Төрөөс олгодог зөвшөөрлийн тоог 2-3 дахин бууруулна гэх МАН-ын сонгуулийн амлалтыг хууль болгож гарахаар бизнес эрхлэгчид байр сууриа илэрхийлж эхэлсэн. УИХ-д өргөн баригдаад байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийн гол агуулга нь зөвшөөрлийн тоог эрс бууруулах ёстой. Цаашлаад мэргэжлийн холбоод цөөн тооны зөвшөөрөл олгодог байх шаардлага тавьж ирсэн байдаг.
Бизнес эрхлэгчдийн дунд явуулсан асуулгаар Монголд үйлдвэрлэл эрхлэхийн тулд дор хаяж, төрийн 10-аад байгууллагын хаалга татах шаардлага тулгарч байгаа. Тэр олон хаалганы цаана суугаа 20-30 хүний гарын үсэг шаарддаг. Төрөөс олгодог зөвшөөрлийн тоо 2001 оноос хойш нэмэгдсээр 1300 хүрсэн мэдээлэл бий. Төрөөс нийт 54 салбарын 914 тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд нутгийн ИТХ-ын шийдвэр, төрийн захиргааны байгууллагуудын журмаар 400 гаруй зөвшөөрөл нэмэгдэнэ. Уг нь УИХ анх 2001 онд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийг батлахдаа 112 зөвшөөрөл бий болно гэж тооцсон гэдэг. Тэгвэл бизнес эрхлэгчдийн төлөөлөл элдэв төрлийн зөвшөөрөл бизнесийн үйл ажиллагааг хэрхэн боомилж буй талаар болон Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд ийнхүү саналаа илэрхийллээ.
Зөвшөөрөл олгосон, цуцалсан шийдвэрийг олон нийтэд ил мэдээлэх хэрэгтэй
Р.Сансармаа (“Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал)
-Зөвшөөрлийг бид хамгийн хурдан, хүнд сурталгүйгээр авах нь чухал байдаг. Гэвч хуулийн төсөлд баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох талаар шийдвэр гаргахаар заасан. Үүнд ажлын эсвэл хуанлийн эсэх талаар тодорхой заагаагүй байна. Ажлын 30 хоног гэвэл нийтдээ 50 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэхээр байна. Иймд хугацааг нь илүү тодорхой болгох шаардлагатай. Бас өргөдөл гаргагчийн өргөдлийг амаар авч гарын үсэг зуруулах тухай заасан. Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон зэрэг шийдвэрүүдийг олон нийтэд үндэслэлийг ил тод байдлаар гаргах хэрэгтэй. Татварын өргүй байх талаар заасан байна. Гэвч хугацаа хэтэрсэн өр, энгийн өр гэсэн ойлголтын зөрүү байдаг. Хугацаа хэтэрсэн татварын өргүй гэж зааж өгнө үү гэж хүсмээр байна.
Хуулийн төсөл дээр төрийн дунд шатны саналыг тусгавал шинэчлэл хийж чадахгүй
Ө.Жамбалсүрэн (“Скайтел” ХХК-ийн хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал)
-Одоогоос долоон жилийн өмнө Засгийн газар уг хуулийн төслийг өргөн барьж байсан түүхтэй. Тухайн үеийн өргөн баригдсан хуулийн төслийг одоогийн хуулийн төсөлтэй харьцуулахад хэд хэдэн чухал зүйл алдагдсан байна. Тухайлбал, өндөр хөгжилтэй улс орон, тухайн орны стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч этгээдэд тусгай зөвшөөрлийг шууд олгох тухай дэвшилттэй заалтууд байсан. Tусгай зөвшөөрлийг онцгой, тусгай, энгийн гэж ангилж, энгийн зөвшөөрлийг хугацаагүй, тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай байхаар бизнесийн хамгаалалт болохоор онцлог заалтууд тусгагдсан байдаг. Гэвч одоогийн хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл нь таван жилийн хугацаатай болсон байгаа нь тусгай зөвшөөрлийг их хэмжээгээр тарааж, олон тооны зөвшөөрөл олгох эрсдэлийг дахин бий болгоно. Аливаа нугалаа, зөрчил зөвшөөрөл олгодог дунд шатны удирдлагууд дээр гардаг. Өмнөх төсөл дээр энэ шатны удирдлагууд дээр зөвшөөрлийг задалж олгохыг хориглох тухай заасан байдаг. Энэ мэт дэвшилтэт заалтыг орхигдуулсан байна. Өмнөх хувилбар дээр зөвшөөрөл олгогч буюу төрийн албан тушаалтнуудын эрх үүргийг хатуу хуульчилсан байсан. Одоогийн төсөлд энэ талаар тусгагдаагүй байгааг анхаарна уу. Энэ хууль дээр төрийн захиргааны дунд шатны удирдлагуудын санал бодлыг тусгавал төгс байдлаар шинэчлэл хийж чадахгүй, хуулийн чухал заалтуудыг авч хаях, хайрцаглах гээд байдаг. Бизнес эрхлэгчдийн санал бодлыг түлхүү тусгахыг анхаараарай.
