"Рио 2016” олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавъяат тамирчин Д.Отгондалайтай ярилцаж, олимпын боксын тэмцээний талаарх сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Токиогийн зуны 32 дахь удаагийн олимп эхлээд зургаа хонож байна. Өмнөх олимп буюу Рио-2016 олимпоос хүрэл медаль хүртсэн хүний хувьд та сэтгэгдлээсээ хуваалцаач? Тэр үеийг өнөөдөр эргэн санах сайхан байна?
-Рио 2016 олимп өнгөрөөд 5 жил болсон байна. Токиогийн олимп эхлээд Монгол Улсын тамирчид маань хос хүрэл медаль авч, гараагаа сайхан эхлүүллээ. Дахиад нэмэгдэх байх гэж найдаж байгаа. “Рио-2016” олимп их онцлогтой олимп болсон. Учир нь 12 цагийн зөрүүтэй, цаг уурын нөхцөл байдал их өөр гэх мэт онцлог байсан. Энэ удаагийн олимп 1 цагийн зөрүүтэй. Тэгэхээр манай тамирчдад илүү боломж байгаа гэж үзэж байна. Цар тахлын үед тамирчид маань бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй 2 жилийг өнгөрөөсөн гэхэд чамгүй сайн байна. Мөн 43 тамирчин олимпын эрхээ авсанд баяртай байгаа. Олимпын эрх авсан тамирчдаа битгий муу хэлээрэй, ийм хүнд цаг үед эрх аваад, олимпод очиж байгаа нь бахархууштай юм шүү. Медаль хүртсэн тамирчдадаа баяр хүргэе. Илүү олон тамирчид медаль хүртэх болтугай хэмээн сайхан ерөөл дэвшүүлъя.
-Риогийн олимпын тоглолтуудаас эргэн сануулвал?
-Риогийн олимпод жүдогийн Д.Сумъяа бид хоёр медаль хүртсэн. Тэр үеийн тоглолтоор би хэсгээ толгойлж байсан учраас гурван тоглолт хийсэн. Эхний тоглолтод Нидерландын тамирчныг хожиж, Алжир, Орос хоёрын аль хожсонтой нь хүрэл медалын төлөө тоглохоор болсон. Ингээд Алжирын тамирчин Оросын тамирчныг хожиж, би Алжирыг 3:0 харьцаатай ялж, хүрэл медаль авсан байгаа.
-Тэр үеийн тоглолтын сул болон давуу тал юу байв? Дэлхийн хэмжээний олимп болж байна. Бидэнд туршлагаа хуваалцаач?
-Олимпод муу тамирчин гэж байхгүй. Б.Чинзоригийн хувьд энэ удаа маш харамсалтай хожигдлоо. Шалтгаан их байгаа байх. Цар тахлын нөхцөл байдал тамирчдад хүндээр туссан. 14 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад явсан. Тэгсэн ч гэсэн Монголын ард түмэндээ шалтаг тоочоогүй. Э.Цэндбаатарын хувьд 57 кг жинд тоглоогүй хоёр жил болсон. Ихэнхдээ 60 кг-д тоглодог байсан. Эхний тоглолтдоо Кенийн тамирчинтай тоглосон. Хүмүүс муу тоглосон гэж ярих ч хамаг хүчээ дайчлан тоглосон. Дараагийн 2, 3 дахь тоглолтдоо илүүрхэж, хожих бүрэн боломжтой.
-Та өнөөдөр Токиог зорих юм байна?
-МҮОХ-ны гишүүний хувиар Токиог зорих гэж байна. Мэдээж тамирчддаа дэмжинэ. Боксынхонтойгоо ойр байна. Э.Цэндбаатарыгаа медальд хүрээсэй гэсэн битүүхэн хүсэлтэй явж байгаа. Ямарваа нэгэн тэмцээн, уралдаанд явахад дэмжиж, тусалдаг хүн хамт байхад их сайхан байдаг шүү дээ. Очиж тэдэндээ урам өгөхийг хүсэж байна.
-Таныг мэргэжлийн бокст хүч сорино гэсэн мэдээлэл жил гаруйн өмнө гарч байсан. Энэ зорилго хэвээрээ юу?
-2019 онд АНУ-ыг зорьж, бэлтгэл хийж байсан. Миний тоглолтын тов 2020 оны гуравдугаар сард байсан. Гэвч цар тахал гараад тоглолт цуцлагдсан тул Монголдоо хоёрдугаар сарын 29-нд ирсэн. Эргэж ирээд буцна гэж бодоогүй. Одоо бол олимпын зүтгэлтэн болж, спортынхоо төлөө хувь нэмрээ оруулах зорилго тээж яваа.
Ярилцсан Э.ЭНЭРЭЛ
Сэтгэгдэл ( 4 )
цэндбаатар медаль авахад шүүгчид оросын тамирчныг дэмжих магадлал маш өндөр байна. .Дэлхийн Сонирхогчийн боксийн холбооны удирдах түвшинд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан БНУ-уудын нөлөөлөл олон жилийн туршид мафийн хэмжээнд хүртлээ оршсоор байгаа . Сонирхогчийн боксийг олимпоос хасах асуудал үүнээс үүдэж яригдаж байсан. Тийм болохоор илт давуугаар ялахгүй бол хэцүү дээ
Дараа нь ДАШТ ий хүрэл авсаг шүү .Сэтгэгдэл бичээд байгаа нөхөд.
олимпийн ганц медаль аваад л сэтгэл нь ханачих юмаа манай тамирчид
Риогын олимпоо хүрэл аваад л алга болчих юм.