Б.Энхбаяр: Монгол төр ТҮР ТӨР болж хувирлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

-УИХ-ын гишүүд Засгийн газрыг цар тахалтай тэмцэх төлөвлөгөө оруулж ирэхийг шаардав-


УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Ерөнхийдөө тус хуулийн төсөлд хил дээр гацаад байгаа ачаа тээврийг шийдвэрлэх, цар тахалтай тэмцэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулах асуудлыг зохицуулах, уг хуулийн хэрэгжилтийн хугацааг зургаар сараар сунгах гэсэн гурван гол өөрчлөлтийг тусгажээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ дахь АН-ын бүлгээс хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авах хүсэлт тавьсан. Харин хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлагын хугацаа өгснөөр хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэхээр хойшлуулсан юм. Ингээд тус хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Сүүлийн үед Засгийн газраас УИХ-ын бүрэн эрхэд халдсан бодлогын баримт бичиг оруулж ирэх боллоо. Дараа жилийн төлөвлөгөө ярьж байхад өмнөх жилийн тайлангаа өгдөггүй. Ковидын хууль гурав дахь удаагаа сунгагдах тухай ярьж байна. Гэтэл өмнөх 5.1 их наядын хөтөлбөрийн гүйцэтгэл тайланг өгөөгүй. Засгийн газрын хөрөнгийг нэмэх тухай энэ хуульд орсон байна. Гэтэл Төсвийн тухай хуулиар нэмэх хориотой. Төсөвт тодотгож оруулахаас өмнө энэ мөнгийг шийдэж болох юм уу. Ажлуудын дараалал дандаа буруу байна. Өмнөх ажлуудын тайлан заавал байх ёстой. Ковидын үед хүний эрхийн зөрчлүүд маш олон гарсан.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Ковидын тухай хуулийг үргэлжлүүлж болохгүй болчихоод байгаа юм. Учир нь энэ хууль Үндсэн хуулийн 19.2 дахь заалтад “Онц байдал болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хуульд заасан хүний эрхийг хуулиар хязгаарлана” гэснийг зөрчөөд байгаа. Бид зорчих хөдөлгөөн, улс эх орондоо ирэх хөдөлгөөн, бизнес эрхлэж орлого олох, цалин авах, боловсрол олж авах гэх мэт хүний эрхийг хүртэл зөрчиж байгаа. Тэгэхээр Онц байдлаа зарлаад яв. Эсвэл гамшиг гэж үзэж байгаа бол Гамшгаас хамгаалах хуулиараа яв. Хэрвээ бид Үндсэн хуулиа зөрчдөг болох юм бол эрх зүйт төр гэж байхгүй болно. Төсөв санхүү ч үнэхээр эмх замбараагүй боллоо. Ирээдүйн өв санд долоон их наяд төгрөг байх ёстой байсан. Гэтэл одоо гурван их наяд болсон байна. Түүнийг чинь уг нь 2030 он хүртэл зарцуулахгүй гээд хуульчилчихсан. Одоо Эрүүл мэндийн даатгалын сан руу орох гэж байна. Ковидын хууль чинь энэ бүх эмх замбараагүй байдлыг үүсгэсэн. Тэгэхээр энэ Ковидын хууль гэдэг юмыг зогсоохгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Ковидын нөхцөл байдал хүнд байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Эрүүл мэндийн салбар бүх нөөц боломжоо шавхаад ажиллаж байна. Тэгэхээр манай яг өнөөдрийн нөхцөлд тодорхой хуулиудад өөрчлөлт оруулаад даваад гарах юм уу. Эсвэл хууль эрх зүйн зөрчлийн асуудал яриад мөнгө төгрөггүй гээд халдвараа улам алдаад, нэмээд суух уу. Хариуцлагын асуудал дараа нь болох байх. Жилдээ хуримтлагдаад зарцуулагдаад дуусах ёстой Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг яг даатгал төлдөг иргэдийн эрүүл мэндэд зарцуулахгүй тэгээд юунд зарцуулах гээд дараад байгаа юм. Тэгэхээр би хуулийн өөрчлөлтийг хийгээд явах нь зөв юм байна гэсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Нөхцөл байдал хүндэрсэн ийм үед Ковидын хуулийг цааш үргэлжлүүлэхийг дэмжиж байна. Гэхдээ хоёр асуудлыг үргэлжлүүлэхийг эсэргүүцэж байна. Нэгд, УИХ-ын хууль болон төсөв батлах эрхийг Ковидын