Ц.Эрдэмбилэг: Манай эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүдэд файзер вакциныг хийхийг зөвшөөрсөн

2021 оны 06 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.11, 11:00 цаг)

Халдварын нөхцөн байдлын эхэнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулах эсэх асуудлаар мэдээлэл өглөө.


Ц.Эрдэмбилэг: Жирэмсэн эхчүүдийн дунд ковидын эсрэг вакцинд хамрагдах уу, үгүй юу, хамрагдвал хэзээ хамрагдах вэ, вакцинд хамрагдаж болох эсэх талаар асуултууд бидэнд тогмол ирж байна. Энэ талаар өнөөдөр гурван асуултад тогтож хариулт өгье.

Монгол Улсад ковид-19 халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдийн тохиолдлын тоо?

Улсын хэмжээнд 2021.06.10-ны байдлаар ковидын-19 халдвартай жирэмсэн эх 1152 байна.

Үүнээс гэрээр эмчлэгдэж байгаа 114, эмнэлэгт 250 нь эмчлэгдэж байна.

Биеийн байдал хүнд/нэн хүнд-12 байна.

Төрсөн эх 286 байгаагаас төрөх замаар төрсөн 196, кесарев мэс заслаар төрсөн эх 90 байна. Харамсалтай нь ковидын хүндрэлээр хоёр эх нас барсан бөгөөд 30 хоногтой, дутуу төрсөн, хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан.

 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд Ковид-19 халдварын эсрэг "Файзер" вакцин хийж болох уу?

Манай улсад орж ирсэн файзер вакцин нь нэгдүгээрт өөрийн заалт дээрээ жирэмсэн болон хөхүүл үед ямар байх вэ гэдгийг заахдаа ямар нэг эсрэг заалтгүй гэж бичсэн байгаа. Тухайн жирэмсэн эмэгтэйчүүд маань вакцинд хамрагдъя гэж байгаа бол хяналтынхаа эмчдээ үзүүлж, зөвшөөрөл аваад хийлгэж болно. Өөрөөр хэлбэл тухайн вакцины найрлагад орсон бодистой ямар нэгэн харшил байхгүй бол энэ вакцинд хамрагдаж болно гэсэн заалттай явж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд файзер вакциныг хийж болох эсэх талаар АНУ-ын Өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан мэдээлэл дээр хийж болно гэдэг зөвшөөрөл олгосон. Өөрөөр хэлбэл жирэмсэн эхчүүд файзер вакцин хийлгэхэд ямар нэгэн эсрэг заалт байхгүй. Файзер вакциныг Америк, Канад, европын орнуудад жирэмсэн эмэгтэйчүүддээ хийж эхэлсэн байгаа. Харин Монголын эрдэмтдийн хувьд, ЭМЯ-ын дэргэдэх Эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн гишүүд болон манай эрдэмтдийн баг судалж үзээд жирэмсэн эмэгтэйчүүдэд файзер вакциныг хийхийг зөвшөөрсөн. Жирэмсний 14-36 хоногтойд файзер вакциныг хийхийг зөвлөж байгаа. Үүнд ямар нэгэн эрсдэл байхгүй гэж манай эрдэмтэд тооцож үзсэн. Жирэмсний 14 хоногоос дээш хугацаанд нэгдүгээр тунг, жирэмсний 36 долоо хоногоос өмнө хоёрдугаар тунг хийхийг зөвлөж байгаа. Хэрвээ 36 долоо  хоногоос хойш болбол төрсний дараах хугацаандаа вакциныг хийнэ гэсэн зөвлөмжийг хүргүүлж байгаа.

Вакцин хийлгэснээс болж урагт гаж хөгжил үүсэх үү?

Ураг эхийн хэвлийд бүрэлдэж эхлээд, есөн долоо хоногийн дотор ихэнх эрхтэн бүрэлдэж тогтсон байдаг. Үүнээс хойш эрхтэн хөгжөөд явдаг. Тэгэхээр хэрвээ ургийн гаж хөгжил байвал ургийн 9 долоо хоногоос өмнө үүсчихсэн байдаг. Манай эртэмтэд 14 долоо хоног буюу дөрвөн сараас хойш вакцин хийлгэхийг зөвлөж байгаа. Тэгэхээр 14 долоо хоногоос хойш вакцин хийлгэхэд урагт ямар нэгэн гаж хөгжил үүсэхгүй. Орчин үед хэт авиан оношилгоо хөгжиж байна. Манай улсад 3, 4, 5 хэмжээст эхо аппарат ороод ирчихсэн тул ургийг нарийвчлан харах боломжтой юм. Тэр бүү хэл шээс ялгарах явцыг ч харах боломжтой болсон. Ургийн гаж хөгжлийг бүрэн харах тодорхойлох боломжтой ийм үед буюу дөрвөн сартайгаас эхлэн вакцинд хамрагдахыг зөвлөж байна. 

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top