаруй хүн, хоёрдугаар тунд 1.3 сая гаруй хүн хамрагдсан байна. Улаанбаатар хотод өссөн дүнгээр 950729 хүн нэгдүгээр тун, 742177 хүн хоёрдугаар тун хийлгэсэн нь Улаанбаатар хотын бүртгэлтэй хүн амын 99.8 хувийг эзэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод бүртгэлгүй 200 орчим мянган хүн байдаг гэнэ.

Вакцинд хамрагдаагүй иргэдийн 40 гаруй хувь нь 25-29 насныхан байна

Орон нутагт нийт 1.1 сая хүнийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөө гарсан. Үүнээс нэгдүгээр тунд 907817 хүн, хоёрдугаар тунд 564285 хүн хамрагдсан байна. Насны бүлгээр авч үзвэл 18-34 насныхан дархлаажуулалтад хамгийн бага хамрагдаж байгаа гэнэ. Ялангуяа 25-29 насны 40 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаагүй. Дүүргүүдийн хувьд хоёрдугаар тунгийн өсөлт өнгөрсөн өдрүүдэд харьцангуй нэмэгдэж байгаа ч нэгдүгээр тунгийн өсөлт зогсонги хэвээр байгааг ЭМЯ-наас сануулж, дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа. Дэлхий дахинд 209 улсад дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа аж.

Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр “Монгол Улсад хийгдэж байгаа вакцинуудын үр дүн, хүн амын дунд дархлаа хэрхэн тогтсон зэрэгт үндсэн гурван чиглэлээр судалгаа хийх хэрэгцээ бий. Эмнэлзүйн судалгаа, вакцин тарьсны дараах өвчлөл болон хөнгөн өвдөж байгаа өвчлөлийг хооронд нь харьцуулах хэрэгтэй. Гуравдугаарт халдвар тараах байдлыг судлах хэрэгтэй. Вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14-21 хоногийн дараа дархлаа үүснэ. Суурь өвчтэй, дархлаа сул хүмүүс вакцин хийлгэсэн ч өвдөх магадлал өндөр байгаа. Судалгаанд холбогдох санхүүжилт, тоног төхөөрөмж шаардлагатай. Үүнийг эрх зүйн хүрээнд шийдэж өгмөөр байна” гэлээ.

Б.Буянтогтох: Хүүхдэд халдвар тараах гол эх уурхай нь 25-34 насныхан боллоо

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох хүүхдийн өвчлөлийн талаар холбогдох асуултад хариуллаа


-Монгол Улсад хүүхдийн өвчлөл хэдэн хувьтай байна вэ?

-Хүүхдийн өвчлөл нийт тоон дүнгээр авч үзвэл 22.53 хувьтай байна. Гэхдээ өнгөрсөн 14 хоногт 28.2 хувь хүртэл өслөө. 0-17 настай хүүхдүүд дундаа 5-14 насныхан илүү өвдөж байна. Хүүхдүүд ихэвчлэн хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа боловч шинж тэмдэггүй хэлбэр зонхилж байгаа учраас бусдад халдвар тараах эрсдэл өндөр. Тиймээс эцэг эхчүүд өвчнөөс сэргийлж, вакциндаа хамрагдвал хүүхдийн өвчлөл буурахаар харагдаж байна. Нийтээрээ халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй.

-КОВИД-19 халдвараар хүүхэд өвчлөх нь ихэвчлэн ямар шалтгаантай вэ?

-Сүүлийн үед коронавирусний халдварын тоо өсөх хандлагатай байна. Хөл хорионы дараа хөдөлгөөний идэвх нэмэгдсэн нь халдварын тархалт өсөх шалтгаан болж байна. Насны бүлгээр авч үзвэл 25-34 насныхан халдварт хамгийн их өртөж байна. Энэ насныхны онцлог нь хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдардаг. Хүүхдүүд танхимийн хичээлтэй ч юм уу гадуур идэвхтэй байх нь харьцангуй бага байхад тэдэнд халдвар тараах гол эх уурхай нь дээрх насны хүмүүс болж байна. Вакцины идэвхийн хувьд 35-аас дээш насныхан 90-ээс дээш хувьтай хамрагдсан. 18-34 насныхан хүн амд эзлэх хувь өндөр боловч вакцинд бага хувьтай хамрагдаж байна. Тиймээс вакциндаа идэвхитэй хамрагдаарай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туул(202.55.188.40) 2021 оны 06 сарын 02

Хүүхдүүдийг болон өсвөр насныханыг вакцинжуулахаа түр хүлээ л дээ..Эхний вакцинжуулалтандаа дүн шинжилгээ хийгээгүй гэж ярьж байж дараагийн вакцинжуулалтандаа яарах нь дэмий гэж бодож байна.

2  |  0
ЗОЧИН(103.26.193.128) 2021 оны 06 сарын 02

МАН - ЫН СОНГУУЛЬД БЭЛЭН МӨНГӨ НУУЦААР ТАРААХААР ХӨГШИД ГОЛДУУ ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛИЙГ АЙМАГ ХОТ , ОРОН НУТГИЙН НАМЫН ХОРОО , ҮҮРҮҮД ДЭЭРЭЭ ҮҮСГЭН ОЛНООР ЦУГЛУУЛЖ БАЙГАА НЬ КОВИДЫН ТАРХАЛТАД ҮЛЭМЖ ДЭВЖЭЭСЭН СИСТЕМЧИЛСЭН ХОРТ ЯВУУЛГА БОЛЖ БАЙНА !!! МӨНГӨ АВЧИХААД ГЭРЭЭРЭЭ ӨВДСӨН ТОХИОЛДОЛ Ч БҮРТГЭГДСЭН !!!

1  |  0
Top