Б.Жавзмаа: Эмнэлэгт ирсэн хүмүүсийн 90% нь уушгины хатгаа болж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Эх, нярай, эмэгтэй­чүүдийн үндэсний төвийн их эмч Б.Жавзмааг “Өглөөний зочин”-оор урьж, коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тэрбээр эрүүл мэндийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Халдварын шинжилгээ, улаан бүсэд дайчлагдан ажиллаад зургаан сар болж байгаа юм.


-Яармагийн 300 ортой эх, хүүхдийн эмнэлэгт корона­вирусний халдвар авсан хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа. Тэнд нөхцөл байдал ямар байна вэ. Хэдэн хүн эмчлүүлж байгаа вэ?

-Манайх 300 ортой эмнэлэг боловч 800 ор дэлгээд ажиллаж байгаа. Нэг эмч, нэг сувилагчид 20 үйлчлүүлэгч оногдох ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар 35-40 хүн ногдож байна. Ажлын ачаалал маш их байна. Улаан бүс рүү орж үйлчилгээ үзүүлэх цаг нэмэгдсэн. Нэг удаад гурван эмч, нэг сувилагч, нэг ариутгагч, нэг асрагч гэсэн 6-7 хүний бүрэлдэхүүнтэй ордог.

Ажлын ачаалал их учраас стори буюу өвчний түүхийг стандартын дагуу бичих тал дээр учир дутагдалтай байна. Биднийг дөрвөн цаг ажилладаг гэсэн ажлын байрны тодорхойлолт гарсан боловч нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж гэж хүний шийдвэрээр зургаан цаг унтах боломжтой хэмээгээд цалин хассан байгаа. Гэтэл өнөөдөр бид зургаан цаг битгий хэл гурван цаг, заримдаа шөнө өвчтөн ирэхэд унтахгүй тохиолдол цөөнгүй байдаг. 

-Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын нөхцөл одоо үнэхээр хүндэрч байгаа байх. Бүсээ чангалаад бараг хоёр жил ажиллалаа. Таны хувьд цалин, урамшуулал, ажиллах нөхцөл ямар байгааг нээлттэй хэлж өгөөч?

-Миний хувьд 25 жил улсад ажилласан. Арьс, харшлын эмчийн үндсэн мэргэжилтэй. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад улаан бүсэд эмч хэрэгтэй болоод ирж ажиллаад зургаан сар болж байна. Ковид эмчлээд илүү цагтайгаа нийлээд сард хоёр сая гаруй төгрөгийн цалин авдаг гэсэн нэр дуулдаг боловч 700-800 мянган төгрөгөө нийгмийн даатгал болон бусад шимтгэлд өгөөд 14 хоногийн тусгаарлалтад гэр бүл, үр хүүхдээсээ хол, өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж амьдарч байгаа хэдий ч нэг сая гаруй төгрөгийн цалингаа авч байна. Энэ бол эмч, сувилагч, асрагч, ажилчдын үндсэн цалин багатай холбоотой. Үнэндээ хүн хүнээсээ шалтгаалаад нойр, хоол, сэтгэл санааны хувьд ч хямралтай ажиллана шүү дээ. ТҮЭМ-6 гэж Засгийн газраас бидэнд тогтоосон цалинг дундажлаад бодохоор нэг цаг нь 5000 болно. Илүү цаг хоёр дахин бодогдоно гэхээр 10 мянгаар бодох ёстой.

-14 хоног ажиллаад 14 хоног тусгаарлалтад орж байна уу. Хоногт 3-4 цаг унтана гэдэг хэцүүхэн сонсогдож байна?

-Тийм ээ. Ажиллаж байх хугацаандаа бид 3-4 цаг амрах бололцоотой. Шөнийн нэгээс хоёр цагт унтаад өглөө үүрээр босож компьютер дээр стори бичихээс ажил эхэлдэг. Гурван эмч хоёр компьютертэй учраас сторио өрсөж бичихийн тулд эрт босно. Миний хувьд үүрийн 04.00 цагт босдог. Эрт ажлаа амжуулаад ахлах эмчийн заавраар ээлжээр өдөрт гурван удаа өвчтөн рүү орох нь гурван эмч хамт явж үзлэг хийхээс илүү үр дүнтэй байгаа. Мөн хүнд хүмүүсийг дахин давтаж үздэг. Халдвар авсан өвчтөний хувьд сэтгэл санаа маш бухимдуу, аашилсан, загнасан, заримдаа эмчийг зодох шахуу үйлдэл үзүүлэх хүмүүс байдаг. Үйлчлүүлэгчтэй харьцаж байгаа эмч нарын сэтгэл санааны хувьд ч дарамттай ажилладаг. Үүнээсээ болоод уурлаж бухимдах, 14 хоногийн хугацаанд ажилласан бухимдлаа гэртээ ирж гаргах тохиолдлууд ч ажиглагддаг. Тийм болохоор эрүүл мэндийн салбарын ажилчдаас гадна үйлчлүүлэгчид маань бүгдээрээ сэтгэл санаагаа тайван байлгаж, гэгээлэг бодолтой байгаасай. Арьсны өвчтэй сэтгэлзүйн хувьд дарамттай хүмүүстэй олон жил ажилласан эмчийн хувьд ч, сэтгэлийн боловсролын багшаар Солонгос, Монголдоо гээд гурван жил суралцаж байгаа хүний хувьд ч хэлэхэд сэтгэл санаа хүний дархлаанд үнэхээр чухлаар нөлөөлдөг юм шүү.

-Танай эмнэлгийн хувьд гэхэд орны ачаалал бараг гурав дахин өссөн байна шүү дээ. Энэ хэрээр орны хүрэлцээ, эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ гээд асуудлууд гарч байгаа байх. Эмчилгээний явц ямар байна вэ. Хүнд өвчтөн хэр ирж байна?

-Эмчилгээний явц нь тухайн хүний клиникээс хамаарна. Хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэсэн дөрвөн ангиллаар өвчтөн авдаг. Сүүлийн үед хөнгөн хүн бараг авахгүй байгаа. Жирэмсэн өвчтөн их ирж байна. Гэр бүлээрээ тавуулаа, наймуулаа ирж байна. Хүүхдүүд ирж байгаа гэхдээ хүндрэл харьцангуй гайгүй. Хурдан эдгээд гарч байгаа. Том хүн, тэр тусмаа сахартай, таргалалттай, зүрх судасны болон уушгины сүрьеэ, архаг бронхит зэрэг суурь өвчтэй хүмүүсийн хүндрэл их байна. Хэрвээ сэхээн амьдрах тасаг руу өвчтөн шилжихээр болбол сэхээн амьдрахаас эмчээ дуудна, бид өвчтөнд зүрхний бичлэг хийх, эход харах, амин үзүүлэлтүүдийг үзэх гээд үзлэг, шинжилгээ хийж байж дараагийн шатандаа шилжүүлэх ёстой. Энэ хооронд цаг алдахгүй баймаар байгаа юм. Гэсэн ч шилжиж чадахгүй байсаар тухайн бүсдээ 12 цаг, заримдаа хонох тохиолдол ч гарч байсан. Халдвар хамгааллын дэглэм сайн баримталсан ч удаан ажилласан эмч, ажилчдын суурь дархлаа суларч байна.

-Улсын хэмжээнд халдварын улмаас нас баралт буурахгүй байна. Энэ нь хүнд, маш хүнд өвчтөн их болсных гэж байгаа. Долоо хоногтоо ч юм уу танай эмнэлэгт эрчимт эмчилгээний тасаг руу хэдэн өвчтөн шилжиж байгаа вэ?

-Эрчимт эмчилгээний тасаг 40 ортой. Болохгүй бол коридорт ор дэлгэнэ. Тэндээ хүчилтөрөгчийн аппаратаа байрлуулах ёстой. Ор, тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргээс хамаарч 20 хүн хэвтэн эмчлүүлбэл зохих хэдий ч эрчимт эмчилгээний тасаг 40-60 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гурван өвчтөнд нэг эмч ногдох ёстой. Гэтэл багадаа 10 хүний дунд нэг сэхээний эмч эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Эмч, ажилчдын хүрэлцээ тун дутмаг боллоо. Ковид гарна гэсэн бэлтгэл байгаагүй. Тиймээс заавал дотрын мэргэжлийн гэлтгүй эмч нарыг улаан бүс рүү дайчилсан. Ёстой л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

-Жирэмсэн ээжүүд халдвар авч байна. Шинж тэмдэг, эмчилгээний хувьд нэлээд анхаарах ёстой байх?

-50 кг жинтэй ээж ургаа тээхэд жирэмсний явцад ураг томорч, хоёр хүний цусны эргэлттэй холбоотойгоор бие махбодид өөрчлөлт гарна. Ковидын шинж тэмдэг буюу нэвчдэст хатгаа үүсэх, халуурах, ядарч сульдах шинж тэмдгүүд илэрч байна. Урагт халдвар нөлөөлөх вий гэдгээс хамаараад ээжийн сэтгэл санаа хямардаг. Ээжийн сэтгэл санаа хямрах нь өвчнийг хүндрүүлэх нэг шалтгаан болж байна. Хэвлийд ураг байгаа гээд аав, ар гэрийнхэн, ойр тойрныхон санаа зовж, утсаар ярих тусам ээжийн сэтгэл санаа хямарна. Сэтгэл санаа хямарч, стрессдэх нь умайн хатуурал буюу булчингийн чангарал, тонус үүсгэх эрсдэлтэй. Тиймээс тонусны эсрэг эмчилгээг жирэмсэн ээжүүдэд давхар хийдэг. Нэгэнт өвдсөн бол ээжүүд маань хямрах шалтгаан байхгүй шүү. Сэтгэл санаа маш тайван байх ёстой. Эмчийн зааврын дагуу эмчилгээгээ сайн хийлгэхэд болно. 

-Ойролцоогоор нэг хүний эмчилгээний зардалд хэдэн төгрөг зарцуулдаг бол?

-Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн ор хоногийн мөнгө, хоол, эмчилгээний зардал бүх зүйлээ тооцохоор нэг хүнд багадаа 440 мянган төгрөг зарцуулагдана. Зөвхөн эмчилгээний зардал гэхэд 120 мянгаас эхлээд маш хүнд нөхцөлд дөрвөн сая төгрөгийн ч эмчилгээ хийгдэж байгаа.

-Бүх зардлыг улсаас төлөх үү?

-Тэгнэ. Тийм болохоор манай ард иргэд өөрсдөө эрүүл мэнддээ сайн анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Хамгийн чухал нь дархлаагаа дэмжинэ. Жингээ баримаар байна. Зөв, эрүүл хоол идэж, ашиггүй хоол хүнсээс татгалз. Жимс жимсгэнэ, цагаан идээ, мах, махан бүтээг­дэхүүнээ хэрэглэ. Дасгал хөдөлгөөн тогтмол хийж, явган алхаач ээ. Ингэвэл өвчин туссан ч хөнгөн байна.

-Тэгвэл гэрээр эмчилгээ авч байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмчилгээ ялгаатай юу?

-Мэргэжлийн эмч эмнэлэгт өвчтөнийг эмчлэх, гэртээ өөрийгөө хянаж эмчлэх ялгаатай байлгүй яах вэ. Эмийн эмчилгээнээс гадна цус шингэлэгч, хоруу чанараас хамгаалах эмчилгээ, тариа, дуслууд хийх гээд л эрс өөр. Эдгэрэлтийн хувьд ч гэрээр эмчилгээ авч байгаад хүндэрч ирж байгаа хүмүүс нэлээд байгаа.

-Одоо бол сайн дураар шинжилгээ өгч байгаа хүн түргэвчилсэн оношлуураар шинжлүүлж байна. PCR хувийн эмнэлэгт төлбөртэй өгнө. Нарийн шинжилгээ өгч чадахгүй явсаар хүндэрч байгаа иргэд ирж байна уу?

-Шинжилгээний хувьд би мэдээлэл өгч чадахгүй. Бидний хувьд шинжилгээгээр халдвар илэрсэн хүмүүст үйлчилж байна. Эхлээд үйлчлүүлэгчээс цусны ерөнхий, шээсний шинжилгээ, рентгэн зураг аваад оношлоод, гурван хоногийн дараа давтан үзнэ. Дараа дараагийн тохирох эмчилгээг хийгээд явна. Тухайн хүн халдвар аваад эдгэсэн бол сарын дотор эсвэл гурван сар дотроо эерэг гарах боломжтой. Өвдөөд эдгэсэн хүмүүсээс PCR шинжилгээг бид бол авахгүй гэсэн зөвлөмжөөр явж байгаа.

-Түргэвчилсэн оношлуурын хариу хэр баталгаатай бол гэдэгт та мэдээлэл өгвөл болох уу?

-Ер нь бол ямар нэг вирусний халдварын үед түргэвчилсэн тест эерэг гардаг. Бүрэн баталгаа хэлэх боломжгүй. PCR шинжилгээнд бол ямарч эргэлзээ байхгүй.

-Халдвар авсан хүмүүсийн дунд уушгины хатгаа их байна уу. Миний эргэн тойронд уушги өвдсөн гэх хүмүүс бас байна л даа?

-Нийт өвчний 90 орчим хувь шууд хатгаа болж байна. Хатгааны гол үндэслэл нь архаг бронхиттой байсан. Монголчуудын ярьдгаар уушгинд ямар нэг сэвтэй байсан, багадаа хатгаа авч байсан, хоолойны ангинаар өвдөж байсан хүмүүс илүү хатгаа авч байгаа шинж ажиглагдаж байна. Хатгаа яагаад авч байна вэ гэхээр цээжний ар хэсгээр даарснаас болж хатгаа үүсэх магадлал өндөр. Гэтэл коронавирусний халдвар авсан бол ядарч сульдаж, хөлөрдөг. Яг ийм үедээ дулаан хувцаслаж, хатгаа үүсгэхгүй байх ёстой юм.

-Хатгаа болсноо хүмүүс яаж мэдэх вэ?

-Уушгийг чагнаж, цээжний зургаар оношилно. Иргэдийн хувьд өөрийгөө хянана гэвэл хамгийн гол шинж нь нэг тийм эвгүй хахруу ханиалгана. Зүүн, баруун талд хатгаа байхаас хамаарч тухайн хэсэгт далны хэсгээр өвдөх, заримдаа далнаас урагш сүлбэсэн маягтай өвдөх, халуурах, бие зарайх, нуруу чилэх, цээжээр хөших маягтай өвдөх шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.

-Халдварын тоо өсөөд байна. Сүүлийн үед буюу дөрөвдүгээр сараас хойш халдвар авсан хүмүүс илүү хүндэрч байж болох уу. Энэ тухайд халдвар авсан хүмүүс ч цөөнгүй хэлж байна лээ?

-Тийм байж болно. Хаврын улиралтай холбоотойгоор хүмүүсийн дархлаа суларсан. Коронавирустэй холбоотойгоор сэтгэл санаа хямрах, гэртээ хөдөлгөөнгүй удаан байснаар таргалалт их байна. Сүүлийн хэдэн сарын дотор 10-20 кг таргалсан хүмүүс ч эмнэлэгт халдвар аваад ирж байна. Энэ бол маш муу. Утасны хэрэглээ ч их байна. Халдвар авсан хүмүүсээс утсаа оролдохгүй байгаа нь сайн эдгэж байгаа шүү. Энэ бүр миний ажиглалтаар батлагдсан зүйл. Хэдэн цагаар утсаараа тоглоом тоглодог залуучууд олон байна. Утсаа битгий их оролд гэж хэлэхээр “Танд хамаагүй” гээд уурлана.

-Одоо коронавирусний анхны шинж тэмдэг яаж илэрч байгаа вэ?

-Коронавирусний анх илрэх шинж тэмдэг гэвэл хамар битүүрч, хоолой жаахан сөөнгөтсөн юм шиг болж ирээд гурав, долоо, 10 дахь хоног дээр нь хүндрэлийн процесс явагдаж байгаа. Зарим үед 14, 21 дэх хоног дээр ч хүндэрч байгаа тохиолдол бий.

-Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдалд вакцины нөлөө байна уу?

-Нийт өвчтөн дунд вакцин хийлгэсэн хүмүүс бараг 60 хувийг эзэлж байгаа. Хоёрдугаар тунгаа авсан хүмүүс харьцангуй хүндрэл гайгүй, хөнгөн тусаж байна.

-Дархлаагаа дэмжихийн тулд дур мэдэн витамин ууж болох уу?

-Витамин С-г 1000, 2000 мг-аар ходоодны шархтай хүн ууж болохгүй. Өдөрт 200 мг витамин С хүнд хэрэгцээтэй байдаг. Тийм болохоор зохилтын тунгаар витамин С-г том хүн 500 мг-аар, хүүхэд 200 мг-аар ууна шүү. Удаан хугацаанд өндөр тунтай витамин уувал бөөрөнд ачаалал үүсээд чулуу үүсгэж болзошгүй. Харин витамин Д-г 4000 мг-аар ууж болно гэж бодож байгаа. Ер нь монголчуудын хувьд Д витамины дутагдал өндөр. Тэр тусмаа даралт ихэсдэггүй хүмүүст Д-гийн төрлийн витамин зүгээр. Тархи, мэдрэлийн үйл ажиллагаа цусан хангамжийг сайжруулдаг магни-В6 болон алое, омега зэрэг витаминыг үйлчлүүлэгчиддээ зөвлөж байгаа.

-Уламжлалт эмчилгээний хувьд, таны өөрийн туршлагаас харахад халдвараас урьдчилан сэргийлэх энгийн аргуудаас зөвлөнө үү?

-Ганга өвс маш сайн гэдгийг өөрөө туршиж үзсэн. Ойролцоогоор 10 грамм ганга өвсийг нэг литр усанд буцалгаад өдөрт уухад маш их хөлөрч, уушги, бөөрийг цэвэрлэдэг юм билээ. Долоо хоног европ эм хэрэглээд, дараагаас нь уламжлалт эмчилгээг хавсарч хэрэглэж явбал клиникийн хувьд илүү үр дүнтэй байсан. Хуш модны самарын тосыг цээжиндээ түрхээд халуун бүлээн жин тавих, массаж хийх, зөгийн балтай татлага хийхэд эмчилгээний үр сайн гарч байсныг ойрын хүмүүсээ өвдөхөд хэрэглэж мэдсэн. Халуун бүлээн шингэнийг өдөрт 3.5 литрийг буюу нэг кг жиндээ 40 мл ус уумаар юм билээ. Уух шингэн, шээсээ хянаж байх ёстой. Хоногт багадаа 6-8 цаг унтаж амрах ёстой. Содын хоёр процентын уусмал эсвэл хужиртай усаар өдөрт таван удаа хоолойг зайлбал халдвараас урьдчилан сэргийлж чадна. Хужирыг үл ялиг ихэдсэн байхаар усандаа хийж найруулаад хоолойндоо таван минут орчим байлгаж зайлах нь хоолойны бүх төрлийн өвчинд зүгээр юм уу гэж харсан.

-Цар тахлын үед хүндрэл бэрхшээл, болж бүтэхгүй зүйл мэдээж их байна. Гэлээ ч гэсэн бүх юм хоёр талтай. Айхтар өвчин ч арилж таарна. Таны хувьд улаан бүсэд эмчээрээ ажиллахад сайхан зүйлс бас тохиолдож байв уу?

-Миний хувьд гурван удаагийн оролтоор 120 хүнийг бүрэн эдгээж, эмчилсэн байна. Өвчтөний сэтгэл санаанд их анхаардаг. Мэдээж зөвлөмжийн дагуу эмчилгээ, оношилгоо, шинжилгээг хийгээд явна. Ингэхэд 30 гаруй хүнээс талархлаа биечлэн илэрхийлэх, Засгийн газрын 11-11 төвд талархсан гэдгээ хэлэх зэргээр хандсан байна. Үйлчлүүлэгчийн талархсан урмын үгс, талархсан сайхан сэтгэл ажил хийхэд том урам болдог. Өөрөө шийдвэрээ гаргаад ажиллаж байсан эмнэлэгтээ хүртэл халагдах өргөдлөө өгөөд улаан бүсэд ирсэн. Тиймдээ ч ажил мэргэжлийн хувьд нэлээд туршлага хуримтлууллаа. Сонирхолтой, шинэ зүйлсүүдийг сурлаа. Хамт олноороо авьяас, чадвар, мэдлэг, сэтгэлийн тэнхээ гээд хамаг л хүчээ гаргаад, цар тахлыг даван туулахын төлөө боломжгүйгээс боломжтой бүхнийг хийгээд л явж байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.239) 2021 оны 07 сарын 04

manai emch nar maan iim l mundag schuudee, bugded n ajliin amjilt chusei

1  |  0
Зочин(46.57.85.153) 2021 оны 07 сарын 04

Үнэн сэтгэлээсээ ажилдаа ханддаг сайхан сэтгэлтэй ийм эмч нар монголд маш олон байгаа болохоор бид оршино тотносоор л байгаа бхаа! Улаан бүсийн Эмч болон сувилагч асрагч нарт бүгдэд нь өндөр амжилт хүсье. Тэд бол короногийн гамшгийн үеийн цорын ганц баатарууд мөн! Ачаалал нь маш их хүнд нөхцөлд ажиллаж бхад өвчтөнгүүд ч өөрсдөө өвдөж аврал эрж оччихоод хүндэтгэлтэй харьцаж баймаар юм, ард иргэд ч өвдөхгүйн төлөө ухамсартай болгоомжтой дор бүрдээ ч хичээж л бх хэрэгтэй!\nАжилд нь амжилт хүсье

1  |  0
Amjilt husie!(202.9.46.39) 2021 оны 07 сарын 04

Saihan emch sain yariltslaga ugluu, Bayarlalaa

2  |  0
Ганбаатар(103.229.123.26) 2021 оны 07 сарын 03

Уушгиндаа архаг бронхиттай хүн ханиад хүрэхээр маш түргэн хатгаа болох гээд байдаг.Антибиотекийг бараг тоосонцор болтол нь нухаад хамрын тамхи шиг бага багаар татвал тариа хийснээс илүү түргэн үйлчилдэг.Энэ бол миний бодол.

1  |  0
Гб(103.229.123.26) 2021 оны 07 сарын 03

Уушгиндаа архаг бронхиттай хүн ханиад хүрэхэд түргэн хүндэрдэг.Энэ үед тариа хийснээс антибиотекийг нухаж сайн нунтаг болгоод хамрын тамхи шиг бага багаар татвал тариа хийснээс илүү түргэн үйлчилдэг.

1  |  0
Top