ЧУУЛГАН: Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэхийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 

Тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулсан. Тэрбээр "Хөгжлийн бодлого төвөлвөлт, түүний удирдлагын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Тухайн оны наймдугаар сард таван жилийн үндсэн чиглэл батлагдсан. Энэ таван чиглэлийн зорилтод арга хэмжээг хөрөнгө тус бүрийг нь баталж, УИХ-аар батлуулна гэж заасан. Тиймээс энэ хуулийг өргөн барьсан. Нийт зургаан бүлэг, 23 зорилт туссан. Нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардана. Инфляци 5.8 хувь байхаар төлөвлөж байна. Зургаан бүлэг арга хэмжээ дотор цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг давах бүлэг, хүний хөгжил, эдийн засаг, цахим бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс нутгийн хөгжил гэсэн зорилготой 260 гаруй арга хэмжээг хуваарилсан. Үүнийг хэлэлцэж баталж өгөхийг хүсэж байна" хэмээн онцолсон.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.  

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт баталж, Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэж заасан. Сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа бид жилийн төлөвлөгөө баталж байна. Хариуцлагатай хандах ёстой гэж бодож байна. Жилийн төлөвлөгөөг биелүүлснээр "Алсын хараа-50" арга хэмжээний хэдэн хувь нь биелэх вэ.

ЗГХЭГ-ын дарга Ц.НЯМДОРЖ: Нэг жилийн төлөвлөгөө анх удаа орж ирж байгаа баримт бичиг. Цаашид боловсронгуй болгож, сайжруулах шаардлага харагдаж байна. Энэ чинь 50 он хүртэл 30 жилийн бодлогыг үндэслэх зэрэг шаардлага байна. Цаашлаад 2020 оны төсвийн хуулийн төсөл, тэр хуулийг дагалдах хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалт гэж юм батлагддаг. Ийм олон баримт бичгийн дунд явж байгаа төлөвлөгөө. Эдгээрийг уялдуулах шаардлага байгаа гэдгийг хэлэх байна. Энэ 260 гаруй арга хэмжээг эх үүсвэртэй нь тавьж өгсөн. Мэдээж 100 хувь гаргах төвөгтэй. Жишээ нь, сая жуулчин оруулж ирэх асуудал байна. Халдвар байхад сая жуулчин оруулж ирэх бол хэцүү. Цаашид жилийн төлөвлөгөө гэдэг зүйлийг ямар хэлбэрээр гаргах нь өөрөө асуудал болчихоод байгаа юм. Ямар ч гэсэн Засгийн газар өөрөө боловсруулж, түрүүн миний ярьдаг 4, 5 баримт бичигт суурилсан төслийг оруулж ирж байна. Сүүлийн хоёр жил туйлын төвөгтэй нөхцөлд бүх улс, орон л амьдарч байна. Ер нь, энэ халдварын нөхцөл байдалд төсвийн орлого амаргүй байна. Гашуунсухайт боомтоор өдөрт 1500 гаруй машин гардаг байсан бол одоо 100-аад машин л гарч байна шүү дээ. Энэ бол бодит байдал, үнэн. Эндээс үүдэлтэй бэрхшээл гарна. Нөгөө талаас УИХ, Засгийн газрын шийдвэрээр ковидын нөхцөл байдлын даван гарахад хамаг хүч хөрөнгөө хаяж байна шүү дээ. Нэг сая жуулчин гэдгийг хувил гээд байх юм. Хамаг хилээ хаачихаад сая жуулчин оруулж ирэх бол хэцүү. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Орж ирсэн бичиг, баримтыг харахаар хэлбэр хийц нь яамдын дотроо баталдаг, жилийн төлөвлөгөө харагдаж байна. Тэгэхээр яамдын баталдаг бичиг, баримтыг УИХ-аар батлах гээд байна. Энэ бичиг, баримт дотор төрийн өмчийн аж ахуйн нэгжид ямар реформ хийх вэ. Тийм зүйл юу ч алга. Эдийн засаг хүндэрсэн, цар тахал хүнд байна. Төр ирэх онд бүсээ чангалах, цомхон байх, авлигатай тэмцэх ажилд гол ажлаа чиглүүлэх ёстой. Энд юу ч алга. УИХ-ын хяналтаас бүрэн гарчихаад байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байна. Энэ бол ЗГХЭГ-ын эрхлэх асуудалд байгаа шүү. Үүнд ажил хийхгүй хэрэг үү. Энэ төрийн өмчийн компанийн хуулийн реформ сураг сонссон чинь Ц.Нямдорж сайд өөр дээрээ татаад авчихсан гэх юм. Энэ ямар учиртай юм бэ.  

ЗГХЭГ-ын дарга Ц.НЯМДОРЖ: Төрийн өмчийн компанийн ажлуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцдаггүй. Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд байдаг асуудал. Өмнө нь дарагдсан зүйл байхгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад ажлын хэсэг гаргаж, судалгаа хийсэн. Хуулийн төсөл боловсруулсан, одоо яамдаас санал авах ажил хийгдэж байна. Намар өргөн мэдүүлнэ.  Зарим компанийн үйл ажиллагаанд дотоод аудит хийнэ. Байдлыг судалж үзэж байна. "Эрдэнэс Монгол" компанид хийсэн дотоод аудитыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Тэр хуулийн яам дээр байгаа улсын төсвөөс санхүүжилт авдаг 6000 орчим компани бий. Тэнд нөхцөл байдал амаргүй байгаа гэнэ лээ. Тэднийг тусад нь авч үзнэ. Оруулж ирээгүй байна. Дарсан гэдэг үндэслэлгүй яриа ярьдгаа болих хэрэгтэй.  

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ: Энэ одоо юун хөгжлийн төлөвлөгөө вэ. Ирэх 2022 онд хөгжинө гэж бодоод байгаа юм уу. Үнэхээр ичмээр байна аа, та нар. Энэ Засгийн газар 100 жилийн түүхэнд чинь хамгийн эрх мэдэлтэй шүү. Үнэхээр арчаагүй байна, энэ УИХ, Засгийн газар. Өмнө нь Засгийн газар юм хийж байсан, сайн Засгийн газар олон байсан. Одоо 2022 онд МАН-ын Засгийн газар яг юу хийх юм. Улс, орон чинь яаж урагшлах юм. Улаанбаатарын жорлон, яндан хэдээр буурах юм. Утаа хэдэн хувиар багасах вэ. Тодорхой зүйл харагдахгүй байна. Наад зах нь, Дарханы зам хэзээ ашиглалтад орох вэ. Хэдэн хүн нас барлаа даа. Энэ Засгийн газар огцроход олон хүн шоронд явах байх шүү.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: Би АН-ын бүлгийн хурал дээр олон саналаа хэлсэн. Энд 230 гаруй ажил жагсааж биччихээд, тэрийгээ жилийн төлөвлөгөө гэж оруулж ирж байгаад харамсаж байна. Ажил, бодит байдлыг ярьмаар байна. Өнөөдөр иргэдээ зөнгөөр нь хаялаа шүү дээ. Үхвэл үх гээд хаячихлаа. Энэ их ажлаар яах гээд байгаа юм. Та нар ажлаа хийгээч ээ. Хил дээр хамаг ачаа чинь гацчихсан байна. Тэрнээс болж бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байна шүү дээ. Энэ мэт энгийн зүйлийг олж хараач ээ, хардаггүй юм уу. Ажил хий, ард түмний төлөө зүтгэ. Баахан улстөржөөд л байдаг. Юм аа хий л дээ.  

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Ирэх оны төлөвлөгөөгөө халдварын нөхцөл байдалтайгаа сайтар уялдуулах хэрэгтэй. Тойргийн иргэдээс маань өдөр болгон утасдаж, хэлж байна. Эмнэлгийн хэрэгслээс эхлээд эмч нарын байдал хүнд боллоо. Тэр арбидол гэдэг эм чинь хөдөө орон нутагт олдохгүй байна. Үүнд Засгийн газар сайтар анхаарах хэрэгтэй байна. Дээр нь халамжаас хөдөлмөрт шилжих, ажлын байрыг бий болгох гэж байна. Энд дорвитой ажил хиймээр байна. Аль болгон машинаар нүүрсээ зөөх вэ. Шат шатны хариуцлага хамгийн чухал шүү. Бүх шатандаа хариуцлага сул байна гэх зэргээр байр сууриа илэрхийлэв. Дээрх тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top