Японы зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулах Монголын үйлдвэрлэгчид цахим үзэсгэлэн гаргана

2021 оны 06 сарын 14

Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн,үйлчилгээг Японы зах зээлд танилцуулж экспортыг нэмэгдүүлэхээр талууд хамтран ажиллаж байна.

Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсний таван жилийн ой энэ онд тохиож байна.  Энэхүү Эдийн засгийн түншлэлийн  хэлэлцээрээр Монголын тал 5700 орчим, Японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлж, манай улс Японоос импортлож буй 3423 төрлийн бараа, Япон Улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаалийн татвараас шууд чөлөөлсөн билээ.

Экспортын гол нэрийн бараанд самнасан ноолуур, ноолууран бүтээгдэхүүн  дийлэнх хувийг эзэлж байгаа ч сүүлийн жилүүдэд экспортын нэр төрөл  хүнсний бүтээгдэхүүн, арьсан эдлэл, ноосон бүтээгдэхүүн, экологийн бусад бүтээгдэхүүнээр  нэмэгдэж байна.

2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Ойг угтсан арга хэмжээнүүдийн нэгэн томоохон ажил бол энэхүү бизнес форум, үзэсгэлэн юм.  Монголын үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэнг нөхцөл байдалтай уялдуулсан дэлхий дахины дижитал шилжилтэд нийцүүлэн анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Форум, үзэсгэлэнг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар,Япон Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын яам, Экспорт олон улсын худалдааны төв, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газар,  мэргэжлийн  холбоод Монголын үйлдвэр эрхлэгчид хамтран зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэнд Япон улс руу экспорт хийх хүсэлтэй, Японы бизнесүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах зорилготой Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон аж ахуйн нэгжүүд хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээр  оролцохоор бүртгүүлж бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэхүү арга хэмжээг таван жилийн турш зохион байгуулсан Экспорт, Олон улсын худалдааны төвийн захирал Д.Оюунбилэг, Монгол улс Япон улстай эдийн засаг бизнесийн олон жилийн харилцааны түүхтэй. Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш экологийн цэвэр бүтээгдэхүүн түүн дотроо малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсэн манай дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн тус улсын зах зээлд нэвтрэх таатай боломж бүрдсэн юм. ЭОУХТ-ийн тухайд тус улсын зах зээлд хэрхэн нэвтрэх, чанар стандартын шаардлагуудаа яаж хангах, тухайн улсад амжилттай борлуулагдах брэндийг бий болгох тал дээр   дотоодын аж ахуй нэгжүүддээ сургалт явуулж брэнд үүсгэж мөн хөрөнгө оруулагч, хамтрагч түншүүдтэй нь холбох ажлыг явуулсаар ирсэн. Жил ирэх бүр бидний зохион байгуулдаг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч болон төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт форум хүрээгээ тэлж олон удаагийн үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулсан. Мөн цөөнгүй бизнесийн  хэлэлцээрүүд хийж дотоодын үйлдвэрлэгчид маань Японы зах зээлд амжилттай нэвтэрсээр байна.

Өнгөрсөн жилийн Япон-Монголын бизнес форум, үзэсгэлэнгээс жишээ авахад 20 гаруй дотоодын аж ахуй нэгж оролцсон форумд Японы талаас 200 гаруй хөрөнгө оруулагч оролцсон байх жишээтэй. Монгол улсаас Япон улсын зах зээлд нийлүүлэгдэж байгаа хонины ноосон бүтээгдэхүүн, арьсан цүнх гутал, хүүхдийн арьсан гутал, сарлагийн хөөвөр мөн чацаргана зэрэг олон бүтээгдэхүүн японы хэрэглэгчдийн талархлыг хэдийнэ хүлээгээд байна. Энэ удаагийн цахим форум, үзэсгэлэнгийн үйл ажиллагааны хүрээнд Монголын бизнес эрхлэгчид тэдний бүтээгдэхүүн болон хамтран ажиллах төслүүдийг 10 хоногийн турш танилцуулахаар Японы бизнесүүд төрийн болон хувийн хэвшлийнхэн, худалдааны төлөөлөгчдийг урьж мэдээлэл хүргэж ажиллаж байна.

Монгол үндэсний ёс заншил, нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлогийг тусгасан хүнс, хөнгөн, хүнд, жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг Японы хэрэглэгчдэд таниулах, сурталчлах, холбоо тогтоох, Японы хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байгалийн гаралтай органик бүтээгдэхүүний экспортын хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэхэд энэхүү цахим форум, үзэсгэлэн ихээхэн ач холбогдолтой. Японы бизнесүүдтэй харилцаа холбоо тогтоож, Япон улсад бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой аж ахуй нэгж, үйлдвэрлэгчид маань энэхүү https://www.exportmongolia.org/  цахим платформд нэгдэхийг урьж байна гэлээ. Монгол Японы цахим форум, үзэсгэлэн энэ сарын 25-аас ирэх сарын 5-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм байна.  

 

Top