Хөндлөнгийн улс төрд авталгүй саналаа л өгцгөөе

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Монголчууд маргааш зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгоно.

Энэ удаагийн сонгуульд улс төрийн гурван хүчнээс гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Өнгөрөгч жилээс хөллөсөн ил далд сурталчилгаа, битүү хатуу зодоон байсан ч энэ удаагийн сонгууль тун анир чимээгүйд болж өнгөрөв. Мэдээжийн хэрэг сонгууль л болсон хойно янз бүрийн ажиллагаа өрнөж байгаа нь цухалзах ч  чимээ гаргах нь үгүй. Ганц өрнүүлж байгаа зүйл гэвэл нийт иргэдээ “Цагаан сонголт”-од уриалж байгаа явдал юм. Үүнийг аль нэг улс төрийн хүчнээс бус Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй Н.Алтанхуяг АН-ын нэрийг ашиглан, бухимдлаа тайлж суугаа нь харагдана. 

Үүнийг ойлгоогүй хүн олон байна. Тэд АН, нэр дэвшигчдээ ч итгэхгүй байна, гишүүд дэмжигчиддээ ч итгэхгүй байна гэсэн агуулгыг сонгогчдын сэтгэлд хийхийг зорьж байгаа нь ч цухалзана. Тиймээс дахин санал хураалт явуулж манай нэр дэвшигч ялна гэсэн мессэж өгч байгаа бололтой. Өнгөрөгч 2017 оны Ерөнхийлөгчийн сон­гуулийн халуун дурсамжийг ч хэргээр дурсах аж. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхөр иргэдээ сонгуульд саналаа өгөхийг уриалж баймаар санагдах юм. Гэтэл эсрэг талд уриалан зогсоо нь чухам ямар учиртай юм бол гэж гайхах ч хүн бий.

Дахин санал хураалтыг 14 хоногийн дотор зохион байгуулах эрх зүйн орчинтой болохоос бус дахин шинээр нэр дэвшигч тодруулах боломжгүй юм. Хэрвээ шинээр нэр дэвшигч тодруулж болдог бол Н.Алтанхуягийг улс төр хийж байна хэмээн хүчээр ч атугай зөвтгөж болох юм. Үүнээс харахад “Цагаан сонголт”-од уриалж байгаа Н.Алтанхуяг нь АН-ын нэрийг ашиглан, АН-аас нэр дэвшигчийг унагаах, өчүүхэн эрх ашгийн төлөө явж байна гэж харж болохоор.  Уг нь Н.Алтанхуяг энэ үлдлээрээ “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-ийн 6.1-т заасан “Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ” гэснийг зөрчиж байна. Тэр өөрөө хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн шүү дээ.

Монгол Улс ардчилсан тогтолцоот нийгэмд шилжээд 30 гаруй жилийн нүүр үзэж өдгөө найм дахь удаагаа Ерөнхий­лөгчөө сонгоно. Энэ хэрээр УИХ, Орон нутгийн хэмжээнд найман удаагийн сонгууль зохион байгуулсан  харьцангуй туршлагатай гэж болох ард түмэн. Өөрөөр хэлбэл монголчууд бид өөрсдөө төрөө байгуулаад 30 жилийн нүүр үзжээ гэж болно.

Сонгуульд санал өгөх эсэх нь иргэн хүний асуудал хэдий ч иргэн бүр саналаа өгөх хариуцлага гэж хөндөж болохгүй зүйл бий. Таны сонголтын маргааш таны төр бий болдог зарчмаар амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй. Өнөөдөр таны харааж зүхэж байгаа парламент бол таны л сонголт. Өөр хэн ч сонгоогүй. Мөнгө төгрөг авсан, тараасан ч, гарын бэлэг авсан өгсөн гэх хэрүүл дагадаг ч таны л сонголт. Тэгэхээр иргэд ганц нэг хүний улс төрийн зорилготой “Цагаан сонголт” гэх хийрхлээс зайлсхийх хэрэгтэй.

Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 30 гаруй нам байгаагаас өдгөө 100 жилийн түүхтэй, 200 гаруй мянган гишүүнтэй, мөн олон тооны дэмжигчтэй МАН-аас, 30 гаруй жилийн түүхтэй, 200 гаруй мянган гишүүнтэй, мөн олон мянган дэмжигчтэй АН-аас, шинэ тутам ХҮН-аас тус тус нэр дэвшигчээ илгээсэн. МАН та бидний төлөөллийн байгууллага парламентад 62 суудалтай, АН 13 суудалтай, ХҮН нэг суудалтай байна. Энэхүү 76 гишүүн бол Монгол Улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа ард түмнээс ямар нэгэн байдлаар санал авч орж ирсэн төлөөлөл. Энэ утгаараа та бид өөрсдийнхөө сонгосон төлөөллөөс тодорсон гурван хүний төлөө итгэл үнэмшлээ даган саналаа өгнө. Түүнээс бус огт сонголтгүй Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам ч юм уу, татан буугдаад байгаа МАХН-аас төлөөлөл сонгох гэж байгаа хэрэг биш шүү дээ.

Гэтэл иргэд “Цагаан сонголт” гээчид нэгнээ уриалж байгаа нь улс төрийн өдөөн хатгалгад нэгэнт оржээ. Өөрсдөө сонгож явуулчихаад эргээд хэнийг ч сонгохгүй гэж байгаа нь эрүүл ухааных биш. Гэхдээ иргэд улс төрийн явуулгад төөрч будилж байгааг харж байгаа учраас сануулах гэсэн хэрэг. Улс төрийн зорилгоор горьдлого тээж байгаа Н.Алтанхуягийн зүгээс зохион байгуулалттай уриалж байгааг иргэн бүр дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй. Та бүхний итгэл үнэмшлээр сонгогдсон улс төрийн хүчин хэнийг дэвшүүлсэн байна, түүнийгээ сонгох учиртай юм. Санал луйвардсан, мөнгө тараасан, иргэдийн саналыг худалдан авсан гэх мэт олон зүйл ярьж л байдаг. Гэвч зарчмын хувьд дэлхий нийтэд олон жилийн турш туршигдаж баталгаажсан “Хар машин” гэгчээр саналаар уншуулж сонголтоо хийж байгааг та бүхэн надаар хэлүүлэх юун. Нөгөө талаар цар тахлын дэгдэлт 1000 давж, эрсдэл өндөр хэмжээнд байхад дахин дахин сонгууль хийх гэж, санал хураах тухай улс төрийн хайчин галд иргэд бид өөрсдөө орохгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top