Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Х.Нямбаатар сайд төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулсан бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа.
Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, цахим орчинд цахим гарын үсгийг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулах зэрэг хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хууль санаачлагч цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн тодорхой зохицуулалтуудыг тусган хуулийн төслийг боловсруулсан байна.
Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар цахим гарын үсгийн эрсдэл, олон улсад ашиглах боломжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цахим гарын үсэг хэрэглэгчийн төлөх хураамжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн хэрэгжилт удааширсан шалтгааны талаар, Улсын ИхХурлын гишүүн Н.Алтанхуяг иргэнд нэгудаа үнэгүй олгох цахим гарын үсэгт зарцуулагдах зардлын хэмжээний талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтарч хэлэлцэх нь зүйтэй талаар санал хэлжээ.
Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Х.Нямбаатар сайдын илтгэл, Н.Учрал гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Үндэсний дата төвөөс 8000 гаруй төрийн албан хаагчид тоон гарын үсэг өгөхөөр шийдвэрлэсэн ч өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа, 2011 онд батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгааныг Б.Баттөмөр гишүүн тодруулсан юм. Хуулийн төсөлд 16 нас хүрсэн иргэн бүрд үнэ төлбөргүйгээр тоон гарын үсгийг олгох бөгөөд үүнийг таван жил ашиглах боломжтой гэв. Цаашид тухайн иргэн өөрийн төхөөрөмжүүд дээр тоон гарын үсэг ашиглах тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлүүдэд хандан эрхээ авах нь нээлттэй гэв. Иргэний үнэмлэхний санах ойд тоон гарын үсгийг суулгаснаар тусгай төхөөрөмжид иргэний үнэмлэхийг уншуулснаар ашиглах боломжтой байхаар зохицуулахаар төлөвлөсөн гэв. Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжиж байгаа дөрвөн компани тоон гарын үсэг олгож байгаа бөгөөд өнгөрөсөн хугацаанд 38.407 тоон гарын үсгийг олгосон байдаг байна. Үүний 30 орчим мянга нь татварын тайлан хүргүүлэхтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд авсан бол 8 орчим мянган тоон гарын үсгийг төрийн албан хаагчид авсан байдаг байна. Харин цахим тамгыг зөвхөн хуулийн этгээд ашиглана гэдгийг онцоллоо. Төслийн 7 дугаар зүйл дээр цахим тамга хэрэглээний талаар дэлгэрэнгүй зохицуулсан гэв.
Цахим гарын үсэг болон цахим тамгын ашиглалт дээр нотариатын гэрчлэл хэрхэн ашиглагдах талаар Х.Ганхуяг гишүүн тодрууллаа.
Нотариатын байгууллагууд цахим орчинд гэрчлэл хийх саналаа илэрхийлсэн бөгөөд дэд бүтцээ шийдвэрлэсэн талаараа мэдээлэл өгч байгаа гэв. Нотариатын байгууллагууд өнөөдөр дэвшилтэт олон төрлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг Х.Нямбаатар сайд хэллээ. Тухайлбал, цахим гэрчлэл хийх, нотариатын үйлчилгээ үзүүлээд мэдээллээ цуглуулан мэдээлэл нийлүүлдэг байгууллагадаа нийлүүлэх, тэндээ баталгаажилтыг нь хийгээд хэрэглэгчид шилжүүлэх гэх зэрэг үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болсон байна. Тоон гарын үсэг олгохтой холбоотойгоор иргэний үнэмлэхийг шинэчлэхгүй юм байна. Мөн тоон гарын үсгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, мөн гадаад улс орнуудын тоон гарын үсгийг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх бололцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд гадаад хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байгаа гэв. Өнгөрсөн хугацаанд төрийн цахим дэд бүтцийг бүрдүүлэх нэрээр маш их зээл, тусламж авч, төсвийн хөрөнгө зарцуулсан ч үр дүнгүй өнөөдрийг хүрсэн гэдгийг Н.Учрал гишүүн тэмдэглэж байв.
Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 65 гишүүн оролцсон бөгөөд 58.5 хувь нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл ( 2 )
ЗАРЦУУЛСАН ЮМ АЛГА ДАА ИДЭЖ УУГААД Л СУУЖ БАЙНА Ш ДЭЭ ГИШҮҮДЭЭ
Яасан ч ханаж цададгүй шунал хүсэл тачаал уу, хууль бус хоол нь хоолойгоор нь давж л байдаг