УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулав. Тэрбээр "Хөгжлийн бодлого төвөлвөлт, түүний удирдлагын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Тухайн оны наймдугаар сард таван жилийн үндсэн чиглэл батлагдсан. Энэ таван чиглэлийн зорилтод арга хэмжээг хөрөнгө тус бүрийг нь баталж, УИХ-аар батлуулна гэж заасан. Тиймээс энэ хуулийг өргөн барьсан. Нийт зургаан бүлэг, 23 зорилт туссан. Нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардана. Инфляци 5.8 хувь байхаар төлөвлөж байна. Зургаан бүлэг арга хэмжээ дотор цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг давах бүлэг, хүний хөгжил, эдийн засаг, цахим бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс нутгийн хөгжил гэсэн зорилготой 260 гаруй арга хэмжээг хуваарилсан. Үүнийг хэлэлцэж баталж өгөхийг хүсэж байна" хэмээн тодотголоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт баталж, Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэж заасан. Сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа бид жилийн төлөвлөгөө баталж байна. Хариуцлагатай хандах ёстой гэж бодож байна. Жилийн төлөвлөгөөг биелүүлснээр "Алсын хараа-50" арга хэмжээний хэдэн хувь нь биелэх вэ" гэх асуултыг тавилаа.
Үүнд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Нэг жилийн төлөвлөгөө анх удаа орж ирж байгаа баримт бичиг. Цаашид боловсронгуй болгож, сайжруулах шаардлага харагдаж байна. Энэ чинь 50 он хүртэл 30 жилийн бодлогыг үндэслэх зэрэг шаардлага байна. Цаашлаад 2020 оны төсвийн хуулийн төсөл, тэр хуулийг дагалдах хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалт гэж юм батлагддаг. Ийм олон баримт бичгийн дунд явж байгаа төлөвлөгөө. Эдгээрийг уялдуулах шаардлага байгаа гэдгийг хэлэх байна. Энэ 260 гаруй арга хэмжээг эх үүсвэртэй нь тавьж өгсөн. Мэдээж 100 хувь гаргах төвөгтэй. Жишээ нь, сая жуулчин оруулж ирэх асуудал байна. Халдвар байхад сая жуулчин оруулж ирэх бол хэцүү. Цаашид жилийн төлөвлөгөө гэдэг зүйлийг ямар хэлбэрээр гаргах нь өөрөө асуудал болчихоод байгаа юм. Ямар ч гэсэн Засгийн газар өөрөө боловсруулж, түрүүн миний ярьдаг 4, 5 баримт бичигт суурилсан төслийг оруулж ирж байна" гэх тайлбарыг өглөө.
Түүнчлэн "Сүүлийн хоёр жил туйлын төвөгтэй нөхцөлд бүх улс, орон л амьдарч байна. Ер нь, энэ халдварын нөхцөл байдалд төсвийн орлого амаргүй байна. Гашуунсухайт боомтоор өдөрт 1500 гаруй машин гардаг байсан бол одоо 100-аад машин л гарч байна шүү дээ. Энэ бол бодит байдал, үнэн. Эндээс үүдэлтэй бэрхшээл гарна. Нөгөө талаас УИХ, Засгийн газрын шийдвэрээр ковидын нөхцөл байдлын даван гарахад хамаг хүч хөрөнгөө хаяж байна шүү дээ. Нэг сая жуулчин гэдгийг хувил гээд байх юм. Хамаг хилээ хаачихаад сая жуулчин оруулж ирэх бол хэцүү" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 1 )
koronogaa yriaj ee delhiin uls ornuud mongoloos nuuree buruulj bna hs de. 3 han say hunee avad yvj chadahgui Mongol ulsiig gaihaj delhii gaihaj bna