Сонирхолтой асуулт байгаа биз. Ургамлын ертөнц амьтныхаас дутахааргүй баялаг агаад гайхамшигтай ажээ. Үнэхээр зарим ургамал шавьж зэрэг жижиг амьтнаар хооллодог. Ялаа баригч эдгээр ургамлуудаас хамгийн том нь шанаган навчит хэмээх ургамал юм. Энэхүү шанаган навчит нь амьтныг татах шингэнтэй байдаг бөгөөд түүнд нь шавьж ороод живж хоол нь болдог аж. Навч нь 60 см-ээс илүүгүй болой.
Одоо "хүн иддэг" буюу тодруулбал, хүн амьтныг хордуулагч гэж алдаршсан анчар модны тухай ярья. 1930-аад онд их зохиолч Д.Нацагдорж суут А.С.Пушкины "Анчар" гэдэг шүлгийг монгол хэлнээ орчуулсан. Энэ шүлгийн ачаар хүн хордуулагч анчар хэмээх мод байдгийг монголчууд мэдэх болжээ.Энэ шүлгийг Пушкин санаанаасаа зохиогоогүй нь тодорхой. Тийм нэг хортой мод байдаг амьд домог мэт яриаг сонссон байж таарна. "Ялагдашгүй эзний өлмийд ядуу боол" амьсгал хурааж буйгаар шүлгийн гол санаа илрэн гарч өндөрлөдөг. Нийгмийн бурангуй эзэд, дээдсийн хатуу зарчмыг үзүүлэхэд анчар модны тухай амьд түүхийг ашиглаж их Пушкин энэхүү алдарт шүлгээ бичсэн мэт санагддаг.
Хүн иддэг эл мод Шри Ланк, Бирма, Энэтхэг, Малайзад ургадаг. Сүүн шүүс нь хортой. Нутгийн хүмүүс дээр үеэс хорт сум хийхдээ энэ шүүсийг ашигладаг байжээ. Энэ нь л анчарын тухай домог яриа, шүлэг зохиолыг бий болгосон ажээ. Энэ ер бусын сонин модыг Пушкины шүлгээс хялбархан ойлгож болох тул уг шүлгийг ишлэн авч уншицгаая.
Говийн ангамал түмэн бодис
Хилэнт өдөр түүнийг төрүүлжээ
Мөчрийн үхэнги ногоон хийгээд
Үндсийг хороор ундалжээ
Тэр зүг шувууд эс нисэн
Бар үл хавьтах билээ
Хар салхи үхлийн модыг дайран
Хор шингээн зайлан одно...
Гэтэл хүн хүнээ
Эзэрхэг харан анчар тийш илгээлээ
Хичээнгүйлж тэр зам гүйлгэн
Ирэх өглөө хорын хамт өглөө...
Харин ноён тэр хорыг
Дуулгаварт сумандаа шингээлээ
Харийн газар, улс оронд
Түүнийг илгээж, хөнөөлийг хүргэлээ.
Пушкины бүтээсэн анчар ийм байна. Домог бус, үнэн явдал ажгуу.
Малайзад XVII зууны үед сууж асан ургамал судлаач Голландын Румфит анчарын хорны нууцыг нээхээр их оролдсон нэгэн. Тэрбээр: “Энэ модны ойр ямар ч мод бут, сөөг ургадаггүй. Чулуу шидээд хүрэх зайд ч юу ч ургадаггүй. Тэр хавийн хөрс нь үржилгүй, харласан нь эгээ л шатаасан мэт. Анчарын мөчир дээр суусан шувуу хорт агаар амьсгалаад газарт үхэтхийн унадаг. Түүний хорт ургамлыг амссан бүхэн үхдэг тул амьтад түүнээс дөлж, шувуу ч дээгүүр нь нисэхгүйг хичээнэ. Гар хөлөө зузаан даавуугаар боогоогүй бол нэг ч хүн түүнд ойртохыг зүрхэлдэггүй. Хулсан саванд хийсэн тэр хор руу би гараа хийж үзэхэд гар даарч байгаад дулаацан, халуу шатаж чинэрч билээ" гэж бичжээ. Шүлэг, судлаачийн яриа хоорондоо яв цав тохирч байх бололтой. Энэ махчин мод руу залуу бүсгүйг хаяж өгдөг тухай, мөчир нь хүнийг гэнэт хумьж авдаг гэхчилэн сонин хачин яриа домог зөндөө гарчээ. Хүн идэгчийн түүх ганцхан анчараар хязгаарлагдахгүй.
Бразилийн нутгийн гүнд байдаг нэгэн модны тухай яриа зуу шахам жилийн турш дэлхийн сонинуудад бичигджээ. Парагвай Боливын дайны үед энэ модны дор асар том навчинд ороогдсон хүний араг яс олдсон гэдэг. Дам яриаг үзвэл энэ модны цэцгийн үнэр нь хүнийг өөртөө татаад хар тамхи адилаар мансууруулж навч нь хүнийг ороон цусыг нь сордог гэж бичиж байлаа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )