С.Баярт: Худалдаа үйлчилгээний салбар үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр байна

2021 оны 07 сарын 12

 

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртсэн “Драгон Холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал С.Баярттай ярилцлаа.

“Драгон Холдинг” ХХК нь анх 1993 оноос “Луу 3” ХЭАА, 1996 оноос “Дөрвөн луу” ХХК, 2008 оноос “Драгон Холдинг” ХХК нэртэйгээр хүнсний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээг 24 жилийн турш эрхлэн явуулж ирсэн. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 14,106 м.кв газартай 9618 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний төвийн барилга байгууламжтай, хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. 2015 онд Драгон худалдааны төв, Олон улсын автовокзал байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 2017 оны байдлаар нийт 40 гаруй ажилтан, 350 гаруй түрээслэгч бизнес эрхлэгч байгууллагын 1000 орчим ажилтнуудын ажлын байрыг бий болгон ажиллаж байна.


-Та саяхан Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх эрхэм цол тэмдгийг Улсын Ерөнхийлөгчөөс гардлаа. Уншчигдынхаа өмнөөс баяр хүргэж, сэтгэгдлийг тань хуваалцъя?

-Баярлалаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолыг хүртсэнд их баяртай байгаа.

Би хувийн хэвшилд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт 27 ажил ажиллаж байна. Энэ өнгөрсөн хугацааныхаа хөдөлмөрийг үнэлүүлээд, үүнээсээ урам авч, цаашдаа улс эх орондоо улам ихийг хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзлэлээр дүүрэн явж байна.

-Та анхны ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Худалдаа үйлчилгээний салбарт хэрхэн хөл тавьсан бэ? Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар ярина уу?

 -Би хүнсний үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй хүн. Анх ажлынхаа гарааг хуучнаар Зохион бүтээх төв товчоо гэдэг байгууллагаас эхэлж байсан. 1987 онд салбар салбарын инженер техникийн ажилтнууд цугларсан ийм сайхан байгууллагаас ажлынхаа гарааг эхэлж, тухайн үедээ улс, ардын аж ахуйд олон машин, тоног төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрт нэвтрүүлж байлаа.

Ингээд 1990 оны зах зээлтэй золгож, манай байгууллага санхүүгийн хувьд хүндэрч хувьчлагдах тийшээ орсон. Тухайн үед би Эрдэнэт хот руу томилолтоор ажиллах шаардлага гараад, тэнд хоёр жил Ерөнхий боловсролын сургуульд багшилсан. Тэгээд буцаж нийслэл хот руу ирэн, ганзагын наймаанд явж, хувийн хэвшилд компани байгуулж орж ирсэн дээ. Тухайн үедээ миний эхэлсэн бизнес гэвэл нийтийн хоол, хүнс, худалдааны салбар руу орж ажилласан. 1993 онд анхны компаниа байгуулж байлаа. Түүнээс хойш миний хийж бүтээсэн зүйл гэвэл жижиг хүнсний үйлдвэрийг удирдаж байлаа. Драгон худалдааны төвийг зохион байгуулж байлаа. Дараа нь Драгон диско клуб, Драгон кабаре театр, Баруун болон төвийн бүсийн аймгуудад үйлчилдэг улс, хот хоорондын зорчигч тээврийн Драгон авто вокзалыг байгуулан ажиллуулж байна.

Бидний хамгийн гол хийж бүтээх ёстой зүйл бол олон улсын стандартад нийцсэн, орчин цагийн авто вокзалыг Улаанбаатар хотдоо барьчих юмсан гэсэн хүсэл бодолтой явдаг. Энэ төслийн маань эхний шатны ажил хийгдчихсэн, хоёр дахь шатныхаа бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо эхлэх зорилготой бэлтгэл ажлаа бүрэн хангачихаад байж байна.

-Таны ажиллаж байгаа худалдаа, үйлчилгээний салбарт тулгамдаж байгаа асуудал юу байдаг вэ. Хэрхэн хөгжиж байна гэж харж байгаа вэ?

-Ер нь Монгол Улсын эдийн засгийг аваад үзвэл худалдаа үйлчилгээний салбар дээр ихэнх ачаа явж байдаг. Манай энэ салбар бол зах зээлд орсон сүүлийн 30 жилд эрс өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Түргэн үйлчилгээний цэг, тохиролцооны дэлгүүрээс эхэлж байсан бол өнөөдөр И-Март, Номин худалдааны төв гэх мэт том том сүлжээ дэлгүүр, молл, худалдааны төвүүд нэмэгдэж байна. Ер нь хөгжлийнхөө шинэ шатанд гарчихсан. “Драгон Холдинг” компаниа энэ хөгжлөөс хоцроохгүй гэж Драгон төв дээр И-Март шиг худалдааны төв барихаар бидний ажил үндсэндээ эхлэх шатандаа орчихсон явж байгаа.

Ер нь бол Монгол Улсдаа худалдаа үйлчилгээний салбар үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирчихсэн. Олон түмэнд хамгийн хүртээмжтэй, Азийн бар гэгддэг улсуудын төвшинд оччихсон явж байна. Үүгээр би бахархаж байгаа. Манай худалдаа, үйлчилгээний салбарынхан өнгөрсөн хугацаанд маш сайн ажиллаж, өнгө төрхөө өөрчилж шинэ шатанд гарч чадсан.

Энэ хөгжил дэвшил маань ойрын хугацаанд илүү өргөжин тэлж, Улаанбаатарчууд, улс, хот хооронд ирж очиж байгаа жуулчид, зорчигчдод хүртээмжтэй үйлчилгээг хүргэж чадах чанартай салбар болон хөгжиж байгаад сэтгэл өндөр байдаг.

-Худалдаа, үйлчилгээний салбар маань хөгжөөд, шинэ шатанд гарчихлаа гэж та хэлж байна. Тэгвэл энэ салбарт төр засгийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй санагддаг вэ?

-Үйлчилгээний салбарт төрөөс харж, хүлээх зүйл ер байхгүй. Ер нь төр бол бизнес эрхлэгчидтэйгээ уралдаж, янз бүрийн бизнест оролцох гэдэг нь зарчмын хувьд зохимжгүй. Тэгэхээр манай худалдаа үйлчилгээний салбарт төр оролцох шаардлага байхгүй. Үүнийг бол хувийн хэвшил цэвэр нуруундаа үүрээд явж байгаа.

-Танай салбарт цар тахал хэрхэн нөлөөлсөн бэ? Үүнд яалт ч үгүй төр оролцож, зохицуулалт хийх шаардлага гарлаа гэж харагдлаа.

-Монголын төр ганцаараа энэ цар тахалтай тэмцээд байгаа юм биш. Дэлхийн бүх улс орнууд төр засгийн хэмжээнд ковидтой тэмцэж байна.

Үнэнд гүйцэгдэнэ гэдэг шиг ямартай ч Монголын төр энэ коронаг дарж чадахгүй. Энэ цар тахалтай монголчууд, хүн бүр нүүр тулж, дасан зохицож ажиллаж, амьдрах шаардлага гарч байна.

Тийм учраас Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хувийн хэвшилтэй, ялангуяа худалдаа үйлчилгээний салбарынхантайгаа хариуцлагын гэрээ байгуулаад, үйл ажиллагааг нээлээ. Энэ бол шударга зарчим. Чадаж байгаа нь яваад, чадахгүй байгаа нь үүнийгээ хүлээн зөвшөөрч, алдаа дутагдлаа засаад сууж байх ёстой.

-Та “Grand Marshal” хаус хотхоны төслийн ажил, бүтээн байгуулалтай танилцлаа. Энэ талаар та сэтгэгдлээ хуваалцана уу?

-“Grand Marshal” энэ том төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Үндсэндээ байгаль өөрөө бүгдийг зохицуулж байна шүү дээ. Та нар дөрвөн уулынхаа хонхорт он удаан жил амьдарч болохгүй. Бид Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлоос гарч, энэ сайхан байгальдаа амьдрах ёстой юм байна.

Уг төсөл хэрэгжсэнээрээ энд суурьших өрхүүд хот руу давхиад байх шаардлагагүй. Эндээ сургууль, бассейн, спорт цогцолбор, үйлчилгээний төвтэй. Бүх зүйл нь нэг дор хотын түгжрээнд нэрмээс болох шаардлага алга.

Тийм болохоор монголчууд бүтээн байгуулалтыг дэмжин, хүлээн авч, ийм сайхан газарт амьдрах хэрэгтэй. Монгол хүн байгальтайгаа л ойрхон амьдарч байж эрүүл амьдрах зохицолдлого байна гэж харж байгаа.

-Захиалагчид өөрсдийн худалдан авч буй орон байрны бүтээн байгуулалттай нээлттэй танилцах боломжтой байна. Энэ жишгийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ маш зөв. Үүнийг Сэлбийн эхэнд сайхан онгон дагшин газар байна гэхээсээ илүүтэйгээр энэ орчныг хамтдаа бий болгоё. Та ирээд үз. Бидний барьж байгуулж байгаа зүйл дээр таны санаа оноо юу байна вэ, гадна тохижилтын ажил дээр санал бодлоо хэл гэж байгаа нь чухал. Үндсэндээ өөрсдийнхөө ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд оршин суугч, худалдан авагч өөрсдөө ирээд санаа оноогоо хэлээд явж байвал дараа нь эргээд дурсах түүх болж өөрт үлдэнэ. Энэ хотхоныг байгуулж байхад би ийм санаа нэмж байлаа гэхэд сайхан. Х.Мандахбаяр захирал мундаг менежмент, маркетингтай гэдгийг нь харуулж байна л даа.

Захиалагч бол энэ барилгын суурийг нь яаж тавьж байна вэ, барилга барих гэж байгаа орчны хөрс нь ямар вэ гэх мэтээр бүх зүйлийг нь нэг бүрчлэн харж байна. Тийм учраас энд үер болох, газар хөдлөхөд аюулгүй байх итгэл хүнд өгч байна. Үүнд захиалагч өөрөө оролцоод үүнийг нүдээр хараад, зөвлөгөө өгөөд, өөрийнхөө захиалсан байран дээр нэмж, өөрт таалагдах янз бүрийн элементүүд оруулах бүх боломж нь байна.

Бидний хамгийн гол зүйл үр хүүхдээ эрүүл өсгөх, өндөр настнуудаа сайхан орчинд давтай сайхан байлгах. Энд чинь сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хөл бөмбөгийн талбай, спорт цогцолборууд байна гээд үзэхэд энэ бүх олон асуудлыг шийдэж байна. Сувилал, амралт, худалдаа үйлчилгээний газрууд гээд энд дутуу юм алга.

Төсөл энэ эрч хүчээрээ явбал маш богино хугацаанд ашиглалтад орж, Улаанбаатар хотод баригдаж байгаа томоохон, орчин үеийн хэв загвартай, сонголт сайтай хотхон болж байна гэж харж байна. Жишиг болох бүтээн байгуулалтыг хийж байгаа Х.Мандахбаяр захиралтай “Зиндаа констракшин” компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Top