БНХАУ-ын эрдэмтэд сансарт пуужин хөөргөх шинэ цахилгаан соронзон систем боловсруулж байна.
Хятадын агаар сансрын "Galactic Energy" хувийн компани пуужин хөөргөх дэлхийн анхны цахилгаан соронзон тавцанг 2028 он гэхэд танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэхүү төслийг Сычуань мужийн төрийн эрдэм шинжилгээний төвүүд болон Хятадын агаар сансрын шинжлэх ухаан-аж үйлдвэрийн корпорацын оролцоотой боловсруулж байгаа тухай Хятадын хэвлэлд мэдээлсэн байна. Хөөргөх тавцанд байрлуулсан хэт дамжуулагч хүчирхэг цахилгаан соронзонгийн тусламжтайгаар хөөргөх пуужингийн хөдөлгүүрийг асаахаас өмнө пуужинг дуунаас илүү хурдтай хөөрөх боломж бүрдүүлэх ажээ. Сансрын пуужингууд нислэгийн эхэн үед түлшнийхээ ихээхэн хэсгийг шатаадаг учраас ийм систем нь түлшний зарцуулалтыг үлэмж бууруулж, хөөргөх бэлтгэлийг хялбаршуулах юм байна.
Төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд ийм систем нь Америкийн SpaceX компани зэрэг өрсөлдөгчдөөсөө нэлээд давуу байдалтай болох боломжийг Хятадад олгох юм. 2018 онд байгуулагдсан Galactic Energy компани нь сансарт 18 удаа пуужин амжилттай хөөргөж, нийт 77 хиймэл дагуул тойрог замд оруулсан байна. Одоо тус компани Ceres-2 зөөгч пуужин боловсруулж байгаа бөгөөд уг пуужинд цахилгаан соронзон тавцангаас хөөрөх төхөөрөмж суурилуулж магадгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )