МАН улсаа хөгжилд хөтлөх бус “хэрүүлчид”-тэй хөөцөлддөг нам боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Иргэдийн амьжиргааг өөд нь татаагүй эрх баригчид хүний эрхийг ч дордуулав

Монголд хамгийн удаан засагласан улс төрийн ууган хүчин МАН өнөөдөр төрийн бүхий л түвшинд заларч байгаа нь үнэн. Тэд өнгөрсөн зургадугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар бүрэн бяр суусан. Нэгэн зууныг элээж, улс төрийн намын хувьд эрийн цээнд хүрсэн гэдгээ сүр дуулиантай зарласан. Сонгогчдод шударга ёс, тэгш орлого амлан сүүлийн таван жил засгийн эрхэнд заларсан ч өнгөрсөн хугацаанд улс орны хөгжил дэвшил талаасаа юу өөрчлөгдөв гэдэг өөрөө сонин.

Эдийн засгийн салбарт гарсан өөрчлөлтөөс дурдахад, дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний ханш өндөр байснаар Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой гэсэн гурван ордоосоо зөөж зарах нь нэмэгдсэн. Харин тэр мөнгө хаачсан нь өөрөө нууц. Үүнд, эдийн засаг тэлсэн, өссөн гэх тайлбар зүүх нь олонтаа. Ар араасаа дараалсан сонгуулийн бэлэн мөнгө тараалтуудыг баялгийн тэгш хуваарилалт гэж бүр ч үзэхгүй. Нөгөө нэг гол амлалт болох шударга ёсны тогтолцоо гэх харьцангуй зорилт биднээс хаа хол байна. Шүүхээр авлига, албан тушаалын хэрэг, мөнгө шамшигдуулсан явдал үндсэндээ хэд шийдэгдсэн гэвэл ой тоонд орох нь цөөн. Харин МАН-аас төрийн дээд болон дунд шатны албанд очсон улстөрчид, тэдний гэр бүлийн орлого цар тахалд торолгүй өссөн болохыг АТГ-аас гаргадаг ХОМ-ын тайлангаас харж болохоор байна.

Хэвлэлийн мэдээнээс зөвхөн нэг улстөрчийн орлого 4.8 тэрбумаар өссөн, өөр нэгийнх нь 120 дахин өссөн зэргийг хараад биширч болох юм. МАН-ын “мал сүрэг” КОВИД-19 цар тахлын үед ингэж өсжээ. Тэгвэл иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн орлого үлэмж дордсон. Эсрэг талд нь Монгол Улс цар тахлын тархалтыг өнцөг булан бүрдээ алдаж, өнгөрсөн хугацаанд 800 гаруй иргэн өвчний улмаас хорвоог орхилоо. Улмаар Монгол Улс хил гаалиа хаалгаж, барааны хомсдол үүссэнээр иргэд санхүүгийн дарамтад хөл алдах боллоо. Наад зах нь шатахууны үнэ 600 төгрөгөөр өсөхөд, эрх баригчид 100 төгрөгөөр буулгана хэмээн дамшиглах жишээтэй.

Иймэрхүү ажлын үр дүнтэй байгаа эрх баригчид маань нэр хүндээ бол хууль хүчнээр хангалттай хамгаалуулж байгаа. Иргэдийн амьжиргааг өөд нь татаагүй мөртлөө хүний эрхийг ч дордуулсан гэж үзэж болно. Гудамжны гэх тодотголтой улстөрчид төдийгүй төрийн бус байгууллагын тэмцэгчид хүртэл үг сөрсөн болгоныг хуулийн заалт нэрлэн барьж, хорьж амыг нь барих гэж оролддог болсон. МАН-ын олонхтой парламент сүүлийн хоёр жилд цар тахлаар далимдуулан урт нэртэй хууль батлан, жагсаал цуглаан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх монгол хүний заяагдмал эрхийг хязгаарлах болсныг жижиг байж болох ч том зөрчлүүд илтгэнэ. Үндсэндээ МАН улсаа хөгжилд хөтлөх бус олон нийтийн сүлжээнд “хэрүүлч” гэдгээрээ танигдсан нөхдүүдтэй хөөцөлддөг нам боллоо. Тухайлбал, АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү бөгөөд Зон олны намын дарга Э.Одбаярын баривчилгаанууд. Эрх баригч нам түүнтэй бараг бүтэн хоёр жил хөөцөлдсөн. Түүнийг анх намын байр руугаа будаг цацсан гэж цагдаагаар баривчлуулсан бол одоо олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж, шүүмж хэлэх бүрд нь торны цаана суулгадаг уламжлал тогтжээ. Уг нь Э.Одбаяр бол хуулийн өмнө тэгш зогсох эрхтэй Монгол Улсын иргэн.

Тэгвэл саяхнаас Г.Ган-Очир гэх залууг удаа цагдаагаар баривчлуулсан гэдгийг түүний ойр тойрныхон мэдээлж байна. Иргэн Г.Ган-Очирын хувьд МАН-тай холбоотой харьцангуй ноцтой мэдэгдлүүдийг удаа дараа хийж байгаа. Анх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хар машиныг хакердсан талаар мэдээлэл хийсэн Г.Ган-Очирыг өчигдөр ээлжит удаагаа цагдаагаас баривчлав. Тэрбээр аавынхаа гэнэтийн үхлийн шалтгаан болон сонгуулийн хуйвалдааны талаар хэвлэлд хандсан бөгөөд НӨАТ-ын сугалаагаар их хэмжээний мөнгийг эрх мэдэлтэй хүмүүс луйвардсан талаар баримт дэлгэхээ мэдэгдээд байсан гэнэ. Эрүүл байсан түүнийг цагдаа нар эрүүлжүүлнэ хэмээн саатуулсан гэдийг хамт байсан хүмүүс нь хэлж байгаа харагдсан. Харин МАН-ын зүгээс тэднийг худал мэдээлэл тарааж, хүн гүтгэж байгаа хэмээн цоллож ирлээ.

Хэрвээ тэдний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн явдал худалд дөрөөлсөн бол энэ их эрх мэдлийн эсрэг сөрж чадах нь бас эргэлзээтэй. Мөн гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг. Гэтэл жингийн цуваа явжил байдгийн жишгээр МАН улс орныхоо хөгжлийн төлөө урагшаа харахын оронд юуны учир тэдэнтэй хөөцөлдөх болов.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shine ue(66.181.161.51) 2021 оны 08 сарын 06

bitgii hutsaa setguulch ner zuusen erguu

0  |  0
Зочин(66.181.190.34) 2021 оны 08 сарын 06

энэ танай сайтад их таалагдсан уу

0  |  0
Зочин(66.181.190.34) 2021 оны 08 сарын 06

Ган-Очир, Одбаяр нарыг шалгадаг газар нь шалгаад булайг нь нотлосон. Ингэж залуучуудыг нэргүй алах ямар хэрэгтэй юм бол энэ сэтгүүлч, АН Эрдэнэ нар. Ардчиллын дүр эсгэсэн луйварчдын улстөрийн хорлон сүйтгэгч нар болчихлоо шүү дээ, хайран залуучууд. Гэгээлэг үй түмэн үйлс байна цаана чинь

0  |  0
Top