Зөвшөөрлийг мэргэжлийн холбоод олгох ёстой
М.Нармандах (Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал)
-Япон улсад хүнсний салбарын зөвшөөрлийг олгох ажлыг мэргэжлийн холбоод нь гүйцэтгэдэг. Холбоо нь мэргэжлийн бүхий л зааварчилгаа, зөвлөгөөг өгдөг. Бусад орны туршлагыг харгалзан төрийн ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар заалтууд тусгаж хуулийн эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна. Манай улсад мэргэжлийн байгууллагын хүрэлцээ сул байгаагаас шалтгаалж нийтийн хоолны салбарт улсын байцаагчийг дүгнэлтийг гаргуулахыг зогсоосон байгаа. Үүнээс улбаалж мэргэжлийн бус, эрүүл ахуйн шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулснаас хүн амын дунд хоолны хордлого болон хорт хавдартай болох нөхцөл бүрдэж байна. Үүнд анхаарч үзэн зөвшөөрлийг эргээд олгож эхлэх, заавал мэргэжлийн байгууллага бус мэргэжлийн холбоод олгож явах хэрэгтэй.
Хуулийн төсөлд шалтаг тоочин томоохон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах заалт багтжээ
С.Энхтүвшин (“М Си Эс холдинг” ХХК-ийн дэд ерөнхийлөгч)
-Хуулийн төсөлд “Засгийн газар нь тусгай зөвшөөрөлд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно” гээд үндэслэлүүд зааж өгсөн нь нотлох боломжгүй шалтаг тоочин томоохон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, хуулиар олгогдсон эрхүүдийг хязгаарлах боломж нээгдсэн мэт харагдаж байна. Бас нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах биш энгийн зөвшөөрөл авахаар хуульчилж өгөх хэрэгтэй байна. Хуулийн төсөлд Зөвлөл байгуулах тухайд үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тодорхой зааж өгөх саналтай байна. Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн бусад хуулийн хэм хэмжээтэй харьцуулан, нийцүүлэх байдлыг давхар харах хэрэгтэй. Зөвшөөрлийн лавлагааг олгохдоо 3-5 өдрийн дотор олгохоор заасан байсан. Нэгэнт зөвшөөрөл олгочихсон байгаа нөхцөлд лавлагаа шууд өгдөг байдлаар оруулах хэрэгтэй.
Манай улсын жолооны үнэмлэх олон улсад хүчин төгөлдөр үйлчилдэггүй
Д.Наранпүрэв (Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч)
-Бид олон улсын аюултай ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрт нэгдэж орохоор бэлдэж байгаа. Хэрвээ уг конвенцид нэгдэж орвол заавал тээврийн байгууллагын оролцоо шаардлагатай болно. Гэтэл БОАЖЯ тээвэрлэлт хийх зөвшөөрлийг өгөх нь мэргэжлийн бус байгууллага эрхийг нь өгч байна гэсэн үг. Тиймээс заавал тээврийн яамтай хамтарч зөвшөөрлийг өгч байх нь чухал. Энгийн зөвшөөрөл дээр олон улсын жолоодох эрхийг цагдаагийн газар өгөхөөр тусгасан байна. Энэ нь буруу. Учир нь Олон улсын жолоочдын нийгэмлэг гэж байдаг. Тухайн нийгэмлэгийн гишүүн байгууллага нь олон улсын жолоодох эрхийг өгдөг. Манай улсаас олгосон жолооны үнэмлэх олон улсад хүчин төгөлдөр үйлчилдэггүй. Мөн хуулинд байдаггүй хэрнээ салбаруудад сайдын тушаалаар гаргасан зөвшөөрлүүд их байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах нь тодорхой бус байгаа. Үүнийг илүү тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар бизнес эрхлэгчид энэ мэтээр байр сууриа илэрхийлж байна. Шинэчилсэн найруулгын хувьд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүнээс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл явж байгаа. Мөн Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )