Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.27/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-т ажиллалаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрхлэх асуудлынхаа хүрээнд МХЕГ-т ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага цахим хэлбэрт шилжиж, томоохон шинэчлэлийг эхлүүлээд явж байна. Өнөөдөр энд ажиллаж байгаагийн нэг шалтгаан бол наймдугаар сарын 1-нээс хойш халдвар авч, эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн ар гэрээс эм тариа авахгүй байх явдал юм. Энэ нөхцөл байдал удаан хугацаанд явж ирсэн. Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа болохоор мэргэжлийн хяналтын байцаагч нар асар их үүрэгтэй. Энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Газар дээр хяналт тавьж ажиллана" гэв.
Түүнчлэн "Дельта гэлтгүй мутацид орсон вирусыг тогтоох лаборатори байгуулах ажлыг эхлүүлсэн. Нийт улсын хэмжээнд 29 лаборатори ажиллаж байна. Лабораторийг өөрсдөө бий болгох нь чухал байна. Тоног төхөөрөмж нь ирэх ажил удааширч байна. Гэхдээ наймдугаар сард ашиглалтад орчих байх. Дотооддоо мутацид орсон вирусыг тодорхойлдог лабораторитой болно" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )