Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Цар тахлаас шалтгаалж эдийн засаг зарим үед өсөлттэй, зарим үед бууралттай байна. Бодлого тодорхойлогч яамны зүгээс эдийн засгийн өсөлтийг хэрхэн тооцож, ямар бодлого явуулж байна вэ?
-Дэлхийн улс орнуудад цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл амаргүй байна. Тодорхойгүй, тооцоолох боломжгүй байдал нь эдийн засаг, нийгмийн амьдралд шинэ сорилтуудыг бий болгож байгаа. Нөгөө талдаа шинэ амьдралын хэв маяг, хэвшилд шилжих, эдийн засгийн загварчлалуудыг шинэчлэх гээд боломжууд бий болгож байна. Сангийн яамнаас юун түрүүнд цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтөд аль болох хурдан хүрэх зорилттой ажиллаж байна. Дараагийн ээлжид цар тахал хумигдсаны дараах эдийн засгийн өсөлтийг сайжруулах, зөв бодлогоор чиглүүлэхэд анхаарч байна. Өнгөрсөн жил Монгол Улсын эдийн засаг агшилттай байсан. Энэ он гарсаар эхний улиралд эдийн засаг 15.7 хувийн өсөлттэй гарсан. Энэ өсөлт нь гадаад зах зээл уул уурхайгаас хамаарсан. Дотоодын эдийн засгийн өсөлтийн хувьд тийм ч хурдацтай биш саармаг байна. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд макро эдийн засгийн бодлого, сангийн болон мөнгөний бодлогыг зөв уялдуулах нь чухал. Улс орнуудын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт мэдрэгдэж эхэлсэн ч харилцан адилгүй байна. Тухайн орнуудын авч хэрэгжүүлж байгаа вакцинжуулалтын бодлого болон цар тахалтай хэрхэн тэмцэж байгаа, хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөв мөнгөний бодлогоос улс орны эдийн засгийн сэргэлт хамаарч байгаа.
-2021 оны төсөвт тодотгол хийсэн. Төсвийн тодотгол, зарцуулалтын үр дүнгээс хуваалцана уу?
-Энэ оны төсвийн тодотгол зөвхөн КОВИД-19 руу чиглэсэн гэдгээрээ онцлогтой. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, цар тахлын эсрэг зардлыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад төсвийн тодотгол чиглэсэн. Урсгал зардал, тэвчиж болох зардлуудыг хэмнэх тал дээр төсвийн тодотгол үр дүнгээ өгч байна. Төсвийн гүйцэтгэл орлого талдаа харьцангуй гайгүй. Он дуустал энэ байдлаа хадгалж, орлогын эх үүсвэрүүдээ дайчлах, экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Бусад улс орны хувьд ч үр ашиггүй зардлыг танах, тэвчиж болох зардлуудаа хэмнэж байгаа нь цөөнгүй. Эдгээр зардлаас хэмнэлт яаж гарч байна вэ?
-КОВИД-19 гарч эхэлсэн үеэс Засгийн газраас хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэвчиж болох буюу томилолт, уулзалт, бичиг хэргийн зардал зэрэгт тодорхой хэмнэлт гаргасан. Зардлаа цахим хэлбэрт шилжүүлж ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан Засгийн газрын 43 дугаар тогтоолоор тэвчиж болох зардлын жагсаалт гаргасан. Ингэснээр 15-20 хувийн хэмнэлт гаргаж байна гэсэн тооцоо бий. Үүнд, төрийн албаны орон тоог нэмэхгүйгээр тавилга хэрэгсэл, автомашин худалдаж авах зардлуудыг хассан байгаа.
-Монгол Улсын гадаад өрийн бодлого зөв зарчмаар явж байна уу. Бондыг бондоор дарах нь оновчтой зохицуулалт мөн үү?
-Улс орнууд өөрсдийн эдийн засгаа дэмжихийн тулд гадаадын зээл, тусламж, бонд, хөрөнгө оруулалт татдаг. Тэдгээрийг хэр хэмжээтэй авах, үр ашигтай зарцуулахаас олон зүйл шалтгаална. Бидний хувьд аль салбартаа хөрөнгө оруулалт хийснээр чанартай зарцуулалт болох вэ зэрэгт түлхүү анхаардаг. Бусад улс орныхтой ижил зарчмаар манай улсын гадаад өрийн бодлого явж байна. 2012-2016 онд тавигдсан өндөр хүүтэй бондуудыг төсвөөс нэг дор эргэн төлөх бололцоо байхгүй. Тиймээс дахин санхүүжилт хийх замаар хүүг нь эрс буулгаж, жил бүр тогтмол төлөх зохицуулалт хийж байна. Хугацаа нь тулсан бондуудыг хойшлуулах ажлыг амжилттай болгосон. Бондын эргэн төлөлтийн 20-30 хувийг жил бүр төсвөөс тогтмол төлдөг. Эдийн засагт савлагаа үүсгэхгүйгээр, макро үзүүлэлтүүдийг хэвийн байлгахын тулд тогтмол төлөлтүүд хийдэг. 2019 онд 2021 он хүртэлх Өрийн стратегийн баримт бичиг гарсан. Энэ хүрээнд улсын төсөв, эдийн засагт дарамт учруулахгүйгээр гадаад өр, төлбөрийг төлж дуусгах зарчим баримталж, бодлого хэрэгжүүлж байна. Олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыг цар тахалтай, дэлхийн эдийн засаг бууралттай байгаа үед 2012 оныхоос харьцангуй бага хүүтэй бонд авч, зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд ажиллаж байгааг сайшаасан. Өрийн бодлого зөв зарчмаар явж байгааг ч олон улсын байгууллагууд дүгнэж байгаа. Энэ дүгнэлт нь “Century” төслийн хүрээнд өрийн дахин санхүүжилтийг амжилттай хийсэнтэй холбоотой. Уг төслийн хүрээнд арилжаалсан 1 тэрбум ам.долларын бонд нь манай улсын ирэх хоёр жилийн хугацаанд хүлээгдэж байсан гадаад өрийн үндсэн төлбөрийг хойшлуулж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн богино хугацааны эрсдэлийг бууруулж, хөрвөх чадварыг сайжруулж байна. Чингис болон Гэрэгэ бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авсан гэсэн үг.
-Цар тахлын үед гаднаас авсан зээл, тусламж, хандивын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгахад яаж анхаардаг вэ. Одоогоор гаднаас нийт хэдэн төгрөгийн тусламж авсан бэ?
-Зээл тусламжийн талаарх бүхий л мэдээлэл нээлттэй байгаа. Гаднаас зээл тусламж авах процесс Засгийн газраар хэлэлцэгдэж, УИХ-аар ордог. Батлагдах эсэх, зориулалтын хувьд ч нээлттэй хэлэлцэгддэг шүү дээ. Зээл тусламж хоёр янз байна. Тухайн олон улсын байгууллага өөрөө тэр чиглэлийн төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлж, хяналтаа тавьдаг. Санхүүжилт Сангийн яамаар дамжихгүйгээр, тендер зохион байгуулалтаа ч өөрсдөө хийдэг. Нэг хэсэг нь төсвийн дэмжлэг хэлбэрээр орж ирдэг. Үүнд, олон улсын байгууллагын зүгээс хяналтаа тавина. Буцалтгүй тусламж, зээл, төсөл хөтөлбөрийн тоон мэдээллийг бол төсвөөс нарийвчлан харах боломжтой.
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрт цар тахлын үед эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хадгалахад зориулсан 56 арга хэмжээ багтсан байгаа. Ажлыг байрыг дэмжих гурван хувийн зээл, репо санхүүжилтийн зээл, ипотекийн зээл, хөдөө аж ахуйн зээл гэсэн хөнгөлөлттэй зээлүүд олгож байна. Долоодугаар сарын 30-ны байдлаар нийт гүйцэтгэлээр 3.3 их наядын зээл гарсан. Үүнээс ажлын байрыг дэмжих зээлд 1.7 их наяд, репо санхүүжилт 622 тэрбум, ипотекийн зээлд 554 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйн зээлд 315 тэрбум төгрөг олгосон.
-10 их наядын хөтөлбөр эдийн засагт, иргэн, аж ахуйн нэгжийн орлогод яг ингэж нөлөөлсөн гэсэн судалгаа гарсан болов уу?
-Хөнгөлөлттэй зээлийн гол зорилго нь ажлын байрыг хадгалж үлдэх учраас нийт 215 мянга гаруй ажлын байрыг зээл, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд хадгалжээ. Зээл авсан аж ахуйн нэгжүүд, иргэд ажлын байраа хадгалж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаагаас энэ тоог гаргасан. 10 их наядын үр дүн макро эдийн засгийн үзүүлэлтэд илүү нөлөөлнө гэж харж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сараас зээл өгч эхэлсэн учраас хоёрдугаар улирлын эдийн засгийн үзүүлэлт дээр хөтөлбөрийн нөлөө тод ажиглагдана. Хоёрдугаар улирлын ДНБ-ийг наймдугаар сарын 15-нд зарлахад үзүүлэлт харагдана. Одоогийн байдлаар 10 их наядын хэрэгжилтийг хэд хэдэн үзүүлэлтээс үр дүнтэй явж байна гэж дүгнэхээр байгаа. Аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар өсөлттэй байгаа. И-баримтын бүртгэл 2019, 2020 оныхоос ч өсөлттэй байгаа нь тодорхой хэмжээний эдийн засгийн идэвхийг харуулж байна. Гуравдугаарт, Монголбанкнаас гаргадаг зээлийн хэмжээнээс харахад 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол зээл олголт, зээлийн гаралт буурах байсан гэсэн судалгаа байна. 2020 онд эдийн засаг агшилттай байхад аж ахуйн нэгжүүдийн зээл авалт багасч, үйл ажиллагаа хумигдаж байсан. Банкууд зээл гаргах боломжгүй. Эдийн засагт мөнгөний урсгал оруулахгүй байсан. Монголбанкны статистик тооноос харахад 10 их наядын хөтөлбөрийн үр дүнгээр эдийн засагт мөнгөний эргэлт сайжирсан гэж дүгнэхээр байна. Долоодугаар сарын 30-ны байдлаар эдийн засагт 3.3 их наядыг хурдасгаж өгсөн байна. 3.3 их наяд төгрөг нь банкны эх үүсвэр. Засгийн газар, Сангийн яамны зүгээс хүүгийн хөнгөлөлт өгч байгаа. Хүүгийн хөнгөлөлтөд 2021 ондоо 80 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт өгөхөөр байгаа. Харин 10 их наядын хүрээндээ гурван жилийн хугацаанд нийт 200 орчим тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлтийг гаргаж, эдийн засгийн мөнгөний урсгалыг сайжруулахад хөшүүрэг болно. Тиймээс 10 их наядын хөтөлбөр бол төсөв, мөнгөний хамгийн үр дүнтэй хосолсон хэлбэр гэж харж байна.
-10 их наядын хөтөлбөрөөс гадна цар тахлын үеийн дэмжлэгүүд үргэлжилж байгаа шүү дээ?
-2020 онд цар тахлын үеийн дэмжлэгт өрхийн цахилгааны төлбөрийг чөлөөлөх, аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлт, нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд, 2020 онд 2.7 их наяд төгрөгийг зарцуулсан. 2021 онд ч олонх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Монгол Улсын нийт төсөвт 2-3 их наяд төгрөгийг эдийн засгаа дэмжихийн тулд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа.
-Цар тахлын үеийн дэмжлэг эрүүл мэндийн салбарт түлхүү хамаарч байгаа. Эрүүл мэндийн салбарт дангаар хэдэн төгрөгийн дэмжлэг өгч байна вэ. Эмч, ажилчдын цалин, КОВИД-19 шинжилгээ, эмчилгээнд зарцуулах мөнгө эдийн засагт бас нэг сорилт болж байх шиг?
-Эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол өгч зардлыг тогтмол нэмэгдүүлж байгаа. 2020 оноос эрүүл мэндийн салбарт шинэчлэлүүд хийж байгаагийн нэг нь эмч нар хийснээрээ хөдөлмөрөө үнэлүүлж, цалингаа нэмэгдүүлэх боломжийг бий болгож өгсөн. Ингэснээр өдөрт 20 хүн үздэг эмч, хоёр хүн үздэг эмчийн цалин ялгаатай бодогдоно. Ур чадвар, ажлын ачааллаас шалтгаалж цалин шударга тогтох ёстой. Эм, тарианы хөнгөлөлтүүд, тухайн өвчтөнг эмчилж гаргах өртгийг зөв тооцож, өртөг дотроо эмчийн ажилласан хөлс, урамшууллыг шингээж явж байгаа. Энэ нь зарчмын хувьд зөв. Эмнэлгүүд хагас бие даасан байдалтай. Эмчилгээний гүйцэтгэлээр Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авч байгаад хэрэгжилт дээрээ л анхаарах хэрэгтэй.
-Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал, шатахууны үнэ эрс нэмэгдэж байна. Инфляцыг барих нь Монголбанкны чиг үүрэгт хамаарах боловч Сангийн яамны зүгээс энэ цаг үеийн асуудалд ямар байр суурьтай байгаа бол?
-Монголбанк 2021 онд инфляцыг зургаан хувьд барих зорилттой ажиллаж байгаа. Зургаан хувиасаа дээш, доош хоёр хувийн коридорт барих ёстой. Үндэсний статистикийн хорооноос инфляцыг 6.6 хувьтай байгаа гэж мэдээлсэн. Инфляцад хүнсний бүлгийн бүтээгдэхүүний үнийн өсөлт тодорхой хэмжээнд нөлөөлсөн байсан. Цаашдаа инфляцыг зорилтот түвшинд бариад явах байх. Гэхдээ бараа бүтээгдэхүүний үнэд шатахууны үнэ урт хугацаанд нөлөөлөх үү, хил гаалийн ачаа тээврийн асуудлыг яаравчлан шийдвэрлэх зэрэг нөлөөллийг аль болох хурдан буулгаж, зохицуулалт хийж байж инфляцаа барина гэж харж байна.
-Цар тахлын дараах эдийн засагт Сангийн яам бэлтгэлтэй байна уу?
-Эдийн засгийн өсөлтийг эртнээс дэмжих нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сайжруулна гэж үзэж байгаа. Тиймээс цар тахлын дараах эдийн засагт бэлдэж Засгийн газраас “Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл” арга хэмжээг зарласан. Хувийн хэвшилтэй хамтарч эдийн засагт нөлөөлөх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид зөвхөн цар тахалтай тэмцэхээс гадна эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүд, стратегийн ач холбогдолтой төслүүдээ орхигдуулж болохгүй. Жишээлбэл, нефтийн үйлдвэр, улс орны дэд бүтцийг сайжруулах ажлуудыг идэвхтэй явуулах хэрэгтэй. Уул уурхайн циклийн таатай үед экспортыг нэмэгдүүлж, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, циклийн таатай үед хэрхэн тоглолт хийх, Эрдэс баялгийн сан байгуулах ажлуудаа хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх байгаа. “Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл” арга хэмжээг дотроо гурван хэсэгт хувааж, эхний хэсгүүдэд эдийн засгийн өсөлтийг дэмжихэд 50 арга хэмжээ, 25 арга хэмжээ нь нийгмийн чиглэлийн, 25 хэсэг нь бодлогын реформын арга хэмжээнүүд байгаа шүү дээ. Эдгээр арга хэмжээг 10 их наяд хөтөлбөрийн залгамж болгож, цар тахлын дараах эдийн засгийн дэмжлэг болгож хэрэгжүүлж байна. Түүнчлэн Экспортыг дэмжих тухай хуулийн төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай гээд эдийн засагт нөлөө үзүүлж чадахуйц хуулийн төслүүд дээр бид ажиллаж байна.
-Сүүлд тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болсон зэргээр Сангийн яам цахим шилжилтийг хийж байна. Цахим шилжилтийн үйл явцаас сонирхуулбал?
-Төрийн ажил ил тод, нээлттэй, хялбар болоход цахимжилт яалт ч үгүй чухал. Саяхан Сангийн яам болон яамны харьяа байгууллагаас олгодог зөвшөөрлүүдийг цахим болгосон. Улсын төсвийн хөрөнгө оруулалт цахимжаад хоёр жил болж байна. Зээл тусламж хөтөлбөрүүд цахим болсон. Цалингийн цахим системийг ашиглалтад оруулаад удаж байна. Төрийн албан хаагчийн цалинг Төрийн албаны зөвлөлтэй хамтраад цахимаар шууд цалингийн данс руу нь оруулах системтэй болсон. Өмнө нь байгууллагаар дамжиж хийгдэхэд алдаа дутагдал гардаг байсан. Одоо бол төрийн албан хаагчид Төрийн албаны зөвлөлд бүртгэлтэй байдаг учраас цалин, урамшуулал автоматаар тооцогдоод алдаагүй явж байгаа. Цахимжилт олон асуудлыг шийдэх үндсэн суурь гэдгийг хэрэгжилтээс бэлхэн харж байна. Жишээлбэл, иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийг ажлын гурав хоногт нийт иргэдийн 98 хувийн дансанд шууд оруулсан нь цахим шилжилтийн үр дүн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Яг харагдаач балай данжаад авгай минь.