БНХАУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг пүрэв гарагт /2021.06.17/ орон нутгийн цагаар 09.22 цагт дэлхийн тойрог зам дахь Хятадын сансрын станц руу “Шеньжоу-12” сансрын хөлөг хөөргөхөөр зэхэж байна.
Тус агентлагийн Сансрын нислэгийн хөтөлбөрийн газрын дарга Жи Шиминийн хэлснээр, нислэгийн багийн гол зорилго нь Дэлхийн тойрог замд байгуулж буй Хятадын сансрын станцын барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэх техник, технологийг турших үүрэгтэй. Хөлгийг Өвөр Монголын Өөртөө засах орон, Ганьсү мужийн хил дээр байрлах Жюцюань сансрын буудлаас “CZ-2F” пуужингийн тусламжтай хөөргөнө.
Гурван туршлагатай сансрын нисэгчээс бүрдсэн баг Хятадын хувьд хамгийн удаан хугацаанд буюу гурван сарын турш тойрог замд ажиллах юм. Багт Ни Хайшэн /56 настай/, Лю Бомин /54 настай/, Тан Хунбо /45 настай/ нар багтжээ. Гурван сарын дараа тэд гурван сансрын нисэгчтэй багтай солигдох юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Хятад улс “Чанжэн-5" пуужин тээвэрлэгчийн тусламжтай Хятадын сансрын станцын гол хэсэг болох “Тяньхэ” модулийг гаргасан билээ. Нэг сарын дараа буюу тавдугаар сарын 29-нд "Чанжэн-7" тээвэрлэгч 6.8 тонн ачаа бүхий “Тяньжоу-2” тээврийн хөлгийг тойрог замд хүргэсэн. Хөлөг “Тяньхэ” модультой амжилттай залгагдсан нь Хятадын үндэсний сансрын станцыг байгуулах ажлын эхлэл болсон юм.
Хятадын сансрын станц Дэлхийн тойрог замд 340-450 км өндөрт байрлах бөгөөд 10 гаруй жил ашиглагдах юм. Сансрын станц дээр гурван сансрын нисэгч урт хугацаанд ажиллах хүчин чадалтай. Т хэлбэртэй цогцолборын нийт жин нь 66 тонн байх гэнэ. Тус станц 2022 онд ашиглалтад орох ба олон улсын төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж Хятадын эрх баригчид мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )