Олимпын наадмын нээлтэд дипломат, ивээн тэтгэгч, Олон улсын Олимпын хорооны төлөөлөгчид зэрэг албаны 950 хүн оролцож байна.
Олимпын нээлтийн ажиллагааны үеэр коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогслоо.
Японы зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөгчид Японы төрийн дуулал эгшиглэх мөчид Японы төрийн далбааг мандуулав.
Нээлтийн ажиллагаанд мөн 15 улс, олон улсын байгууллагын тэргүүн, 70 орны спортын сайд нар оролцож байна.
Коронавирусний халдвар хамгааллын дүрэм ёсоор “Үндэстнүүдийн парад”-ын үеэр тамирчид өөр хоорондоо хоёр метрийн зай барьж, алхана. Ингэснээр нээлтийн үйл ажиллагааны хугацаа төлөвлөгдсөнөөс 30 минут илүү уртсах аж.
Олимпын таван цагариг энэ мөчид олимпын цэнгэлдэхэд байршлаа. Энэхүү таван цагаригыг 1964 оны олимпод оролцсон тамирчдын тарьсан модоор урлажээ. Цагариг тус бүр дөрвөн метрийн диаметртэй ажээ.
Олимп нээлтээ хийж буй энэ цаг мөчид Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа спортын их наадмыг зогсоохыг шаардсан олон зуун хүн жагсаж байна.
Эзэн баг “үндэстнүүдийн парад”-ыг төгсгөсний дараа “Хамтдаа хамгийн хурдан, хамгийн өндөр, хамгийн хүчтэй” Олимпын уриаг уран сайхны аргаар илэрхийллээ.
“Тамирчин, шүүгч, дасгалжуулагч болон албаны хүмүүсийн нэрийн өмнөөс бид Олимпын их наадамд шударгаар, сэргээшгүй, Олимпизмын зарчмыг хүндэтгэн оролцох болохоо амлаж байна. Спортоор дамжуулан энэ ертөнцийг илүү сайхан болгоно” хэмээн эзэн орны тус бүр хоёр тамирчин, шүүгч, дасгалжуулагч нар тангараг өргөв.
СЭЙКО ХАШИМОТО: СПОРТ ЯМАР ИХ ХҮЧТЭЙ БОЛОХЫГ ХАРУУЛАХ ЦАГ НЬ ИРЛЭЭ
Токио-2020 Олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэйко Хашимото “Японы эрхэм дээд эзэн хаанд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Олимпын их наадамд хүрэлцэн ирсэн хүн бүрийг мэндчилэхэд таатай байна. Өнөөдөр Токиогийн Олимп нээгдэж байна. Энэ өдөр тохиосонд бид баяртай байна. Үүний тулд хүмүүс нөр их хөдөлмөр зарцуулсан. Олимпын наадмыг зохион байгуулж буй Японы иргэдэд талархал илэрхийлье. Олимпыг зохион байгуулах өргөдөл гаргах үед Японы иргэд газар хөдлөлтийн дараах хүнд үеийг даван туулж байв. Эдгээр асуудлыг шийдэж, ямар их дэвшилд хүрснийг өнөөдөр бид дэлхий дахинд үзүүлэх завшаан тохиож байна. Спортын их наадамд хүчээ сорихоор хүрэлцэн ирсэн бүх тамирчдад талархал илэрхийлье. Та бүгд байнга урагш тэмүүлж, бүхий л хүч, чадлаа дайчилдаг. Та бүгд асар их хүчин чармайлт гаргасан бөгөөд та нараар би бахархаж байна. Спорт ямар их хүчтэй болохыг харуулах цаг нь ирлээ. Бидний ертөнц нэгдэнэ. Үүнд би итгэж байна” хэмээн олимпын нээлтэд зориулсан үгэндээ онцоллоо.
ТОМАС БАХ: ЯПОНЫ АРД ТҮМЭНД ХҮНДЭТГЭЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА
Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах мэндчилгээндээ “Өнөөдөр итгэл найдварын мөч тохиож байж. Бид энэ өдрийг арай өөрөөр төсөөлж байсан. Гэхдээ энэ мөчийг таашаан хүлээн авцгаая. Энэ бол хүн төрөлхтнийг нэгтгэх спортын их хүч, энх тайвны тухай тунхаглаж буй илгээлт. Энэ нь бид хамтдаа бүхий л замыг туулна гэсэн найдварыг бидэнд хайрлаж байна. Бид Японы ард түмэнд хүндэтгэл илэрхийлж байна. Японы ард түмэнгүй энэ Олимпын их наадмыг зохион байгуулах боломжгүй байсан. Японы эрх баригчид, ард иргэд бүхий л түвшинд асар их ажлыг нугаллаа. Бид та бүгдээр бахархаж, талархаж байна. Бүхий л бэрхшээлийг үл харгалзан биднийг алгаа дэлгэн, хүлээн авсан мянга мянган сайн дурын ажилтнуудад онцгой талархал илэрхийлье. Токио дахь Олимпын их наадмыг бодит болгосон бүх хүнд баярлалаа гэв.
Олимпын наадмын жүдо болон чөлөөт бөхийн төрөлд аваргалж байсан алдарт Тадахиро Номүра, Саори Ёшида нараас гадна Япон улсын бейсболын домог Бейсболын мэргэжлийн лигт түүхээ бүтээсэн Шигео Нагашима, Садахару О.Хидеки Мацуи нар бамбар дамжуулах ёслолд оролцлоо.
Олимпын бамбарыг цэнгэлдэхэд паралимпын тамирчин Цүшида Вакако оруулж ирсэн юм.
Олимпын бамбарыг Японы алдарт теннисч Австралийн нээлттэй тэмцээн, Америкийн нээлттэй тэмцээний хошой аварга Наоми Осака асаалаа.
Сэтгэгдэл ( 1 )