хуулиар Засгийн газар авсан. Үүгээр далимдуулан хөрөнгө мөнгө хяналтгүй зарцуулж байгаа. Үүний илрэл нь өнгөрсөн 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн 2.7 их наядын зарцуулалтын тайланг надад ирүүлсэн. Үлдсэн 2.4-ийн тайлан байхгүй. Гэтэл энэ мөнгө хадгаламж болж хувирсан байгаа. УИХ-ын бүрэн эрхийг буцааж төсвөө батлуулаад ажилладаг зарчмаараа явах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-УИХ-ын даргад хандаж нэг юм хэлье. Монгол Улсын 482 иргэн амь насаа алджээ. Монгол Улсын Их Хурал хүндэтгэл үзүүлэхгүй юм уу. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн асуудал болчихлоо. Сүүлийн гурван сард Засгийн газрын стратеги менежмент бүтэлгүйтчихсэн. Хуулийг шинээр оруулж ирэх ёстой. Төлөвлөгөөгөө эхлээд бидэнд танилцуулж байж батлуулах хэрэгтэй. Бид өнгөрсөн жил барьц алдаад Засгийн газарт бүх юмыг шилжүүлсэн. Үндсэн хуулийн бус шийдвэр байсан. Одоо Үндсэн хуулиа зөрчөөд байж болохгүй. Үндсэн хуульт ёс байхгүй болбол захиргааны буюу цагдаагийн төрийн шинж рүү ордог шүү.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-2020 онд цар тахалтай тэмцэхэд 4.8 их наяд төгрөг буюу төсвийн орлогын талтай тэнцэх хөрөнгө зарцуулсан гэсэн аудитын тайлан байна. Энэ их хөрөнгийг Засгийн газар зарцуулчихаад хуулийн хэрэгжилтийн үр дүн маш муу байгаад иргэд бухимдаж байгаа шүү. Өдөрт халдвар авч байгаа иргэдийн тоо 2000-аас дээш боллоо. Шийдвэр гаргагчдын уялдаа тогтвортой байж чадахгүй байна. Өнгөрсөн оноос хойш 548 мянган ажлын байр эрсдэлд орж ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн байгаа. Амьсгалын аппарат, уушги орлуулах аппарат дутагдалтай, ээлжилж хэрэглэж байна. Анх Ковидын хууль батлагдахад л энэ аппаратаа авах, бүрэн хангах асуудал ярьж байсан. Ямар үр дүн гаргаснаа яриад дараагийнхаа хуулийг гаргах ёстой гэдэгтэй санал нэг байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Иргэд яахаа мэдэхгүй байдалтай байхад бид энд бүх юм болж байгаа мэт яриад байдаг. Хуулийн төслийг сунгахад хуулийн танилцуулгатай оруулж ирэх ёстой. Энд хулгайн аргаар зургаан сараар сунгана гэж биччихээд байна. Бүх эрх мэдэл мөнгө төгрөг өглөө, УИХ-аас болоод гацаад байгаа ямар ч ажил байхгүй. Энэ их мөнгийг Засгийн газарт өгдөг буруу. Ардын намын 62 та нар хэт олонх болж парламентын утгыг алдагдууллаа шүү.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Бид цар тахлын үед хэрэгжүүлж байгаа менеж­ментийнхээ асуудлыг бүгдээрээ эргэж харахгүй бол болохгүй нь ээ. Ийм гамшгийн үеийн менежментийг улс төрийн албан тушаалтнууд хариуцдаг манай улсын тогтолцоо зөв үү. Улс төрийн албан тушаалтан хэн гэдгээсээ үл хамаараад бусдад таалагдах шийдвэр гаргахыг эрмэлздэг. Нөгөө талаас цахим сүлжээнд хөтлөгдөж шийдвэр гаргах, шийдвэрээсээ эргэж буцах явдал олон гарлаа. Ийм учраас гамшгийг мэргэжлийн хүмүүсээр удирдуулдаг тогтолцоо руу орох ёстой гэсэн бодолтой байна. Энэ Ковидын хууль гэгч богино хугацаанд боловсруулсан хууль өнөөгийн нөхцөл байдалд үнэхээр шаардлага хангахгүй байна. Цаашдаа Гамшгаас хамгаалах хуулиа шинэчилж тодорхой арга хэмжээ авах ёстой. Хоёрдугаарт, хуулийн төсөлд олон улсын ачаа тээврийн асуудлыг зохицуулахаар Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах асуудал орж ирсэн байна. Одоо тэнд гааль, татвар, хилийн цэрэг бүгдээрээ ажиллаж байгаа. Энэ дээр заавал шинэ бүтэц байгуулж байж шийдэгдэх асуудал мөн юм уу. Тэр захиргаа байсан байгаагүй тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс ажлаа хийнэ шүү дээ.
 


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Ковидын нэг удаагийн хуулийг сунгахыг дэмжихгүй байгаа. Сүүлийн нэг жилд төрийн албанд түр хүмүүсийг маш ихээр томилсон. Түүнийг л сунгах гэж байгаа. Сунгахгүй бол долоодугаар сарын 1-нээс тэр хүмүүс чөлөөлөгдөнө. Төрийн албанд түр хүмүүс томилох боломжийг яагаад Ковидын хуулиар нээсэн юм гэхээр онцгой байдал, цагдаа, эмч, сувилагч нарыг шаардлагатай үед элдэв саадгүйгээр татаж авах зорилгоор хийсэн. Гэтэл үүнийг төрийн захиргааны албанд баахан дарга нарыг томилоход ашигласан. Монгол төр түр төр болж хувирлаа. Баахан сонгон шалгаруулалтгүй түр дарга нартай болсон. Түр дарга бүрэн хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Сүүлийн нэг жилд хэчнээн хүн төрийн албаны шалгалт өгөлгүйгээр томилогдсон бэ.

Шадар сайд С.Амарсайхан:

-Хэн нэгэн хүний албан тушаалыг хамгаалаад байгаа юм Засгийн газарт огт байхгүй. Цар тахалтай тэмцэхэд саад хориг болж байгаа аливаа асуудлуудыг арилгаж, Засгийн газрыг түргэн шуурхай арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх хүрээнд яригдаж байгаа. Цар тахлын хуулиар хэн нэгнийг албан тушаалд томилох гэж байна гэвэл зарчмын зөрүүтэй санал гаргаад аваад хаячихаж болно.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Цар тахлын тухай хуулийн үйлчлэх хугацааг зургаан сараар сунгах тухай асуудал яригдаж байна. Тэгвэл эхний хагас жилийн үр дүн юу байв. Үндсэндээ, экспорт зогссон. Цар тахал сум орон даяар тархаж, хяналтаас гарсан. Эрүүл мэндийн салбарынхны ачаалал аль хэдийн зохистой түвшнээс давчихсан байна. Эхний хагас жилийн үр дүн, энэ. Тэгвэл ирэх зургаан сар юу хийхээр төлөвлөж байгаа юм. Нөхцөл байдлаа гүйцэд харж чадаж байгаа юу. Эмнэлэг, бизнес, сургууль боловсролыг яах юм бэ. Ирэх зургаан сар бид яг ийм ажил хийнэ, үүнийг хийхэд бидэнд тийм шийдвэрүүд хэрэгтэй байгаа учраас цар тахлын хуулийг сунгаж өгөөч гээд төлөвлөгөөтэй орж ирэх ёстой. Одоо болохоор нэг юм хийхгээд эсвэл болих гээд байгаа юм шиг байна. Цахим орчинд сөрөг уур амьсгал үүсэхээр шийдвэрээ больчихдог. Энэ нь өөрөө муу ч, сайн ч арга хэмжээ авахаас илүү хортой гэдгийг хэлэх гэсэн юм. Хуулийн үйлчлэлийг зургаан сараар сунгаж өгөх нь зөв гэж бодож байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.158.65.5) 2021 оны 06 сарын 26

Энхбаяр. МОЛОДЕЦ !!\nШАДАР САЙД - ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ.,.ГАВНО...

1  |  0
Иргэн (67.247.107.106) 2021 оны 06 сарын 26

Энхбаярын зөв

1  |  0
зочин(49.0.142.65) 2021 оны 06 сарын 26

Б.Энхбаярын зөв.

3  |  0
z(202.9.40.178) 2021 оны 06 сарын 25

hvmvvsig uruu tataj turhirdagaa zarim gishvvd bolimoor jum

0  |  0
zochin(106.127.23.63) 2021 оны 06 сарын 25

Onor bolroo chi solongos tuu zooson mongoo awchraad uls orondoo handiw ogooch bulai zawaan awgai

0  |  0
zochin(106.127.23.63) 2021 оны 06 сарын 25

za On or Bolton chi tut ter solongosruugaa zooson mongoo gargaad naad owchnoo dar

0  |  0
Top