Улаанбаатарын хөгжлийг шинэ түвшинд гаргах ШИНЭ ХУУЛЬ мэндэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Монгол Улсын хүн амын тэн хагас нь төвлөрөн суурьшсан Улаанбаатар хот агуулга, хэлбэр аль аль талаасаа хөгжиж, дэвжиж, өнгө засах тусам улс оронд тулгамдсан олон асуудлууд сууриараа шийдэгдэх боломж, гарцууд томоор нээгдэнэ гэдгийг эхэнд тодотгоё.

 

Улаанбаатарын эрх зүйн үндэс, хотын Үндсэн хууль хэмээн тодорхойлж болох Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг энэ сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүдийн 58.2 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, тогтоолын төсөлд санал хурааж, гишүүдийн олонхын саналаар батлаад байна.

Хүлээлт дагуулсан уг хуулийн төслийн шинэчилсэн найруулга хуульчлагдан батлагдсанаар, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдал, эрх зүйн чадамжийг бодитоор бий болгох, засаг захиргааны реформ хийх бололцоо нээгдэж буйг Хотын захирагч Д.Сумъяабазар тодотгосон.

Үе үеийн хотын дарга нарын мөрөөдлөөс хэтрээгүй эрх зүйн орчны их өөрчлөлт  Д.Сумъяабазарын үед ийнхүү хийгдэж чадлаа.

Чуулганаар хуулийн төслийг хэлэлцэн батлах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар  хэлэхдээ “УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, НЗДТГ, ажлын хэсгийнхэн богино хугацаанд сайн ажиллаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдуулан санаачилсан 19 хуулийг баталлаа. Хуулийг хэрэгжүүлэхэд НЗДТГ, НИТХ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох яамд идэвхтэй ажиллах нь зүйтэй. Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх том эхлэл, суурь тавигдаж байгаа. Нийслэл, дүүрэг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжиж, биеэ даах боломжийг бүрдүүлсэн анхны том шинэчлэлийг хийж чадлаа. 27 жилийн дараа энэ хуульд өөрчлөлт орж байгаа. Маш том шинэчлэл болсон гэдэгт итгэлтэй байна. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах, татварын эрхтэй болгох, талцал хуваагдлыг эцэс болгоход энэ хууль ихээхэн хувь нэмэр оруулна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

1994 онд батлагдсанаасаа хойш ганц л удаа өөрчлөлт орж байсан уг хуульд ийнхүү тохоохон өөрчлөлт оруулснаар, Улаанбаатар хотын хөгжлийг чөдөрлөж, гацааж байсан олон асуудлууд шийдэгдэх эрх зүйн орчин бүрэн дүүрэн шийдэгдэж буй гэдгийг талууд онцолж байна.

Өнгөрсөн олон жилүүдэд Улаанбаатар хотод үйлчилж, өнөөдрийг хүрсэн 150 гаруй  хууль тогтоомж өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан байдаг. Тиймээс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд нийслэл хотын онцлог, цаашдын хөгжлийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, практик ажилтнуудын санал, зөвлөмж талуудаас гарч байлаа.

Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт долоон бүлэг, 51 зүйлээс бүрдэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хотын хөгжлийг шинэ шатанд аваачих шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор /PhD/ Д.Ганзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор /PhD/, дэд профессор А.Бямбажаргал нарын хамтаар хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ.

 Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол үзэл санааг Д.Ганзориг доктор тайлбарлахдаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль анх 1992 онд батлагдсан. Төр, орон нутаг юу хийх вэ, ажил, үүргийн зааг юу байх вэ, хөрөнгө мөнгөө яаж босгох вэ, хэрхэн, яаж хуваарилах вэ, юуг бие даана гэж үзэх вэ, юуг хяналттай байлгах вэ гэдэг олон суурь зарчмууд дээр яах аргагүй Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх ёстой юм байна гэсэн дүгнэлт гарч, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг шинэчлэн найруулъя гэсэн санаа гарсан юм. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь нутгийн удирдлагын хуулийн шинэчлэлийг хийхэд маш их түлхэц болсон. Бид нийслэл хотын асуудлыг яах вэ гэж бараг 30-аад жил ярьсан. Үүнд нэг шийдэл гаргаж өглөө. Жишээлбэл, нийслэл, аймаг хоёрыг адилтгаж үзэх үү, аймгуудын хөгжил, эдийн засгийн байдлуудыг байнга тэгшитгэж байх уу, алийг нь бие даалгах чиглэл барих вэ, алийг нь улс дэмжих вэ гэдэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргах эрх зүйн хөрс, суурь болсон. Нийслэл бол аймгаас өөр. Газар нутгаас авахуулаад хүмүүсийн харилцаа, шийдвэр гаргалт, иргэдэд хүрэх байдал зэрэг онцлог зүйл их байна. Нийслэлийг аймагтай адилтгаж болохгүй. Нийслэлд өөрийн гүйцэтгэх үндсэн үүрэг гэж бий. Тийм учраас нийслэлийн эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулах нь зөв гэж үзэн, нэгжийн хуулийн 9.2-т тусгайлан зааж өгсөн. Түүнээс гадна орон нутгийн чиг үүрэг гэж тодорхой зүйл, заалтууд орсон. Мөн нийслэл ямар тусгай чиг үүрэгтэй байх вэ гэдгийг тусдаа хуулиараа зохицуул гэж нэгжийн хуулийн тодорхой шаардлага тавьж, хуулийг боловсруулах ажлыг хийж байна” гэсэн юм.

Дэд профессор А.Бямбажаргал хэлэхдээ “Нийслэлийн эрх зүйн байдлыг зохицуулж байгаа одоогийн хууль батлагдахад нийслэл 530 мянга орчим хүн амтай байсан. Гэтэл одоо 1.5 сая хүн амтай болсон байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд харьцуулшгүй байдалтай байгаа. 1992 оны Үндсэн хуульд аймаг, нийслэл, сум дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэгтэй гэдэг үг байсан. Гэтэл энэ үг өнгөрсөн 30 жилийн хугацаанд огт хэрэглэгдээгүй. Мөн нийгэм, эдийн засгийн цогцолбор байна гэж заасан. Гэтэл 1993, 2006 оны нэгжийн хууль, 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиуд чиг үүрэг гэдгийг төдийлөн хөндөөгүй. Тиймээс хэн нь юу хариуцах вэ гэдэг асуудал орхигдсоноос болж бүгд оролцоотой болсон. Яам өөрөө бодлогын байх ёстой гэж олон жил ярьж байгаа. Бодит байдал дээр яам нь улсын хэмжээний бодлогыг харах ёстой байтал байрлаж байгаа газар буюу нийслэлийн төлөвлөлтөд оролцоод эхэлсэн. Тиймээс нийслэлийн удирдлагын хариуцах ажил нь тодорхойгүй болсон. 1940 оны Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд нийслэл хот гэдэг ойлголт байдаг. Нийтлэг зүйлүүд нь нэгжийнхээ хуулиар зохицуулагдаад, бие даасан тусдаа хуулиараа хотынх нь асуудал зохицуулагдаж, нийлээд цогц болдог хотууд байна. Иргэд Хотын даргаа яагаад сонгож болдоггүй вэ гэдэг. Үндсэн хуульд Хотын дарга хэн байх вэ гэдгийг заасан байдаг. Зөв төлөвлөлт бий болгож байж, хувийн хэвшилд хөрөнгө оруулж, түүнээс хот иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг хардаг. 1994 оны нийслэлийн хуулийн хэд хэдэн зүйл бодит байдал дээр огт хэрэгжээгүй. Үүний нэг нь нийслэлийн татварын асуудал. Нийслэлийн татвартай холбоотой сүүлд гаргасан хууль бол үйлчилгээ талаасаа гаргасан хууль. Бүсчлэлийн асуудлыг бид зохиогоод байгаа зүйл огт биш. Энэ бол дэлхий нийтэд байгаа зүйл. Гэтэл энэ бодит байдал дээр ерөөсөө амилаагүй. Хоёрдугаарт, 1994 оны хуульд дагуул хот гэдэг ойлголт байсан боловч бусад хуульд ямар ч зохицуулалт ороогүй, зөвхөн бодлогын зарим баримт бичгүүдэд байдаг. Дэлхий нийтийн нийслэл хотын удирдлагын онцлог нь Засгийн газартайгаа маш ойр ажилладаг. Нийслэл нь тухайн улсын нүүр царай байдаг. Тодорхой асуудлуудыг Засгийн газрын түвшинд шийдүүлж болдог механизмыг хотын хуульдаа зааж өгсөн байдаг. Нийслэлийн хөгжлийн бодлогоо улсын бодлоготойгоо уялдуулж байж, цаашид хөгжих боломж нээгддэг” гэж байв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлэхдээ “Нэгжийн тухай хуулийн 8.1-д Улаанбаатар хотын удирдах зарчим гэдэгт нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн захиргааны удирдлагатай хослуулан эдийн засаг, нийгмийн амьдралыг бие даан, удирдан зохион байгуулна гэж заасан. Гэсэн хэдий ч нийгмийн олон асуудлыг бие даан шийдвэрлэх эдийн засгийн боломж, бололцоо, эрх чөлөөг төдийлөн олгоогүй. Харин нэгжийн тухай хуулиар үүнийг зохицуулах үүд хаалгыг нээж өгсөн. Гадаадын ихэнх орон ганц нэгжийн тухай хуулиар нийслэлийнхээ эрх зүйн асуудлыг шийддэггүй. Тусдаа өөрийн гэсэн статустай, өөр зарчим үйлчилдэг, хууль, эрх зүйн маш их эрх мэдэлтэй байдаг. 2021 оны хотын төсвийн нийт орлого 820 тэрбум төгрөг. 2021 оны хотын хөрөнгө оруулалт 44 тэрбум төгрөг. Гэтэл 1.5 сая хүн ам амьдарч байгаа энэ хотод утаанаас авахуулаад засвар, үйлчилгээний хөрөнгө оруулалт маш их шаардлагатай байгаа.

Жишээлбэл, дэд бүтэц тааруу Баянзүрх дүүргийн иргэн хамгийн их дэд бүтэц хөгжсөн дүүргийн иргэнтэй адил татвар төлж байна. Гэтэл гаднын улсуудад олон хүүхэдтэй айл татвар өндөр ч гэлээ татварын орлого нь боловсрол, хүүхдийн парк зэрэгт зарцуулагдаж байгаа газар амьдрахыг зөвшөөрч байна. Тэтгэвэрт гарч байгаа иргэд бага татвартай хороо, дүүрэгт амьдрахыг хүсдэг. Үүнийг бид бодолцож үзэх хэрэгтэй. Хотод төвлөрч байгаа татваруудын хувь, хэмжээ бага байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар 0.6-1 хувь байдаг. Улаанбаатар хотыг бүсчлээд хамгийн өндөр татвартай хэсэг нь нэг хувийн татвар байна. Бусад улсад үл хөдлөх хөрөнгийн татвар нийт татварын орлогын 10 хувийг бүрдүүлдэг бол манайд нэг хувийг ч бүрдүүлж чадахгүй. Улаанбаатар хотын татварын хэмжээ маш бага хэрнээ иргэдийн хүсэн хүлээж байгаа үйлчилгээ маш их. Европын улсад хэн, юугаа санхүүжүүлэх вэ гэдэг нь маш тодорхой байдаг” гэхчлэн талууд байр сууриа илэрхийлж байсан.

Харин Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энэ хууль нийслэлийн нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт авчирна гэж бодож байна.

Улаанбаатар хот хөгжихгүй байгаа шалтгаан нь хотын эдийн засаг, төлөвлөлт, хот байгуулалт, хотын хөгжлийн асуудал сул явж ирсэнтэй холбоотой. Хотод яамдаас эхлээд олон оролцогч байдаг. Гэвч сүүлд нь хариуцагч байхгүй болдог. Шийдвэр гүйцэтгэл дээр хяналт, мониторинг хийж чаддаггүй, хариуцлага ярих гэхээр эзэнгүй болчихдог. Эцэст нь нийслэлийн удирдлагууд тааруу ажилласан гэсэн дүгнэлтэд хүрэх магадлал их өндөр байдаг. Нэгжийн хууль болон холбогдох хуулиудад үүнийг анхаарч оруулсан нь эерэг үр дүн авч ирэх алхам боллоо гэж бодож байгаа...

Энэ хууль бол нийслэлчүүдэд хөгжил, дэвшил авч ирсэн, ямар нэгэн чөдөр тушаа байхгүй, хөгжлийг өргөн хүрээнд бий болгосон шинэ хууль болно гэдэгт хотын даргын хувьд маш их талархалтай байгаа. “Гаднын хөрөнгө оруулагчдыг бурхны элч мэт хүлээж авдаг газар хөгждөг” гэдэг үг байдаг. Би Улаанбаатар хотыг тийм газар байгаасай гэж боддог. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй, хөгжлийг уухайлж гаргаж ирсэн Азийн цагаан дагина байгаасай гэж боддог. Энэ хууль ирээдүйн Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн суурийг зөв татсан, Улаанбаатар хотыг дэлхийн хот, баялгийн сан, хуримтлалын сан болгосон хууль болно гэдэгт эргэлзэхгүй байна...

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг зохицуулах, төрийн захиргааны төв байгууллага, дүүрэг, орон нутгийн хоорондын харилцаа, холбоо, уялдааг улам сайжруулах талаар хүн болгон ярьдаг. Үе үеийн Засаг дарга нар хотын хөгжлийг шинэ түвшинд гаргахын төлөө хотоо хөгжүүлэх, түгжрэлгүй, утаагүй болгох гэж чармайж ажилладаг. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд хамгийн чухал зүйл бол эдийн засгийн бие даасан байдал. Энэ хуулийн зорилго ч үүнд оршиж байгаа. Нийслэлд улсын нийт хүн амын 50-иас дээш хувь нь амьдардаг. Гэтэл хотод бие даасан эдийн засаг байхгүй учраас дүүргүүд, хороод хогны асуудлаа шийдэж чаддаггүй.

Энэ хууль бол нийслэлчүүдэд хөгжил, дэвшил авч ирсэн, ямар нэгэн чөдөр тушаа байхгүй, хөгжлийг өргөн хүрээнд бий болгосон шинэ хууль болно гэдэгт хотын даргын хувьд маш их талархалтай байгаа. “Гаднын хөрөнгө оруулагчдыг бурхны элч мэт хүлээж авдаг газар хөгждөг” гэдэг үг байдаг. Би Улаанбаатар хотыг тийм газар байгаасай гэж боддог. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй, хөгжлийг уухайлж гаргаж ирсэн Азийн цагаан дагина байгаасай гэж боддог. Энэ хууль ирээдүйн Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн суурийг зөв татсан, Улаанбаатар хотыг дэлхийн хот, баялгийн сан, хуримтлалын сан болгосон хууль болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж байсан юм.

Төгсгөлд нь тодотгоход, өнгөрсөн гуч шахам жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт оролгүй, цаг үедээ гологдоод байсан хууль ийнхүү реформын шинжтэй агуулгын тохоохон өөрчлөлттэйгөөр дахин мэндэллээ. Хотын даргын хэлсэнчлэн ирээдүйн Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн суурийг зөв татсан, хөгжлийн олон шинэ боломжуудыг дагуулсан, том зургаараа Монгол Улсынхаа хөгжлийн цогц бодлоготой бүрэн дүүрэн нийцсэн, маш чухал ач холбогдолтой хууль батлагдлаа.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2021 оны 07 сарын 10

Tarj amidirtsgaayaa,huulindaa zahiragdaj buschilsen daguul hotuudaa hugjuulieee zuitei shine huulidiig demjij bn.UB taa hogindoo daragdan amidrah utagui bn.Ub min achaalalaa diilehgui bn shdeee

0  |  0
зочин(192.82.90.3) 2021 оны 07 сарын 09

нэг нам гарсан тулдаа л олон хуулиудыг түргэн хугацаанд гаргалаа бидэнд хууль хүлээж суух цаг байхгүй одоо хэрэгжилтээ л түргэн хийж эхэлмээр байна улсын нийслэл байж Оросын Улан - Үдээс дутаад байх юу байхав дээ тэдний замын асуудал л дээгүүр доогуур замууд их таалагддаг

0  |  0
Top